Хар тамхины хэргийг Төрийн нууцад хамааруулжээ

2016/04/08
Share |
Хүмүүс:
Хар тамхины хэргийг Төрийн нууцад хамааруулжээ

Эл хэрэгт холбогдсон баячуудын хүүхдүүд цагдаа нарыг хахуулдаж хэргээ бусдад үүрүүлдэг үү?

Хар тамхинд донтсон хүнд үхэл, шорон хоёроос өөр сонголт үлддэггүй гэсэн хатуу үг байдаг. Энэ төрлийн хэрэглээ замбараагүй болсон энэ цагт дээрх үгийг олон нийтэд сонордуулах нь зөв байх.

Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн мансуурагчдийг олноор нь илрүүлж, хэргийг эцэслэн шийдүүлдэг болсон. Хэдийгээр тэднийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авдаг ч зарим тохиолдолд шударга шийдэхгүй байна гэсэн гомдол дуулдах болсон. Өнөөдөр хар тамхины хэргээр шүүхээс олон жилийн ял авч буй залуусын дийлэх нь хөрөнгө мөнгөгүй, амьдралын боломж тааруу айлын хүүхдүүд.
Эсрэгээр, уг хэрэгт холбогдож хууль хяналтынхны хараанд өртөж байсан хөрөнгө мөнгөтэй айлын хүүүхдүүд хэргийн гадна үлдэж бусдыгаа өгөөш болгон цагдаагийнханд барьж өгдөг болсон мэдээлэл ч бидэнд ирсэн юм.

Цагдаагийнхан хуулийн цоорхой ашиглаж бусдыг гэмт хэрэгтэн болгодог уу

Ингэж хардах үндэслэл байна. Илүү тайлбар хийлгүй манай сонинд хаяглагдаж ирсэн учир битүүлэг зурвасыг уншигч танд хүргье.

“…Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс Монгол Улсад олон болж. Үүнийг дагаад цагдаа нар бизнес хийх болж. Угтаа бол хар тамхины хэрэгт холбогдсон баян боломжтой айлын хүүхдүүд­ийн хэрэг хэрэгсэхгүй болж гадуур чөлөөтэй явсаар байхад яг адилхан хэрэгт холбогдсон хүмүүс нь хүний амь хөнөөсөн дайны ялыг шүүхээс тулгуулан авдаг болжээ. Тухайлбал, орос, хятад улсаас монголд хар тамхи оруулж ирж зардаг гэх дээрх улсын иргэд олон байдаг гэсэн. Гэтэл цагдаа нар эдгээр хүмүүс дээр анхаарлаа хандуулахгүй хэрнээ боломжтой айлын хар тамхи хэрэглэдэг залуусыг ангуучлан тэд нараас мөнгө салган авч ялаас чөлөөлж байна. Харин мөнгө өгөх боломжгүй аавын хүүхдүүдэд 10 жилээс дээш ял авч байна. Хуулийн цоорхой ашиглан зардаггүй хүмүүсийг зардаг болгож, анхны хэрэгтэй хүмүүсийг давтан болгож ял тулгадаг боллоо. Энэ бүхнийг хууль хяналтын байгууллагын тодорхой эрх мэдэл бүхий хүмүүс анхааралдаа авахгүй бол цаашдаа олон аавын хүүхдүүд хийгээгүй хэргийнхээ төлөө олон жилийн ял авч хохирч үлдэх аюулд ороод байна. Өөрөөр хэлбэл, Хар тамхитай тэмцэх хэлтэс барих хүмүүсээ барихгүй хар тамхи хэрэглэдэг баян айлын хүүхдүүдийн мөнгийг салгах зохион байгууллалтай бүлэг болон хувирч байна” хэмээн энэхүү зурваст дурдсан байв.

Бие, биенээ танихгүй дөрвөн залуу хам хэрэгтэн болжээ

Өнгөрсөн сарын 16-ны өдөр Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон хар тамхины хэрэгтэй холбоотой нэгэн хурлын шийдвэрийн талаар товч өгүүлье. Манай сурвалжлах баг дээрх хуралд орох хүсэлтэй байгаагаа тус шүүхийн хэвлэл мэдээллийн ажилтанд дуулгахад тэрбээр “Шүүх хурал хаалттай болох учраас сэтгүүлчид оролцох боломжгүй” гэх хариуг өгсөн юм. Ингээд бид өглөөний 10 цагаас эхэлсэн шүүх хурлыг шөнийн 23:00 цаг болтол хүлээсний эцэст нэгэн хачирхалтай шийдвэрийг олж сонссон юм. Тодруулбал, эл хэрэгт холбогдсон зургаан залуугийн дөрөв нь ямар ял авсан талаарх мэдээллийг л олж авсан хэрэг.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шүүгдсэн тэдний хэргийг шүүх “төрийн нууцад хамааралтай” гэмт хэрэг хэмээн онцлон үзсэн тул мэдээллийг ингэж нууцалсан байна. Өмгөөлөгч нар нь хавтаст хэрэгтэй нь танилцаж чадаагүй. Яаж яваад ч юм эл хэрэг төрийн нууцад хамаарчихсан учраас тэднийг хавтаст хэрэгтэй нь танилцуулаагүй байна. Шүүх хурлаас дөрвөн залуу ижил ял сонссон сурагтай. Тэднийг онцгой дэглэмтэй хорих ангид хоёр жил, чанга дэглэмтэй хорих ангид есөн жил, нийт 11 жил хорихоор болжээ. Гайхалтай нь зэрэг ял сонссон эдгээр залуус бие, биенээ огт танихгүй, хэдийд ямар сэжмээр яаж яваад хам хэрэгтэн болсноо ч өөрсдөө мэдэхгүй байсан байна.
Шүүгдэгч залуучуудын өмгөө­­­­­лөгч нар шүүх хурал дээр залуучууд өмнө нь бие биенээ таньдаг байсан эсэх, яаж яваад энэ хэрэгт холбогдох болсон талаар товч, тодорхой зүйл ярих хүсэлтээ тавьсан боловч хэргийг “төрийн нууцад хамаааралтай” гэж үзсэн учраас ийм боломж олгоогүй аж. Харин бидний олж сонссоноор хэн нэгэн этгээд дээрх залуусыг хар тамхи хэрэглэдэг гэдгийг илчилсэн. Тиймээс цагдаагийнхан гүйцэтгэх ажиллагааны шугамаар илрүүлсэн энэ хэргээ Төрийн нууцад хамааруулаад шүүх рүү явуулчихсан бололтой юм. Хар тамхины хэргээр шүүгдсэн хэрнээ шүүх хурал нь төрийн нууцад хамаатай гэдэг шалтгаанаар хаалттай болж байгаа хэргүүд цаашид нэмэгдэж магадгүй. Тэгвэл энэ нь өөрийнхөө хийсэн гэмт хэргээс хөнгөхөн салах гэсэн хэн нэгний найз нөхдөө зааж өгөөд хэргээс мултарч байгаа үйлдлээс улбаатай байж болох үндэслэлүүд монголын хөрсөнд суурьшсан байна.

Адилхан зүйл ангитай хэрнээ хоёр өөр шийдвэрийг шүүх гаргажээ

Тэдэнтэй адил хар тамхины хэрэгт холбогдсон өөр гурван хүний шүүх хурал энэ сарын 1-ний өдөр мөн л Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүгдэгч Хулан 21 настай, Эрдэнэхүү 19 настай. Шүүх каннабисын төрлийн ургамлыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэх Эрдэнэхүүд 1.9 жилийн хорих ял ногдуулсан бол Хуланг каннабисын төрлийн ургамал борлуулах зорилгогүйгээр авч, насанд хүрээгүй буюу 15 настай Л гэгчид мансууруулах бодис хууль бусаар олж авахад дэмжлэг үзүүлсэн хэмээн буруутгаж, 1.6 жилийн хорих ял ногдуулсан юм. Харин энэ хэрэгт холбогдсон насанд хүрээгүй гэх тодотголтой 15 настай Л-ийг хуулийн өмнө хариуцлага хүлээх чадваргүй гэж үзээд ял шийтгэл ногдуулаагүй юм.
Шүүх нэг зүйл ангиар шалгагдсан ижил хэргийг шийдвэрлэхдээ яагаад нэгэнд нь ингэтэл хатуурхаж, нөгөөг нь харж үзэх болов оо. Шүүхээс гарсан нэг ижил хэрэгт ногдуулсан хоёр өөр ял олон хүний анхаарлыг татсан учраас ийн хэлсэн хэрэг. Хар тамхины хэргээр 2012-2015 онд анх урлаг соёлын одод болон баячуудын хүүхдүүд олноороо саатуулагдах болсон. Сүүлийн үед тэдний арга улам нарийсч хэрэгт холбогдогчид цагдаагийнханд гэм зэмгүй найз нөхдөө зааж өгч өөрсдийгөө хэргээс мулталдаг болсон. Хар тамхичид ялаас мултрах гэхдээ хэн нэгэн танил эсхүл найз нөхдийнхөө хүрээний хүнийг хуулийнханд зааж өгч, тэднийг золиослоод өөрсдөө ял­­­аасаа мултар­­­чихдаг. Эсвэл ийм хүмүүст мөнгө өгөөд хэргээ хаалгачихдаг гэсэн мэдээлэл бидэнд ирээд байгаа юм. Энэ бол анхаарал татах сэдэв мөн. Зарим үйл явдлыг эргэн сануулах үүднээс хар тамхины гэмт хэрэгт холбогдсон олны танил хүмүүсийн хэргээс товч дурьдая.
2014 оны дөрөвдүгээр сарын 11: Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогт нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг энэ өдөр тухайн үеийн Дүүргийн эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүх хэлэлцсэн юм. С.Цогт нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд буруутгасан юм. Ингэхдээ улсын яллагч С.Цогтод 12 жилийн хорих ял төлөвлөсөн ч шүүхээс хоёр жилийн хорих ял болгон бууруулж байв. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Өршөөлийн хуульд хамрагдан хорих ялаас чөлөөлөгдсөн.
2015 оны зургаадугаар сарын 4: “Хархорин” захын босс, “Чингэс трейд” ХХК-ны ерөнхий захирал асан Ч.Лхагвадоржийн хүү Л.Цэгцбаатар хар тамхины хэргээр цагдан хоригдож байсан ч тэрбээр сайн эцгийнхээ нэрээр удалгүй наранд гарсан. Уг нь түүнийг хамт явсан нөхдийнх нь хамт Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангиар хэрэг үүсгэн саатуулж байсан юм.
2015 оны аравдугаар сарын 10: ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх алба Тусгай ажиллагааны газартай хамтран Монгол Улсад хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг зохион байгуулалттайгаар бүлэглэн худалдан борлуулдаг есөн этгээдийг баривчилсан. Баривчилагдсан залуучуудын нэг нь ЭМСЯ-ны дэд сайд асан Т.Болдбаатарын охин. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192,2 192,3,4 192,3,5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч хэргийг одоо хүртэл эцэслэн шийдээгүй байгаа. Олны танил хийгээд эрх мэдэлтэй хүмүүсийн хар тамхитай холбогдсон хүүхдүүдийн нэрс тэднээр дуусахгүй.
Ямартай ч хууль хяналтынхны буу нохой болсон хар тамхичид буюу баян айлын хүүхдүүд өнгө, мөнгөгүй ядарсан айлын хүүхдүүдийг гэмт хэргийн золиос болгож, хууль хяналтынхан халаасаа түнтийлгэж байна гэсэн хардлага үнэний ортой ч байж мэдэх юм. Өнөөдөр хар тамхины хэрэгт жинхэнэ эзэд нь шийтгүүлдэг үү гэдэг асуудал анхаарал татаж эхэллээ.

Эх сурвалж:

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.