”Монголчууд лидер хүнийг биш, үзэл санаа хайгаад байгаа юм”

2016/06/06
Share |
Хүмүүс:
”Монголчууд лидер хүнийг биш, үзэл санаа хайгаад байгаа юм”

MDG группийг үүсгэн байгуулагч, судлаач Бадарчийн Одсүрэнтэй ярилцлаа.

 

-Манай улс хаахна явна вэ?

 

-Хаана гэдгийг баримжаалж болно. Хаашаа явж байгааг нь ч хэлж болно.

 

-Хаашаа явж байна гэж?

 

-Арагшаа. Бид олон ололтоосоо өөрснөө ухарсан, одоо ч ухраад байгаа үндэстэн.

 

-Жаахан дэлгэрүүлэхгүй юу? 

 

-Цагийн жамаар төрт улс байгуулсан нь монголчуудын анхны ололт байх. Заягаараа бид одоо ч Монголын гэсэн төртэйгээ явж байна. Өнгөрсөн үеүүдэд вассал болох, гадныхнаар удирдуулж үзлээ. Энэ үзэгдэл бол түүхийн жирийн процесс. Цагтаа монголчууд хэчнээн ч улсын төрийг мэдэж байв даа. Гэхдээ цаг нь ирэхэд тэр үндэстэн хэвээрээ байх нь л гол асуудал юм.

 

Хүн төрөлхтний дунд төрт ёс үүссэний сүүлийн зуун хэдэн жил л өмнөх хэдэн мянганыг элээхдээ үүссэн, унасан бүх процессийг хэд дахин нугалахаар үйл явдлууд өрнөсөн. Буу зэвсэг, тэр байтугай үзэг харандаа хүртэл хэргээ алдсан юм шиг харагдаж байна. Улам өршөөлгүй, эргэж гарах аргагүй нөхцөл бүрэлдлээ. Нэг унтарсан үндэстэн эргэж бадрах боломжгүй шахам уруудна. Тэсч үлдэх тухай асуудал үүсч байна л даа. Харин энэ их хүнд санагдаж байна.

 

-Яагаад тэр билээ? Ийм гутранги үзэл…

 

-Энэ бол гутранги үзэл биш. Өөрөө бод л доо, саяхан л бид нар “энэ муусайнууд хаа ч байсан юм…” гэж ярьдаг байсан Хятад улс нүдэн дээр Америкийг гүйцэх шинжтэй болоод ирлээ.Америкууд өөрсдөө төдийгүй дэлхий даяараа Америк мөрөөдөл гээч юмны тухай ярьдаг байтал одоо “Хятад мөрөөдөл”-ийн тухай хэлэлцдэг боллоо. Саяхан л бид нар шоолдог байсан “төлөг”-үүд маань ч овойж оцойгоод баян болсон. Казахстан биднээс тасран одов. Энэ дэлхий дээр өдрөөс өдөрт муудаж байдаг ганцхан улс байдаг нь Хаити. Харин бид Хаитигийн араас орох хаалганы бариулаас атгачихаад сууж байна.

Б:ОДСҮРЭН: АРДЧИЛАЛ ХЭНИЙ Ч АРЬСАН ДЭЭР НААЛДСАНГҮЙ

 

-Яагаад ийм болоод байгаа юм бэ?

 

-Улс орны хөгжил зөвхөн ДНБ, нэг хүн ноогдох эрдэмтний тоо, саятны тоо, далайд гарцтай эсэхээс хамаарахгүй байна. Харин үндэстнийг нэг зүг рүү харуулж чаддаг, ханаруулж чаддаг үзэл санаа, үнэт зүйлтэй эсэхээс л хамаарч байна. Америк асар олон төрлийн “цагаач” нарын улс боловч чухам ийм үнэт зүйл байдаг тул тэднийг америк үндэстэн гэдэг. Тэр үнэт зүйлийг нь америк мөрөөдөл гэдэг. Энэ бол идеа байсан.

 

Монголчууд бидэнд үндэстний хувьд шүтэхгүй юм гэхэд ядаж дагаад үзье гэх ч үзэл санаа, үнэт зүйл гэж алга. 

Харин монголчууд бидэнд үндэстний хувьд шүтэхгүй юм гэхэд ядаж дагаад үзье гэх ч үзэл санаа, үнэт зүйл гэж алга. Лидер хайгаад байна гэдэг. Тэрийгээ нэг том дарга, зоригтой дуугардаг, уран илтгэдэг хүн гэж бодоод хайгаад байна. Тэгээд том дарга болгон өөрийгөө тэр лидер юм биш биз дээ гэж толинд байн байн хараад л. Үнэндээ үзэл санаа хайгаад байгаа болохоос нэг хүний асуудал биш шүү дээ. Ард түмэн ямар нэг зүйлд итгэхийг хүсч байна. Гэхдээ хөгжлийн банк, чингис бондод лав биш. Хоёр Энхболдод бүүр ч биш.

 

-Гэхдээ нэг тийм чанга гар хүсээд байх шиг…?

 

-Ямар нэг зүйл дутаад байгааг мэдрээд байгаа хэрнээ юу болохыг, тэр нь ямар процедуртай биелэхийг мэддэггүй, эсвэл тэр талаар бодож үзээгүй ч байдаг юмуу тийм нэг мэдрэмж байдаг даа. Ард түмэнд ч бас тийм мэдрэмж байдаг. Бүх юм эмх замбараагүй холилдож байгаа энэ үед нийгэм өөрийн эрхгүй эмх цэгц, сахилга бат, хариуцлага хүсээд байгаа юм. Нөгөө шударга ёс гэж нэрлээд байдаг чинь энэ. Харин тэрэн дээр нь манай дарга нар тоглож байна. Өөрсдөө эмх замбарааг нь алдагдуулчихаад шүү дээ.

 

Нүдэн дээр нь Хятадад авилгачдаа цаазалж эхэллээ гээд л, Путин, Назарбаевын тухай хүчтэй удирдагчийн магтаал давтамжтайгаар тархаагаад байхаар тийшээ хөтлөгдөнө дөө. Өөрөөр хэлбэл ард түмний тархинд хэн нэгэн Бат, Дорж гарч ирээд л ганц ширвэж номонд нь оруулах маягийн юм бүүр түүрхэн буугаад байгаа юм.

 

Үнэндээ бидний хайж буй зүйл эмх цэгц, сахилга бат мөн боловч хэрэгсэл нь хэн нэг Бат биш юм. Энэ бол хүчирхэг үзэл санаа, хүчтэй үнэт зүйл, хүчтэй итгэл үнэмшил, цэлмэг шөнийн од шиг тод, тодорхой гялалзаж харагдах МОНГОЛ МӨРӨӨДӨЛ, ТОМ ЗОРИЛТ байх учиртай гэдгийг л би байнга хэлээд яваад байна. Мэдээж энэ мөрөөдлийг зохиогч, тээгч, итгүүлэгч нь дахиад л хэн нэгэн, эсвэл хэн нэг хүмүүс байж таарна. Процедур энэ дарааллаар явбал жинхэнэ лидер өөрөө төрнө.

 

-Итгэл үнэмшил гэдэг чинь гарт баригдахгүй хоосон зүйл шүү дээ?

 

-Гэхдээ хүч нь ямар гэж бодно. Итгэл үнэмшилтэй ард түмэн л үлддэг юм. Еврэй нарыг дэлхий даяараа ярьдаг шүү дээ. Бид ч гэсэн адилхан. Баргаа хядуулчихаад “Амарсанаа баатар эргэж ирнэ” гэсэн домгоор амьдарсан ойрдууд байна. Майдар ирнэ гэж итгэж байсан нийт монголчуудын үеийг бид мэднэ. Дараа нь бас л хядуулж хядуулчихаад коммунизм гээч сайхан зүйлд хүрнээ гэж итгээд нэг хэсэг хамтдаа алхсан. Худлаа нь тодорхой болсон. Дараа нь ардчилалд итгэлээ. Ингээд одоо явж байна.

 

Өнөөдөр харахад үг хэлэх гэх мэт зарим эрх, хуулийн үзэл санааг нь харвал бидэнд ардчилал байгаа мэт. Гэвч хэний ч арьсан дээр наалдсан баялаг бий болсонгүй. Улсын хөрөнгийг идэж уусан, авилга авсан өгсөн гэсэн яриа шуугиан тасрахгүйд бид дасчээ. Дарга нар хааяа нэгийгээ авлигалд холбогдуулдаг. Харин энийг нь хүмүүс тэд хоорондоо том юм булаалдан тэмцэж байна гэж ярьдагт ээнэгшчихжээ. Ардчиллыг бүтээсэн улсууд нь өөрснөө нурааж байна. Бид ардчилалд гэдэг зүйлд итгэх гэж үзсэн. Харин нүдэн дээр дарга нар гадаадад данстай, байртай хаустай болж, иргэд нь үзэл санаа, үнэт зүйл ч үгүй хаягдан хоцрохыг л харлаа.

 

-Чингис хаан гэдэг бахархал бий шүү дээ?

 

-Чингис хаанаараа бахархадаг л гэнэ. Бахархал ч мөн л дөө, гэтэл үйл амьдралдаа хэрэг болох нэг ч идеологий нь мэдэхгүй, баахан үг зохиож өмнөөс нь хэлүүлж, тэрийгээ ухваргүй хэрүүлдээ ашиглаж нэгнээ эрлийзээр нь дуудахаас хэтрэхгүй л байгаа биз дээ. Улмаар согтуу хөлчүүдээ Чингис хаан гэж орилж, тэгснээ гадаадын хүнийг зодож ид хаваа гайхуулангуут л Хааны нэр шалан дээр уначихаж байгаа юм. Ядаж бахархалаараа яаж бахархахаа ч бид мэдэхгүй л байна шүү дээ.

 

Буддын шашны орон гэнэ. Гэтэл Буддагийн сургаалийг ойлгодог, дагаж мөрддөг үнэн сүсэгтэн байдаггүй, дурын өөр шашинтны өмнө Бурханы шашныхаа мөн чанарыг дурдаад мэтгэж чадахгүй. Улмаар шашныхаа төлөө өөрийнхөө юуг ч золих зүрхгүй, чадвар ч үгүй л буддистууд даа бид.

БИД АХМАДУУДААСАА ДЭНДҮҮ ХОЛДЧИХОЖ

-Нэгэнт ийм болчихсон ард түмнийг хэрхэн засч залруулах вэ?

 

-Бид нэгнээ тэгж буруутгаж болохгүй шүү. Ард түмнийг тэгж элэг барьж болохгүй. Ард түмний соён гэгээрэл асар хангалтгүй, боловсроогүй нь үнэн. Гэхдээ энийг нь чичлээд байвал хүүхдээ үргэлж орыг нь засуулахгүй унтуулж сургачихаад гэнэт л нэг өдөр энэ орыг чинь засдаг юм гэж загнахтай адил болно. Гуравхан сая хүнээ баян байлгах амаргүй л дээ.

 

Гэхдээ гурван саяыг ядуу, дорд байлгах ямар амарханыг бид харж байна. Ийм хөрсөн дээр идеологи яриад хүрдэггүй. Дээр нь ядуу тарчиг хүн боловсрол талх хоёрынхоо нэгийг сонгоно гэсэн сонголтын өмнө сууж байдаг. Тэгэхээр гэгээрүүл, боловсруул, идеологио ч ярья гэж байгаа юм. Энэ бол үнэт зүйлтэй, зорилготой, үндэсний сэргэн мандлын эхлэл болсон үзэл санаатай болох процесс. Тийм ч удаан үргэлжлэхгүй.

 

-Зах зухаас нь сонирхуулахгүй юу?

 

-Баян, ажилтай, орлоготой байх нь хүн бүрийн мөрөөдөл. Харин ямар Монгол хүн байхын утга агуулгыг яаж тодорхойлох вэ. Японы дунд сургуульд япон хүнийг хүмүүжүүлдэг. Америкийн сургуульд америк хүнийг, Оросууд орос хүнийг хүмүүжүүлж байна. Харин бидэнд тийм бодлого, боловсруулсан төлөвлөгөө, номлол алга байна. Хийдэг хамгийн том хэрүүл нь сурах бичгийн тендер л болчихож.

 

Д.Бямбасүрэн гуай, Д.Содном гуай нар гэртээ л чимээгүй сууж байна. Залуучууд энэ хүмүүсээс хэрэгтэй зүйл, сурсан мэдсэнийг нь сорж авах ёстой. 

 

Бид зорилтоо Үндэстний сэргэн мандал хэмээн тодорхойлж, агуулгаа баян агаад боловсролтой иргэн гэж харна. Харин хүрэх зам нь Төрийн бодлого, төрийн хүний нөөц, аппаратур, түгээлтийн нүсэр сувгийг ашиглан гүйцэтгэх соён гэгээрлийн урт хугацааны, үндэсний хэмжээний хөтөлбөр байх юм. Энэ талаар боловсруулсан төлөвлөгөө, арга хэрэгслээ товхимол болгож байгаа. Гэхдээ арай ч хичээлийн төлөвлөгөө биччихээгүй, агуулгын тухай л тэмдэглэсэн байгаа.

 

Түүнчлэн залуус, ахмад үеийнхэн, дунд үеийнхэн маань хоорондоо дэндүү холдчихож. Нэгнийхээ үгийг авахгүй, нэгнээсээ хамааралгүй мэт царайлахыг боддог болж. Залуус нь дунд үеэ зайгаа тавьж өгсөнгүй гэж хараагаад л. Дунд үе нь залуусаа “том баадаг”-аар нь дуудаад л. Хоёулаа нийлээд ахмадуудаа “зөнөсөн” гэж дүгнээд л.

 

Д.Бямбасүрэн гуай, Д.Содном гуай нар гэртээ л чимээгүй сууж байна. Залуучууд энэ хүмүүсээс хэрэгтэй зүйл, сурсан мэдсэнийг нь сорж авах ёстой шүү дээ. Байнга хамт байж, ярилцах ёстой. Хүндлэх ёстой. Эх оронч өвгөд, өөрсдийнх нь үзссэн туулснаас суралцах залууст хэчнээн дуртай “соруулах” бол.

 

-Манай нийгэм чинь ингэж нягтрах битгий хэл улам л хоорондоо хэрэлдээд байх юм?

 

– Атаа шуналдаа хөтлөгдсөөр байгаад хүн биш үзэшгүй муухай амьтан болдог үлгэрийн сэдэв бдаг. Хүн төрөлхтний утга зохиолын баялаг өв сан үргэлж үнэнийг л өгүүлдэг билээ. Гэтэл одоо бид улсаараа тэгж хувирч байгаа мэт санагддаг болсон. Энгийн хүн гэдэг ойлголт бий. Бүдүүн тоймоор яривал аль ч улсын дундаж дахарга л даа. Тэд өөрийн бизнес, гэр бүл, ажилдаа бүх анхаарлаа хандуулж амьдардаг.

 

Ер нь аливаа хөгжингүй оронд улстөрийн хүчнүүд, бодлого тодорхойлдог хүмүүс л хоорондоо үзэж тарахаас биш ард түмэн нь тэгж их хошуураад бужигнаад байдаггүй. Яахав сонирхлын бүлгүүд байгаад элдэв шийдвэр жишээ нь ан амьтан хамгаалах, ч гэдэг юм уу, феминиситүүд ч гэдэг юмуу дуу хоолойгоо нийгэмд өргөхийн тулд бичил цуглаан хийх, цагаан хоолойгоор ярих асуудал байдаг л даа. Гэтэл манай оронд бүх нийтээрээ, бүр гэр бүл дотроо хүртэл улс төрийн үзлээрээ талцан үзэж тарж байна шүү дээ.

 

-Энэ толгойнууд гол хэрүүлийн алим болоод бай юм?

 

-Бидэнд байгаа ганц давуу талыг хамгийн парагматикаар авч үзвэл Оюутолгой, Таван толгой. Оюутолгойн баялгийг Дэлхийн банкнаас хоёр триллион доллараар үнэлжээ. Гэвч улс үндэстнээ биш өөрийгөө л бодсон төрийн түшмэд үүнийг хэрүүлийн алим болгож, зүсэх бүрт шүүрэх шүүсээр нь голоо зогоосоор өдий хүрлээ. Нэгэнт байгаа баялгаа бид өөрснөө ашиглах чадамж хараахан бүрдээгүй, тэгээд мөнхийн хэрүүл хийдэг, тэрнээсээ болоод улам бүр сэтгэлгээний харанхуй хар ангал руу унаж байгаа үндэстэн бол бид.

 

Дээр хэлсэнчлэн бид ирээдүйн тухай яриад байгаа боловч ирээдүйгээ одоо бүтээж байна гэдгээ санаасай. Тэгвэл одоо бидэнд ядаж бизнесийн ухаалаг орчин гэж алга. Маш өндөр хүүтэй зээлийг маш богино хугацаагаар аваад эцэстээ зээлийн дарамтаасаа болоод дампуурч байгаа, бүр байсан юмаа үгүй болож байгаа олон аавын хүү, ээжийн охид байна. Манай банкуудын буруу дангаараа биш л дээ. Ерөөсөө тогтолцоо нь тийм юм. Харин төрөөс үүнийг зохицуулах боломж бий. Том уурхайг хамтран ашиглах нөхцлүүдийхээ дунд бага хүүтэй, урт хугацаатай, яг л баруунд, Америкад, Японд байдаг шиг бизнесийн зээл оруулж ирэх заалт нэмэх асуудлыг хараасай гэж боддог юм. Тэгвэл ч монголчууд аль ч даргаас юу ч гуйж царай алдахгүйгээр өөрснөө сэмбийгээд л босоод ирнэ дээ. Ингэж ажилгүй сууж, өдөр шөнөгүй хэрэлдэх ч завгүй болно.

 

-За, ярилцсанд баярлалаа. Танд ярилцлагын сүүлийн үгийг үлдээе…

 

-Бидэнд барих туг, очих цэг, дээдлэх суртал, баригдах үзэл зайлшгүй, нэн яаралтай хэрэгтэй байна. Эс бөгөөс бид… дуусч байна шүү гэе дээ.

 

 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.