Он цагийг эргүүлэх “Харанга”

2016/07/30
Share |
Хүмүүс:
Он цагийг эргүүлэх “Харанга”

1989 оны аравдугаар сарын 26. Дөч гаруйхан настай З.Жарантав Улсын драмын эрдмийн театрын тайзнаа дэвхэлзтэл алхан гарч ирээд “Харанга” хамтлагийн анхны концертыг нээн зарлав. Машины түгжрэл их хотын яаруу хэмнэлээс гарч амжаагүй байсан үзэгчид ийн эргээд 1989 ондоо оих нь тэр. Тухайн үедээ л сонин содон байсан гэмээр болов уу гэмээр дэгжин үстэй, савхин хувцастай залуусын дүр зураг тодрон тэртээх цаг үеийн дурсамж хөвөрнө. Өнөөдөр ч бүхний зүрх сэтгэлийг эзэмдэгч аялгуу эгшиг, нүсэр хөгжим, рок хэмнэлээ “Харанга” ийнхүү анх мэндэлсэн тайзнаа 22 жилийн дараа дахин дуурсгаж байгаа нь энэ.

Дурсамж сэргээх аялгуу

Шүүдэр цэцгийн дэлбээнд чи минь дусал болсон ч юм уу даа

Шөнийн сарны туяанд би чамайг хайна...


Он цагийн дурсамж сэргээн одоо ч цоо шинэхэн, дахин давтагдашгүйгээр уянгалах “Харанга”-ын дуунууд.  Тэртээх 22 жилийн өмнө тоглож байсан “Амьдрал” тоглолтоо тэд дахин тоглосон yу, магадгүй дахиад хэзээ ч давтагдахгүй ховор агшин ч юм билүү гэж бодогдохоор... 

Дахиад л он цагийн дурсамж сэргэн социализмын бүтээн байгуулалтын үеийн сүрлэг хурал, их удирдагч Брежнев, Цэдэнбал хоёрын тэврэлдэн үнсэлцэх дүрс, Октябрийн баярын жагсаал, картын барааны дараалал, биендээ ихдэм бедонтой усаа дааж ядан бүдчих жаалын зураг...

Тэр бүр тоглолтоо хийгээд байдаггүй “Харанга”-ынхан Улсын драмын эрдмийн театрт тоглолтоо талбих болсны учир бас нарийн. Тэд анх энд л уран бүтээлээ эхэлж, рок хөгжмийг алга ташин хүлээн авах нь байтугай нам засгийн эсрэг дуу дуулсан хэрэгт ч буруутгаж болох байсан цаг үед театрынхан тухайн үедээ эр зориг гарган байж, “Харанга” хамтлагийнхныг хажуудаа авч, дарга Таяа, уран сайхны удирдагч Н.Сувд нар нь намын төв хороонд дуудагдан бангадуулах дээрээ ч хүрч байж.  С.Оюун гуайн

“Өө ай даа, хүний амьдрал

Эгэл жирийн боловч

Энэхэн биедээ багтмааргүй


Эх үрсийн далай юм аа
гэж энэ хүүхдүүд яасан сайхан хэлээ вэ” гэж хэлсэн энэ үг анхны тоглолтыг нь амьдруулах хаалгыг нээж байсан гэдэг.

Өглөө босоод цонхоор харахад сүүний дараалал их байлаа

Өглөө босоод цонхоор харахад сүүний дараалал их байлаа....
Энэ бол Таяа дарга, Сувд эгчийнх нь төв хороонд дуудагдаж загнуулах шалтгааны нэг болсон дуу нь.

Өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзэхээр анирлаж байсан энэ үед рок залуус тухайн үеийн нийгмийг үнэн бодит байгаагаар нь урлагийн хэлээр өгүүлж байсан нь эдүгээ түүх болон бичигдсэн гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Бас алдарт “Томоотой хүн”, “Найм дахь гариг”... Тэдний дуу тэртээх он жилүүдийн дурсамжийг сэргээн цаг хугацааг эргүүлэх шиг. Бас тэд тэртээх жилүүдэд рок гэдэг хөгжмийг таниулах гэж тухайн цаг үеэ эргүүлсэн. Өнөөдөр ч тэд тэртээх алсын цаг хугацааг дуу хуураараа угтан залж байх шиг.

“Драм”-ын “Харанга”

Хэдийгээр жүжиг тоглох үүрэгтэй ч шинэ үеийн цахилгаан хөгжмийн хамтлагийг нэг ёсондоо тухайн үеийн ёс жаягийг сөрөн жүжигчин гэдэг нэрээр энэ театрынхан цалинжуулан авч, бөөцийлж өсгөжээ. Яг тэрхэн үед Чука, Лхагваа хоёр шинэ дуугаа өлгийдөхөөр “Тэртээд харагдах тэнгэрийн хаяа.... шувуудын цуваа...” гээд ганц үгэн дээр гацчихаад мөнөөхөн театрынхаа коридорт үгийн эрэлд гаран, хоорондоо ярилцаж зогсч л дээ. Тэгсэн чинь театрын жижүүр эгч нэхмэл нэхэн суунгаа “Та хоёр чинь яасан юм уншдаггүй хүмүүс вэ? Дэвээд нисдэг юм байгаа биз дээ, тэр шувууд чинь...” гэж хээв нэг хэлснээр дээрх алдарт мөр мэндэлжээ. Энэ мэтчилэнгээр “Харанга”-ынхны театртай холбоотой дурсамж, түүх олон. Тиймээс Драмын театрынхан “Харанга”-ынхныг манайхан гэж өмчлөх, нөгөөдүүл нь ч манайхан гэж өөриймсөх. Тэгээд театрын охид нь “Харанга”-ынханд сюрприз бэлэг бэлтгэжээ. Гавьяат жүжигчин Д.Сарантуяа, жүжигчин У.Уранчимэг, Ж.Оюундарь, Б.Эрдэнэцэцэг, Д.Ганцэцэг, Ц.Баясгалан  гээд театрын сор болсон сайхан бүсгүйчүүд “Харанга”-ынханд тус бүрт нь зориулж шүлэг тэрлэсэн байв. Тэд Энхманлайг хажууд нь бөмбөг дэлбэрч байсан ч “Юу болов оо хөө” гээд л гитараа тоглож зогсох, Чукааг хар халимгаа шингэртэл бодлогоширч, хамтлагийнхаа хамаг ажлыг зохицуулдаг,  менежер, Одсүрэнг охидын нүдэнд онцгой гэж тодотгон, домогт Лхагвааг түнтгэр гэж өхөөрджээ. Хамтлагийн зургаа дахь гишүүн тонмейстер Мөнх-Эрдэнийг ганц удаа ч болов тайзнаа гарч, “Толин хул”-ыг дуулж үзэхсэн гэж санааширдаг биз гэхчлэн “томьёолсон” байх. Нээрээ ч Мөөгий төдийгөөс өдий хүртэл тайзны ардах фронтыг л хамгаалж байдаг. Өчигдрийн тоглолт дээр ч бас нэг мэдэхэд л тайзны наагуур бөртөлзөн гүйж, нэг харахад хөгжмийн пультнийхээ ард даруухан дохилзож суусан. Түүнд харин драмын охид нь тайзнаа гаргах боломж олгон, улаан сарнай гардуулсан шүү.

“Хамтаараа лаг”


Гавьяат жүжигчин З.Жарантав дээрх тоглолтыг нээхдээ “Харанга” гурван гавьяаттай болсон гэж хэлсэн нь мөн л өөриймсөх сэтгэлээрээ өөрийгөө нэмж оруулсан хэрэг байлаа. “Харанга” ч бас хоёр гавьяат, бас хоёр бөөтэй айхавтар хамтлаг. Хамтлаг гэдэг энэ үгийг “хамтаараа лаг байх” гэж тайлбарладаг. Өөрсдөө “Хатанбаатарын Лхагвасүрэн,Цэрэндоржийн  Чулуунбат, Цэндсүрэнгийн Энхманлай,  Яринпилийн Одсүрэн, Нэмэх нь Пүрэвдаш, нэр нь хүртэл шүлэг шиг” /Нэмэхийн Пүрэвдаш гэдгийг ийн бяцхан товчилж/ гэж хошигнодог. Үнэхээр ч нэр нь хүртэл шүлэг шиг хорших тэдний гарын таван хуруу шиг хамтдаа он цагийг үдэж угтан байгаа нь гайхамшигт амжилтынх нь нууц биз ээ.

Тайзны хойморь дахь дэлгэцнээ галын дөл эрчлэн бүжиж, Пүүжээгийн бөмбөрийн сүрлэг дуу цуурайтна. Дээхнэ дээ “Лхагваа, Манлай, Чука гээд л нэгдүгээр эгнээнийхнийг хүүхнүүд тоохоос арын эгнээний намайг ямар анзаарах ч биш” гэж цагаахнаар хошигнон гомдоллож байсан Пүүжээ ах хэдэн бөмбөрийнхөө элдүүрийг ханган, харин ч нэг онгод нь орсон бөө шиг “дэлж” байна аа. Түүний бөмбөрийн цуурай эрч хүч, хэмнэл гайхамшгийг илэрхийлнэ. Мэдээж хэрэг үзэгчид нь ч доргио гэж жигтэйхэн. Ер нь хаана ч тоглосон “Харанга”-ын үзэгчид ийм л байдаг. Харин төрөлх драмын театртаа хийсэн энэ тоглолт элдэв эффект, нүсэр зүйлс үгүй, тайзнаа тоглож буй “Харанга”-ынхны хацрыг нь илээд авмаар ойрхон ч юм шиг. Үзэгчид нь ч хүнийрхэж зэнзийрхэх нь үгүй. Үг хэлгүйгээр бие биенээ ойлгодог нэгэн халуун ам бүлийнхний доргио наадам лугаа  эвсэгхэн, аминчхан.

“Харанга”-д хэзээний л илүү дутуу чимэг хэрэггүй байдаг болохоор тэд энэ удаад мөн л хар савхин куртик тэргүүтэнтэйгээ л аагархах. Хэдийгээр энэ нь тэдний мөнхийн гоёл боловч 22 жилийн тэртээ анх байгуулагдахдаа л гоёж байсан хувцсаа түүх болгон өмссөн юм болов уу гэж бодогдож байсан. Гэтэл төмөр товруугаар дарсан, цээжин дээрээ нарны цацрагтай савхин хувцас тэдний таван жилийн ойн гангараа байсныг Чука сануулав. Харамсалтай нь, ганцхан Пүүжээд л энэ хувцас нь таарч байж. Тэгээд л Пүүжээ хамгийн ганган нь харагдаад байж л дээ, тэр үдэш. Чука дурсамж сэргээж хувцсаа авчрах гэсэн ч хуучны ширэн гоёо нь нэгдүгээрт дадайж багадаад бас, хуучны “хатуу” эд болохоор одоо бараг “босоод зогсчихдог” болсон гэнэ. Энхманлайгийн алдарт соло гоцлол, он цагийн хаагуур нь дэвхцээд, хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр дэгдэгнэж явдаг бол гэмээр Одсүрэнгийн хэмнэл, Чукагийн буурьтай басс, Лхагваагийн давтагдашгүй хүчирхэг хоолой, Манлай ахын зүрхнээс зүрхэнд урсах мэт эрдүү зөөлөн эгшиг...

Навчаа дэлгэх гээд ургамал яарна аа

Нартай учрах гэж цэцэгс тэмүүлнэ

Сарыг тольдох гэж уулс яарна

Санаагаа олох гэж хүн тэмүүлнэ ээ

Энэ хорвоо учралын хорвоо

Эргэх улирал нь ч учралын улирал аа ...


Айзам хэмнэлд нь автан сэтгэл нь дэгэлзсэн үзэгчид “Харанга”-ын тоглолтоос хагацаж ядан гарахдаа сэтгэл хөөрлөө илэрхийлэн хөөрөлхөн дүнгэр дүнгэр ярилцана. Гадаа энэ өвлийн анхны цас намуухнаар хаялж эхэлжээ. Замын гэрэлд цасны эмзэгхэн ширхэгүүд хялалзан хялмаалж, машин тэрэг ч ердийнхнөөс аажууран бодлогоширсон мэт намуухан урсаад ч байх шиг. Дуу хуур, дурсамж хөөрөл, бас намуухан хялмаалах цастай үдэш дурсамж анирлуулна. Магад тэр үед “Харанга”-ынхан 22 жилийн дэггүй залуусын төрхөөр тоглолтынхоо хөөрлийг дарж ядан хөөрөлхөж байсан биз ээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.