Саудын Арабийн хунтайжийг ташуурдан шийтгэжээ

2016/11/03
Share |
Хүмүүс:
Саудын Арабийн хунтайжийг ташуурдан шийтгэжээ
ЛОНДОН./BBC/. Саудын Аравийн шоронд хааны гэр бүлийн нэгэн гишүүнийг ташуураар жанчин шийтгэжээ. Шийтгүүлсэн хунтайжийн нэр болон хэдэн удаа ташуурдсан талаар хэвлэлүүдэд дурдаагүй байна.
 
Тус улсын “Okaz” гэдэг сонинд бичсэнээр бол, Жидда хот дахь “Улаан тэнгис” гэдэг шоронд хоригдож буй хунтайжийг бусад хоригдлуудын хамт ташуураар ороолгон шийтгэсэн ажээ.
 
Саудын Аравийн хааны гэр бүлд хэдэн мянган хүн хамаардаг бөгөөд тэдэнд ямар нэгэн ял шийтгэл оноосон тохиолдол тун ховор юм.
Харин энэ оны 10 дугаар сарын дундуур хунтайж Турки бин Сауд аль-Кабирыг цаазаар авсан нь тус улсын түүхэнд хааны гэр бүлийн гишүүнийг цаазын ялаар шийтгэсэн анхны тохиолдол байлаа. Хунтайж аль- Кабир Эр-Рияд хотын ойролцоох майхан хотхонд болсон олныг хамарсан зодооны үеэр найзынхаа амийг хөнөөжээ.
 
Нөгөөтэйгүүр, ташуурдан шийтгэх ялыг эсэргүүцсэн жагсаал цуглаан Европын орнуудад суугаа Саудын Аравийн Элчин сайдын яамдын байрны өмнө байнга болдог аж.
 
Ийм ялаар шийтгүүлсэн хүмүүсийн нэг бол зохиолч Раиф Бадави юм. Лалын шашныг доромжилсон гэх хэргээр түүнийг 2012 онд баривчилж, 600 удаа ташуурдах, 7 жилийн хугацаагаар хорих ял оноож байв. Дараа нь уг ялыг хүндрүүлж, 1000 удаа ташуурдах, 10 жил хорихоор болсон байна. Өнгөрсөн онд Бадави-г 50 удаа ташуурдсан нь гадаадын зарим улс оронд эсэргүүцлийн жагсаал цуглаан болоход хүргэжээ.
 
Бадави-гаас гадна яруу найрагч Ашраф Файяд ташуурдах ялаар шийтгүүлсэн аж. Бурхан шашнаасаа нүүр буруулсан гэх үндэслэлээр түүнийг эхлээд цаазаар ялаар шийтгэсэн боловч дараа нь 8 жил хорих болон 800 удаа ташуурдах ял оноожээ.
 
Х.Сарнай     
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.