Хүмүүс: |
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Кин Хетэй холбоотой бас нэгэн дуулиан дэгджээ. Одоо солонгосчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байгаа билээ.
Ерөнхийлөгч Пак Хегийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээгээр түүнийг Сөүл хотын залуужуулах үйлчилгээ үзүүлдэг элит эмнэлэгээр байнга очдог байсан гэжээ. Энэ ч аргагүй, эмэгтэй хүнийхээ хувьд байнга өөрийгөө арчилж тордох нь зөв. Хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгч Пак Хе өөрийгөө нууцалж Солонгосын алдартай жүжигчин эмэгтэйн нэрийг барьж үйлчлүүлдэг байжээ.
Ерөнхийлөгч Пак өөрөө орон нутгийн телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар хэлсэн байна. "Би Сөүлийн эрүүлжүүлэн залуужуулах "Chaum" эмнэлэгт очихдоо өөрийн нэрээр биш Джил Раим гэдэг нууц нэр ашиглаж байсан юм" гэж Ерөнхийлөгч Пак ярьжээ. Энэ бол Солонгосын цуврал киноны дүр бөгөөд жүжигчин Ха Дживон тус кинонд тоглосон юм.
Энэ ярилцлагын дараа Өмнөдийн телевизийн "Нууцлаг цэцэрлэг" цуврал киноны од 38 настай Ха Дживон улсынхаа хамгийн алдартай хүмүүсийн нэг болж хувирчээ. Харин Ерөнхийлөгч Пакийн Тамгын газар энэхүү мэдээллийг тайлбарлахаас татгалзав.
Пак Кин Хе 2013 онд Ерөнхийлөгч болсны дараа ч нөгөө элит эмнэлгээр үйлчлүүлсээр байсан гэж "JTBC" телевиз мэдээлэв. "Chaum" эмнэлгийн ерөнхийлөгч, доктор Ри Дунмо "Ерөнхийлөгч энэ нууц нэрийг 2011 оноос ашигласан. Хэрэв үйлчлүүлэгчид маань нууц нэрээр манай үйлчилгээг ашиглахыг хүсвэл бид татгалзаж чадахгүй" хэмээжээ.
Энэ элит эмнэлэгт анх очиход 130 мянган доллар хурааж авдаг, энэ мөнгөөр бие организмыг залуужуулах, хортой бодисуудыг гадагшлуулах, хоолны янз бүрийн эмчилгээ, СПА үйлчилгээ зэргийг үзүүлдэг байна.
Одоо Өмнөд Солонгосын ард түмэн эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж байгаа үед энэ мэдээ ёстой гал дээр тос хийх шиг боллоо. Сүүлийн жагсаал цуглааны үеэр мөргөлдөөн гарч олон арван жагсагч төдийгүй цагдаа нар бэртэж гэмтсэн юм.
Өнөөдөр Өмнөдийн хүн амын 90% нь Ерөнхийлөгчөө дэмжихгүй байгаа тул Пак Кин Хегийн нэр хүнд шалдаа бууж, ердөө 5% баолжээ. Нэмж өгүүлэхэд, Ерөнхийлөгч Пак 11 сарын 20-нд Прокурорын газарт очиж найз хүүхэнтэй холбоотой дуулианы талаар мэдүүлэг өгөхөөр болсон билээ.
www.mnews.mn