Жэк Магийн эхнэр

2016/11/18
Share |
Хүмүүс:
Жэк Магийн эхнэр

"Энэ бол Жэк Ма" номын уншлага үргэлжилж байна. Энэ номыг түүний туслах Чэнь Вэй бичжээ. Тийм болохоор Жэк Магийн амьдралыг хамгийн ойр зайнаас ажигладаг хүний харах өнцөг сонин байж таарна. Уг номыг ихэд хошин өнгө аясаар бичсэн нь уншиж байгаа залуу орчуулагчдын сонирхлыг ихэд татаж байна.

Алдарт бизнесмэн Карнеги нэгэнтээ: "Баячуудын дунд үхнэ гэдэг гутамшигтай хэрэг." хэмээн хэлснийг туслах нь түүнд дуулгахад Жэк Ма өөдөөс нь ихэд гайхан харснаа: "Тэгээд яах ёстой юм бэ? Ядуучуудын дунд үхэх нь тэгвэл алдар гавьяаны хэрэг болж байна уу?" хэмээн асуусан гэдэг.

Номонд Жэк Магийн эхнэр Жан Ингийн тухай бичсэн хэсгийг уншихад бахдах, догдлохын зэрэгцээ, сэтгэл огшихгүй байхын аргагүй. 
"Амжилттай яваа эр хүний ард эрхбиш эгэл бус эмэгтэй хүн байдаг" хэмээх зүйр үг түүний эхнэрт л тохирохоор шиг. 

Уг бөлгийн оршилд гүн ухаантан Сократын айлдсан: "Эр хүн сайн эхнэртэй учирвал аз жаргалыг амтладаг. Харин муу эхнэр заяах бөгөөс гүн ухаантан болдог." хэмээх үгийг шигтгэж өгчээ. 

Англи хэлний мэдлэг, заах аргын хувьд нөхрөөсөө илүү. Анх бизнест хөл тавихад Жэк Мад хамгийн үнэнч нөхөр нь явсан тэр эмэгтэй уг нь компанидаа нэлээд өндөр албан тушаал хашиж байсан боловч нэг удаа салбар компаний үүдний харуул танилгүй "Та хэнтэй уулзах вэ?" хэмээн асууснаас үүдээд: "Энэ бол миний анх байгуулж байсан жижиг компани биш болжээ. Тийм болохоор энд хамгийн шинэлэг сэтгэлгээтэй дайчин залуус ажиллах учиртай." гэж хэлээд гэртээ суух болсон гэнэ.

Гэхдээ Жэк Магийн илүү цагаар ажиллахгүй байх, хурал хуйг цагаасаа хэтэрлээ шүү гэх мэт сануулгыг өдөр тутам утсаар командлан зохицуулж байдаг ажгуу. Хамгийн сайн хоёр тогоочоор гэртээ бэлтгэсэн хоолыг ажил дээр нь хүргэн өгч идүүлдэг. Туслахын хувьд зохиолч өдрийн цагаар Жэк Ма эхнэртэйгээ: "Хоёр хэрчим мах, нэг өндөгтэй идсэн шүү. Ер нь ногоо түлхүү идлээ. Одоо жимс рүүгээ орж байна." гэх зэрэг яриаг сонсдог тухайгаа уг номонд дурсан бичжээ.

Мэдээжийн хэрэг Жэк Магийн өмссөн гутал хувцас бүгдээрээ эхнэрийнх нь сонголт бөгөөд "Тэр ганц л удаа Хонконгод хувцас сонгоход оролцжээ. Оролцжээ ч юу байхав. Бие нь хувцсан дотор "оролцсноос" биш түүний санаа бодол сонголтонд тусаагүй бөлгөө." хэмээн хошигнон өгүүлсэн байна лээ.

"Жэк Ма том компанийхаа эзэмшдэг хувьцааг зарах хэрэг тохиолдоход эхнэр нь эмэгтэй хүн юм болсон хойно "Салахаас наагуур цамнах" нь буй. Гэхдээ үнэн хэрэг дээрээ Жэк Маг эхнэр Жан Ингаас нь салгана гэдэг дахин нэг Али Баба компани байгуулахаас ч амаргүй хэрэг байж таарна." гэх мэт сонирхолтой бичлэг бүхий уг номыг манай синхрон орчуулгын ангийнхан хоёр хоногийн дотор тавь гаруй хуудас уншчихав.

Энэ дашрамд уг номыг монгол хэлнээ орчуулах эрхийг хөөцөлдөж байгаа бөгөөд өнөөдөр хэвлэлийн газраас нааштай хариу ирснийг дуулгахад таатай байна.

time.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.