Пак Гын Хед холбогдох хэргийн анхны шҮҮх хурал боллоо

2016/12/20
Share |
Хүмүүс:
Пак Гын Хед холбогдох хэргийн анхны шҮҮх хурал боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хегийн дотны найз Чой Сун Шил авлигын хэрэгт сэжиглэгдсэнээс хойш тус улсын улс төрийн салбарт эмх замбараагүй байдал үүссэн билээ. Чой Сун Шилийн Ерөнхийлөгчтэй дотно байдлаа ашиглан томоохон корпорациудаас өөрийн байгуулсан сандаа их хэмжээний мөнгийг хандив нэрийдлээр авч байсан нь илэрсний зэрэгцээ Ерөнхийлөгч Пак улс төрийн чухал баримт бичгийг найздаа дамжуулж, хэлэх үгээ зааварлуулж байсан нь баримттайгаар илэрсэн. 

Үүний дараа Ерөнхийлөгч өөрийн биеэр ард иргэддээ хандсан гурван удаагийн мэдэгдэл хийж, толгой бөхийлгөн уучлал хүссэн ч тусыг эс олсон юм.  Пакын нэр холбогдсон дуулианыг сөрөг хүчнийхэн ч ашиглаж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буухыг Ерөнхийлөгчөөс шаардаж, олон тооны ард иргэдийг хамарсан эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан байдаг.

Мөн Пак Гын Хед итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулах үндэслэлийг парламентад өргөн барьсан удаатай. Харин Ерөнхийлөгч өөрийнх нь хувь заяа хэрхэхийг парламентын гишүүдэд даалгасан ч тэдний ихэнхи нь эсрэг сонголтыг хийснээр Пак суудлаасаа бууж магадгүй болсон билээ.

Түүнийг албан тушаалаас нь бүр мөсөн огцруулах асуудлыг 180 хоногт багтаан Үндсэн хуулийн шүүх шийдвэрлэх учиртай. Тэгвэл энэ хэрэг мандсанаас хойшхи анхны шүүх хурал өчигдөр Сөүлийн шүүх танхимд боллоо.  Прокуроруудын хувьд Ерөнхийлөгч Пак Гын Хег Чой Сун Шил нарын сэжигтнүүдийн хамсаатан гэж үзэж буй бол Пакийн хувьд уг мэдээллийг эрс үгүйсгэж байгаа. Тиймдээ ч энэ удаагийн шүүх хурлаар тодорхойгүй байгаа энэ мэт асуудлын учиг тайлагдаж магадгүй гэх таамгийг олон улсын ажиглагчдын зүгээс дэвшүүлж байлаа.

Шүүх хуралд Пактай 40 гаруй жил найзалсан Чой Сун Шил хар өнгийн хүрээ бүхий  нүдний шил зүүж ирсэн байжээ. Түүний хувьд аравдугаар сарын 31-нд баривчлагдсанаасаа хойш анх удаагаа олон нийтийн өмнө ил гарсан нь энэ байв.  Өмгөөлөгчдийн хэлж буйгаар тэрбээр энэ удаагийн шүүх хуралд заавал оролцох шаардлагагүй байсан ч, өөрийн хүсэлтээр ирж оролцсон гэнэ. Мөн энэ үеэр “Асуудал үүсгэсэнд уучлаарай, шүүн таслах ажиллагаанд би өөрийн биеэр оролцох болно” гэж хэлжээ.  Дэлхий нийт  ч БНСУ-ын шүүх байгууллага уг хэргийг хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж байна. Ямартай ч, 2014 оны Севол хөлгийн осолтой холбогдуулан 300 гаруй хүний амийг санамсаргүйгээр хөнөөсөн гэх хэргээр яллагдсан  Севол хөлгийн багийнхны шүүх хурлаас хойшхи олон нийтийн анхаарлыг татсан дуулиант хурал нь энэ байлаа. Баривчлагдах үедээ Чой хэвлэлийнхэн болон эсэргүүцэгчдийн улмаас парадагийн өрөөсөн гутлаа гээж байсан бөгөөд тухайн үед бүсгүй “үхэх нүгэл үйлдсэн” хэмээн хэргээ хүлээж байсан гэнэ. Шүүх хурал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ хуулийн хугацаа буюу зургаан сарын дотор багтаан хэргийг шийдвэрлэх учиртай. Чойг Ерөнхийлөгчтэй дотно байдлаа урвуулан ашиглаж авлига авсан гэх хэрэгт буруутгаж буй. Хэрэв түүнд ногдуулж буй бүх үндэслэлээр яллавал  шоронд 15 жил хорих ял сонсч магадгүй гэнэ.

Харин баривчлагдахынхаа өмнө Чой Пакийн илтгэлийнхээ үеэр хэлэх зарим үгийн материалыг хүлээн авч байсан ч, улс төрийн нууц мэдээлэл байсан эсэхийг нь мэдэхгүй хэмээж  байжээ. Мөн түүнд тулгаж буй бусад үндэслэлийг ч үгүйсгэж байгаа аж. Мөн энэ шүүх хуралд Пакийн хоёр туслах нь холбогдсон билээ. 

Чойгийн хувьд Пакийн хүсэлтээр урлаг спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр санг байгуулж, Ерөнхийлөгчийн бодлого зохицуулалтыг хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ан Чон-Бумын хамт олон томоохон корпорациудаас нийтдээ 65 сая ам.долларын хөрөнгийг хандив нэрийдлээр сандаа төвлөрүүлсэн гэх хэрэгт буруутгаж буй бол Ан Чон-Бумыг Ерөнхийлөгч Пак Гын Хегийн заавраар төрийн албаны нууцын зэрэглэлд багтах 47 баримт бичгийг Чойд дамжуулж, төрийн албаны нууцыг задруулсан гэх үндэслэлээр буруутгажээ.

Мөн яллах дүгнэлтэд дурьдагдсанаар Пак өнгөрсөн жилийн долдугаар сард хэд хэдэн  компаниудын удирдлагуудтай ээлж дараалан ганцаарчилсан уулзалт хийж, “Соёл, спортын үйл ажиллагаа явуулах сан байгуулахад хамтарч ажиллахыг” уриалж байжээ. Үүнээс прокурорынхон Пак Ерөнхийлөгчийг Чойгийн хамтрагч гэж дүгнэсэн  юм. Гэвч Ерөнхийлөгч  өөрөө үгүйсгэсэн удаатай. Тэгвэл өчигдөр болсон анхны шүүх хурлын үеэр Чой прокуроруудын тулгасан ялыг үгүйсгэж, Пак уг хэрэгт оролцоогүй гэдгийг онцолсон байх юм.

Тодруулбал, Чойн өмгөөлөгч прокуроруудын яллах дүгнэлтэд тулгасан үндэслэлийг “бүгдийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ. Түүнчлэн, Пак Гын Хе, Ерөнхийлөгчийн бодлого зохицуулалтыг хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ан Чон-Бумын аль алинтай нь хамтарсан зүйл байхгүй гэдгийг онцолжээ.

Харин сандаа компаниудаас санхүүжилт авсан тухайд түүний өмгөөлөгч “Ердөө Ерөнхийлөгчийн үгийг л байгууллагуудад дамжуулсан төдий” гэж хариулжээ. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн бодлого зохицуулалтыг хариуцсан Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ан Чон-Бумын өмгөөлөгч  түүний үйлчлүүлэгчид тулгаж буй төрийн албаны нууц мэдээллийг задруулсан гэх хэргээ хүлээж байгаагаа мэдэгдсэн байх юм.

Мөн Ерөнхийлөгчийн заавраар материалыг Чой Сун Шилд дамжуулсан гэх үндэслэлийг ч гэсэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлжээ. Ямартай ч, хэрэг хэрхэн эцэслэн шийдвэрлэгдэх нь олон улсын анхаарлын төвд байна. Гэхдээ эх сурвалжуудын зүгээс хэрэг шийдвэрлэгдэх хүртэл нэлээд хугацаа зарцуулахыг онцоллоо.

эх сурвалж: mminfo.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.