С.Баярцогтыг АТГ-ынхан шалгаж байна

2017/01/03
Share |
Хүмүүс:
С.Баярцогтыг АТГ-ынхан шалгаж байна

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд асан С.Баярцогтыг АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Зарим цахим мэдээллийн хэрэгслээр түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж бичиж байгаа юм. Гэхдээ түүнд хараахан эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалж хэлэв.

С.Баярцогтыг Швейцарийн “Credit Su­isse” банкинд нэг сая ам.доллар хадгалуулсан, түүний мартсан тухай мэдээлэл 2013 онд хэвлэлд анх гарч, монголчуудыг оффшор гэх ойлголттой танилцуулан нэг хэсэг шуугиан тарьж байсан билээ.

Түүний мөрөөр иргэн Ц.Туяацэцэг болон Ц.Цэрэндолгор нар судалж, 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нд “С.Баярцогтын оффшор дансанд нэг сая биш, 9.2 сая ам.доллар байна” хэмээн олон нийтэд мэдээлж, түүнийгээ хуулийн байгууллагаар шалгуулахаар өргөдөл өгсөн юм. Дээрх хүмүүс мэдээлэл хийхдээ “2016 оны зургадугаар сарын 27-нд Швейцарийн шүүхэд тус улсын Эрүүгийн хуулийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх үндэслэлээр гомдол гарган, хэрэг үүсгэж С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн. Бид шалгуулахаар 27 баримт явуулсан” гэж ярьж байв.

Энэ гомдол мэдээллийнх нь мөрөөр л АТГ-т шалгалт хийж буй бөгөөд хавтаст хэргийн дугаар авч, эрүүгийн хэрэг үүсгээгүй гэдгийг АТГ-ын эх сурвалжууд ч хэллээ. С.Баярцогтын хувьд гадаадын банкинд хадгалуулсан нэг сая ам.доллароо хөрөнгө орлогын мэдүүлэгтэй тусгаагүй үндэслэлээр УИХ-ын дэд даргын албан тушаалаас сайн дураараа огцорч байсан удаатай.

Түүнийг АТГ-т шалгуулахаар хандаж байсан тохиолдол анхных бус. УИХ-ын гишүүн С.Баасанхүү 2015 онд яг энэ асуудлаар АТГ-т хандаж байсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.