Ч.Энхбат: 580 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлнө

2017/01/27
Share |
Хүмүүс:
Ч.Энхбат: 580 сая ам.долларын өрийг хугацаанд нь төлнө

Энэ удаагийн “Ярилцах танхим-“ын зочноор Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбатыг урьж, ярилцлаа.

-Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийнхний шалгалтын дүнгээр Хөгжлийн банк “хөгжлийн бэрхшээлтэй” болсныг төвөггүйхэн харж болохоор байсан. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал тун хүнд гэсэн дүгнэлт. Шинэ удирдлага ажлаа аваад багагүй хугацаа өнгөрлөө. Өдгөө нөхцөл байдал ямар байна вэ, тэр үеэ бодвол дээрдэв үү?

-Хөгжлийн банкны шинэ удирдлага ажлаа аваад дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байна. Мэдээж амаргүй банк хүлээж авсан. Хөгжлийн банк байгуулагдаад бараг зургаан жил болж байна. Хүнээр яривал таван настай хүүхэд л гэсэн үг. Мэдээж энэ хугацаанд алдаа, оноо байсан. Гэхдээ цаашид энэ алдааг гаргахгүйн төлөө ямар арга хэмжээ авах вэ гэх байдлаар ажиллаж байгаа. Мэдээж үүнд хууль эрх зүйн шинэчлэл, бизнес модель, хяналт хариуцлага, ил тод байдал, мэргэжлийн ур чадвар гээд бүх зүйл хамааралтай. 2016 оны 3 улирлын байдлаар Хөгжлийн банк 6.9 их наяд төгрөгийн активтай 5,6 их наяд төгрөгийн зээлийн багцтай, зээлийн чанар эрсдэлтэй,  ханшийн тэгшитгэлийн өндөр алдагдалтай, зохистой харьцаа үзүүлэлтүүд алдагдсан тийм л банк хүлээж. Шинэ баг банкны зохистой харьцаа үзүүлэлтүүдийг сайжруулах, хууль эрх зүйн орчноо боловсронгүй болгох, цаашдийн ажил, стратегаа тодорхойлох гэх мэт өнгөрсөн хугацаанд багагүй ажлыг хийлээ.

-Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуй нэгжүүдийн зээлийн эргэн төлөлт ямар байна вэ?

-Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш олгосон зээлийн багцийн 7.8 хувь нь буюу 450-460-аад тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн. Мэдээж зээлийн эргэн төлөлтийн хувиарт өөрчлөлт оруулаагүй бол банкны байдал өнөөдрийнхөөс хавьгүй дээр байх байсан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт нэгээс дөрвөн ч удаа өөрчлөлт оруулан сунгасан тохиолдол бий. Нөгөөтэйгүүр, хуваарийн дагуу гэрээгээ сунгалгүй зээлээ хугацаандаа төлөгдөөд явж зээлүүд ч байгаа.

-Хугацаа хэтэрсэн зээл 70 хувийг нь эзэлж байгаа гэсэн мэдээлэл бий. Хугацаа хэтэрсэн, чанаргүй болсон хэр их зээл байгаа вэ. Эдгээр зээлийг хэрхэх вэ?

-Улсын төсвөөс эргэн төлөгдөх 3.3 их наяд төгрөгийг Засгийн газар хуваарийн дагуу төлөх учиртай. Гэвч эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хугацаанд нь төлөлгүй сунгах замаар явж байсан. Энэ нь эргээд зээлийн ангилалд сөргөөр нөлөөлөх байдал үүссэн. Харин арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1,1 их наяд төгрөгийн нийт 1600 гаруй ААН-д олгосон зээлүүдийн төлөлт харьцангуй сайн байгаа. Гэхдээ улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдох, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтүүд сүүлийн саруудад их гарах болсон.

-Хөгжлийн банкны санхүүгийн чадавхийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр Засгийн газар зорьсон. Энэ арга хэмжээний хүрээнд тус банкны өөрийн хөрөнгийн хэмжээг нэг  их наяд хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэх талаар тусгасан тогтоол гаргасан. Гол нь тэрхүү тогтоолд чанаргүй зээлийг хэрхэн төлүүлэх талаар тусгагдсан уу?

-Оны өмнө “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг УИХ-аас баталсаныг та бүхэн мэдэж байгаа. Үүний дагуу улсын төсөвтэй холбоотой бүх төсөл хөтөлбөрүүдийг улсын төсөвт шилжүүлж байгаа.Чанаргүй зээлийг хэрхэх талаар тогтоолд тусаагүй. Банкны зүгээс хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь хэмжээг бууруулах, эргэн төлөөлүүлэх, хуулийн байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байгаа.

-Анх батлуулсан төсвөө хэд дахин нугалж санхүүжилт авсан, мөн хууль бус олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн зөрчил гарсан. Эдгээрийг хуулийн байгууллагад шилжүүлсэн гэсэн. Хэрэг мөрдлөг ямар шатандаа явж байна вэ?

-Төсөвт өртөг нэмэгдсэн төслүүд бол байгаа. Тэрийг Засгийн газрын шалгалтын ажлын хэсэг дээр гаргаад олон нийтэд ил болгосон. Тухайлбал, “Гудамж” төсөл 30 гаруй аж ахуйн нэгж дээр төсөвт өртөг хэдэн арав дахин нэмэгдсэн тохиолдол бий. Ийм аж ахуйн нэгжийг холбогдох хууль хяналтын байгууллага нь шалгаад төсөвт өртөгөө хиймэлээр нэмсэн, эсвэл анхны хийсэн гэрээн дээрээ нэмэлт ажил өгөөд тэр нь төсөвт өртөг нэмэгдсэн байдлаар тусгагдсан эсэхийг холбогдох байгууллагууд нь шалгаж тогтоох байх. Бид хуулийн байгууллагаас шаардсан шаардлагатай материалыг тухайн бүрт нь гаргаж өгөх байдлаар хамтран ажиллаж байгаа.

-Мэдээж хөгжлийн банкнаас санхүүжилт авч зориулалтын дагуу ашиглаж үр дүнд хүрсэн олон төсөл байгаа. Үүний үр дүнд дунд, том үйлдвэрүүд ч байгуулагдсан. Тэгвэл Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан бизнесүүд хэрхэн өргөжиж эдийн засаг ямар хувь нэмэр оруулсан талаар тоо баримт хэлэх боломжтой юу?

-Арилжааны банкаар дамжуулаад 1600 гаруй аж ахуйн нэгжид зээл олгосон. Энэ нь Засгийн газраас баталсан олон хөтөлбөр бий шүү дээ. Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888, ноос ноолууран эдлэлийг дэмжих, Мах хөтөлбөр, Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах гэдэг ч юм уу. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд дээрх аж ахуйн нэгжид 1.1 их наяд төгрөгийн зээл олгосон. Мөн Хөгжлийн банк шууд санхүүжүүлсэн 16 том төсөл бий. Мэдээж зээлээ зориулалтын дагуу ашиглаад эдийн засаг, санхүүгийн үр ашигтай амжилттай явж байгаа аж ахуйн нэгж ч бий. Мөн ажлын хэсгийн шалгалтаар зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдлууд ч байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой аж ахуйн нэгж эрсдлээ тооцоод зээлээ зориулалтын дагуу ашиглахгүй арилжааны банкинд хадгалуулчихсан тохиолдол ч гарсан. Хөгжлийн банк Монгол улсын санхүүгийн секторын томоохон тоглогч, дангаараа 20 орчим хувийг бүрдүүлж байгаа гэдэг утгаар улс орны эдийн засагт багагүй хувь нэмэр оруулж байгаа. 

-Сайны хажуугаар саар гэж дуусаагүй төслүүд ч бий. Тийм биз?

-Мөн санхүүжилт нь дутсан ч юм уу, эсвэл зориулалтын бусаар ашиглаад төслөө дуусгаж чадаагүй тохиолдлууд ч бий. Энэ бүхнийг бид ажлын хэсэг гаргаад нарийвчлан шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагатай хамтраад чанаргүй, эрсдэлд орсон зээлүүдийг төлүүлэх арга хэмжээ ч авч байна.

- УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын үүсгэн байгуулсан “Монполимент” компани Хөгжлийн банкнаас зээл авахдаа зээлийн хороогоор асуудал нь хэлэлцэгдээгүй тухай З.Нарантуяа гишүүн чуулганы танхимд хэлж байсан. Энэ асуудлын талаар юу хэлэх вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагынханд буруу зөрүү мэдээлэл өгч, ташаа мэдээлэл цацагдсанд банкны зүгээс харамсаж байна. Энэ тал дээр ямар асуудал үүссэн бэ гэдгийг нягталж үзсэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд “Монполимет” компанид зээл олгохдоо зээлийн хорооны дүгнэлт гараагүй гэж дурьдагдсан байсан.

-З.Нарантуяа гишүүн яг үүнийг хэлж байсан?

-Бид үүнийг шалгаж үзсэн. Ажлын хэсэг шалгалт хийхдээ манай дээр байгаа материалуудыг тулгаж, баримтын шалгалт хийсэн. Гэтэл ТУЗ-ийн шийдвэр дээр 2014 оны есдүгээр сарын 24-ний өдрийн зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн гээд тогтоол гарсан байсан нь ташаа мэдээлэл цацагдахад хүрч, бусдад буруу ойлголт хүргэсэн хэрэг.

-Юу гэсэн үг вэ?

-Өөрөөр хэлбэл, “Монполимет”  компанид зээл олгох шийдвэрт ямар ч асуудал байгаагүй. Дээрх өдөр нь Зээлийн хороо хуралдсан ч “Монполимент” компанийн асуудлыг хэлэлцээгүй байдаг. Харин “Монполимент” компанийн зээлийн асуудлыг мөн оны аравдугаар сарын 7-нд хэлэлцэж, ТУЗ-ийн хурал нь аравдугаар сарын 15-нд болсон. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга огноо бичихдээ алдаа гаргаснаас дээрх зөрүүтэй мэдээлэл цацагдаж, ажлын хэсгийнхний дүгнэлтэд ч багтсан байгаа юм.

-Зээлийн хорооны огноог л зөрүүтэй тавьчихсан гэж үү?

-Хэлэлцээгүй өдрийнх зээлийн хорооны шийдвэрийг тавьчихсан. Ингээд шалгалтын хорооныхон тулгаж үзэхээр үндэслэлгүй гэсэн дүгнэлт гарсан байдаг. Ийм жижиг асуудлыг чуулган дээр том хэрүүл болгож, дээрээс нь компанийн нэр хүндэд халдсан нь туйлын харамсалтай явдал.

-Энэ тухайгаа хоёр намын бүлэгт мэдэгдсэн үү. Хөгжлийн банкныхан болон ажлын хэсгийнхнийг худалдагдлаа гэх байдлаар гишүүд зэмлэж байсан шүү дээ?

-Бид энэ талаар МАН, АН-ын бүлгүүдэд, мөн “Монполимент” компани болон холбогдох байгууллагуудад албан бичгээр явуулсан.

-Хөгжлийн банк Монгол Улсыг хөгжүүлэхэд биш улстөрчдийг хөрөнгөжүүлэхэд голлох нөлөөтэй байгууллага юм шиг харагдах боллоо. Зээл авсан аж ахуйн нэгжүүдийн 60 хувь нь МАН-ын угшлынхан гэж АН-ынхан мэдэгддэг. Үнэхээр ч Н.Номтойбаяр, Ц.Гарамжав зэргээс харахад МАН-ынхан чамлахааргүй зээл зулгаасан ч юм шиг. Эргээд зээл авсан аж ахуйн нэгжүүдийн дотор АН-ын угшлынхан ч багагүй жин дардаг гэлцдэг. Жишээ нь, “Эрэл” компани, “Модерн номадс” гээд нэрлэж болох байх. Ер нь улстөрчдийн хичнээн компани, аж ахуйн нэгж зээл авсан байдаг юм бэ. Тодорхой тоо, баримт хэлэхгүй юу?

-АН-ын бүлгийн мэдээллийг харж байхад улстөржсөн өнгө аяс харагдаж байна билээ. Зээлийн 60 хувийг МАН-ын гишүүд эзэлж байна гэдэг ч юм уу, таны хэлсэнчлэн. Гэтэл энэ нь ямар ч үндэслэлгүй.

-Яагаад..?

-Яагаад гэвэл Хөгжлийн банкны зээлийн багцын бараг 54 хувь нь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлсэн зээлүүд байгаа. Тэрийг бүгдийг нь МАН-ын гишүүд авна гэж байхгүй. Тухайн үед Засгийг хэн барьж байлаа. Ойлгомжтой шүү дээ. Ийм үнэмшилгүй зүйл ярьсан.

-Гэтэл Н.Номтойбаяр, Ц.Гарамжав гээд нэрлээд байна шүү дээ?

-Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 16 төслийн МАН-тай холбох гээд байгаа нь хоёр л төсөл бий нь энэ. Эдгээр төслүүд нь ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу санхүүжигдсан 2 төсөл гэж болно. Учир нь нийт төслийн дүнгийн 20-25 хувь нь Хөгжлийн банкнаас авч, үлдсэн хэсгийг нь төсөл санаачлагч болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас бүрдүүлсэн байдаг. Нөгөөтэйгүүр, Монполитмет компани үйлдвэрээ 100 хувь ашиглалтанд оруулсан бол МАК үйлвэрийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа бөгөөд энэ хавар ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.  Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас шууд олгосон 16 том төслийн амжилттай яваа цөөн төслийн 2 нь юм.

-Өөр байхгүй гэж үү?

-“Монполимет” , “МАК”.  Бусад нь төрийн өмчит аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэн байгаа. Тэгэхээр тэр 60 хувь бол үндэслэлгүй, улстөржсөн яриа. Ер нь Чингис бонд, Хөгжлийн банкнаас босгосон 580 сая ам.доллар бусад эх үүсвэр орсон Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийг хэн, ямар аж ахуйн нэгж хэдэн төгрөг авсныг бүгдийг ил тод болгосон шүү дээ. Сайтан дээр энэ бүх мэдээлэл нээлттэй байгаа. Дурын иргэн ороод ямар аж ахуйн нэгж ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж вэ гэдгийг харах боломжтой.

-“Эрэл” компани Хөгжлийн банкнаас зээл авсан. Зээлээ төлөөгүй. Хуулийн байгууллагад шалгуулахаар болтол эсэргүүцэл үзүүллээ. Нөхцөл байдал ингэж хурцадсан байж шүү дээ?

-Иймэрхүү зүйл байгаагийн нэг жишээ нь “Эрэл” компани. Манай банкны зүгээс тус компанид холбогдох зээлийн зарцуулалт, материалаа гаргаж өгөх шаардлагыг удаа дараа тавьсан. Харамсалтай нь, бидний тавьсан шаардлагад нийцсэн мэдээ, материалыг гаргаж өгөхгүй хэдэн сар болж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлттэй холбоотойгоор хуулийн байгууллага шалгаж байгаа. Эрсдэлд орсон зээлүүдийг шалгаж байгаагийн нэг нь “Эрэл” компани гэж ойлгож болно.

-Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудал яригдах үед З.Нарантуяа гишүүн мөн ч их эсэргүүцсэн дээ. Зээл авсан аж ахуйн нэгж зээлээ төлөхөд л хангалттай гэх байдлаар тайлбарлаж байсан?

-Мэдээж аж ахуйн нэгжтэй гэрээ хийгээд зээл олгосон. Иймээс аж ахуйн нэгж хуваарийнхаа дагуу л зээлээ төлнө. Гэтэл банкны зүгээс бид нар хүнд байдалд орлоо тиймээс та нар зээлээ хугацаанаас нь өмнө төл гэж шаардах нь зохимжгүй. Хоёрдугаарт, зээлийн багцын 54 хувь улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлүүд байсан.

-Хөгжлийн банкны тухай хуулийн 24.1.1-д “зээл, зээлтэй адилтгах актив хөрөнгийн нийт дүн нь өөрийн хөрөнгийг 50 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх”-аар заасан. Гэтэл Хөгжлийн банкны нийт зээлийн багц нь актив хөрөнгийн 80 хувиас давсан гэсэн үзүүлэлт гарсан. Үүнтэй холбоотой гэж хэлж байна уу, та?

-Шинэ удирдлага Хөгжлийн банкийг хүлээж авахад банкны зохистой харьцаа алдагдсан байсан. Үүнээс болж гаднаас татсан зарим эх үүсвэрүүд хугацаанаас нь өмнө татагдах эрсдэл үүссэн байсан. Хэрэв энэ зээлүүд хугацаанаас нь өмнө татагдах, эсвэл зээлийг хугацаанд нь төлж чадахгүй болбол Засгийн газрын баталгаатай бусад эх үүсвэрүүд эргүүлэн татагдах эрсдэлтэй байв. Тиймдээ ч Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд баталсан. Энэхүү тогтоолын дагуу холбогдох арга хэмжээг авч банкны зохицтой харьцааг сайжруулж,  өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж авсан.

 -Эл тогтоол батлагдсанаар улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй байхаар болсон байх аа?

-Оны өмнө тогтоол батлагдсанаар банкны шалгуур үзүүлэлтүүд харьцангуй сайжирсан. Нөгөөтэйгүүр, дахиж улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхгүй гэдэг дээр тогтсон. Үүнийг дагаад хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн.

-580 сая ам.долларын өрийг ямар эх үүсвэрээс, хэдэн хувийн хүүтэй зээл авч төлөх гэж байна вэ?

-Энэ өрийг төлөхөд бид эртнээс бэлдсэн. Тодорхой хэд хэдэн хувилбарууд яригдаж байгаа. Ямар ч байсан энэ мөнгийг хугацаанд нь төлнө гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Манай улсын зээлжих зэрэглэл чанаргүй буюу Саа1 ангилал руу орчихсон энэ үед дээрх хөрөнгийг бүрдүүлэхэд амаргүй юм биш үү?

-Хугацаанд нь төлөх боломжтой. Энэ тал дээр эргэлзэхгүй байна.

 

-Хөгжлийн банкны эх үүсвэрийг хяналтгүй, тооцоогүй, улстөрчдийн эрх ашигт нийцүүлж зарцуулсны горыг бид амслаа. Хөгжлийн банкны өнөөгийн тохиолдолд хариуцлагын механизм үйлчилж чадаж байна уу?

-Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийнхний дүгнэлтэд Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай талаар онцолсон байсан. Товчхондоо, дахиж ийм алдаа гаргахгүй байхын төлөө хууль эрх зүйн орчноо сайжруулж, мөн Хөгжлийн банкийг олон улсын жишигт нийцсэн утгаар нь явуулах зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу УИХ-ын нэр бүхий 16 гишүүн Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн шинэчилсэн найруулгад нэлээн том өөрчлөлтүүд багтсан. Тухайлбал, таны асуусанчлан хариуцлагын асуудал. Торгуулийн хэмжээг ч нэмэгдүүлсэн. Мөн шийдвэр гаргах механизм дээр ч тодорхой заалтуудыг оруулсан байгаа.

-Жишээ нь, хариуцлагыг хэрхэн чангаруулсан бэ?

-Тухайлбал, ТУЗ-ийн гишүүн гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Хохирол учруулсан бол Компанийн тухай хуулийн дагуу өөрийн хөрөнгөөрөө хариуцлага хүлээж, хохирлыг барагдуулна гэх байдлаар хариуцлагыг чангаруулсан.

-Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор энэ бүх зөрчил дахин гарахгүй гэх баталгаа бий гэж үү?

-Хуульд Хөгжлийн банкны үйл ажиллагаа өргөжүүлж өгсөн. Хоёрт, хараат бус байдлыг нэмэгдүүлсэн. Гуравт, хариуцлагын асуудлыг өндөржүүлж, чангаруулсан. Дөрөвт, хяналтын тогтолцоог нэлээн сайжруулсан.

-УИХ-аас төсөл, хөтөлбөрийн жагсаалт жил бүр батлагдаагүй. Засгийн газар Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигчийн хувиар банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг баталсан, батлахдаа дандаа ТУЗ-ийг үүрэгжүүлсэн гээд зөрчил их. Энэ бүхнээс харахад дотоод хяналтын механизм алдагджээ гэж дүгнэхүйц. Энэ асуудлыг хуульд хэрхэн зохицуулсан бэ?

-Өнгөрсөн таван жилд хяналтын тогтолцоо бараг байхгүй шахам байсан. Өөрөөр хэлбэл, хяналтгүй, дотоод аудит байхгүй, мөн Сангийн яам, Монголбанкны хяналт байгаагүй. Шинэ хуулийн зохицуулалтаар жил бүр Монголбанк хянана. Засгийн газар, Сангийн яам ажлын хэсэг гаргаж гурван жил тутам хөгжлийн бодлого мөрийн хөтөлбөрт нийцсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байгаа эсэхэд хяналт тавих юм. Нөгөө талаар Хөгжлийн банкны зохистой харьцаа, активийг ангилах журмыг Сангийн яам, Монголбанк батлаад үүнийхээ хүрээнд шалгалтаа тогтмол явуулах ийм байдал руу зохицуулахаар хуулийн төсөл тусгасан байгаа.

-Тэгэхээр урьдын адил дотоод аудит ажиллах нь тийм үү?

-Хөгжлийн банк нь ТУЗ-ийн шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах дотоод аудитын нэгжтэй байхаар хуулийн төсөлд тусгасан. Дотоод аудитын нэгж нь банкны бодлого, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, төсөв, бусад шийдвэрийн хэрэгжилт, дотоод хяналтын үйл ажиллагаанд аудит хийж, зөвлөмж өгөх чиг үүрэгтэй ажиллана. Улмаар дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааны журмыг ТУЗ батлах юм. Түүнчлэн гүйцэтгэх удирлагын доор мөн дотоод хяналтын нэгж ажиллах юм.

-Хөндлөнгийн аудит ч мөн чухал болов уу. Энэ талын зохицуулалт тусгагдсан уу?

-Хөгжлийн банкны санхүүгийн тайланд ТУЗ-ийн шийдвэрээр сонгосон олон улсын нэр хүнд бүхий аудитын байгууллагаар жил бүр аудит хийлгэж, дүгнэлтийг жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хамт ТУЗ-өөс Монголбанк, Засгийн газарт хүргүүлнэ. Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлага хариуцахаар оруулсан. Мөн Хөгжлийн банк нь холбогдох тайлан, мэдээллийг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр болж байгаа. Улмаар тайлан, мэдээлэл гаргах журам, загвар маягтыг Монголбанкны саналыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

-Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэж том асуудал бий. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр асуудалд ханддаг болоод удаж байна. Үүнийг ч мөн хууль эрх зүйн хүрээнд тодорхой болгох ёстой болов уу?

-Хөгжлийн банкны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд шүүгч, эсхүл холбогдох улсын байцаагч торгуул оногдуулахаар шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Торгуулийн хэмжээ нэмэгдэж байгаа. Тухайлбал, зөрчлөөс хамаараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 225 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр торгох заалт орсон. Ер нь хуулийн төсөлд заасан торгуулийн хэмжээ Зөрчлийн хуульд заасан торгуулийн хэмжээнээс харьцангүй өндөр байгаа. Түүнчлэн дээр хэлсэнчлэн банкинд хохирол учруулсан бол шийдвэр гаргасан удирдлага, ТУЗ-ийн гишүүд Компаний тухай хуульд заасны дагуу өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхээр тусгасан байгаа.

-Хөгжлийн банк хараат бус, бие даасан байдалтай байхаар хуульчилсан ч хэрэгждэггүй. Тиймдээ ч улс төрөөс хэт хамааралтай болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд ашигтай ажиллах, хараат бус байх зарчмыг дурдсан боловч энэ зарчмыг хэрэгжүүлэх механизм байгаагүй. Иймээс хараат бус, бие даасан байдал, ашигтай ажиллах зарчмыг хэрэгжүүлэх механизмыг бий болгосон. Тухайлбал, Засгийн газрын хөрөнгийг итгэмжлэн удирдахаас бусад тохиолдолд Засгийн газар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан шийдвэрлэхгүй байхаар зохицуулсан.

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-аас жил бүрийн хаврын чуулганаараа баталж байхаар Хөгжлийн банкны тухай хуульд ийнхүү тодорхой заасан. Харамсалтай нь энэ асуудлыг өнгөрсөн хугацаанд хэлэлцээгүй шүү дээ?

-2011 онд 15 дугаар тогтоолыг УИХ-аас баталснаас хойш Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг тусгайлан тогтоосон аливаа шийдвэрийг УИХ-аас батлан гаргаагүй нь үнэн. Гэхдээ энэ заалт нь хэрэгжихэд хүндрэлтэй. Учир нь санхүүжүүлэх төслийн санхүүгийн үр ашиг, хэрэгжих бодит боломжид эдийн засгийн болон хууль зүйн үүднээс нарийн үнэлэлт дүгнэлт өгөх чиг үүрэг нь гагцхүү зээл олгогч болон мэргэжлийн байгууллагад байдаг. УИХ болон Засгийн газрын зүгээс эдгээр төсөл хөтөлбөрт бодлогын үүднээс хяналт тавих, Хөгжлийн банкийг удирдан чиглүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй болов уу. Нөгөөтэйгүүр, хуулийн шинэчилсэн найрууллагад Хөгжлийн банк УИХ-аас баталсан Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ.Гэхдээ эдгээр төсөл хөтөлбөр нь эдийн засаг болон санхүүгийн үр ашигтай, зээлээ эргэн төлөх боломжтой төсөл хөтөлбөрүүд байх ёстой юм. Түүнчлэн нийгмийн үр ашиг нь ч харгалзана.  Хуулийн төсөлд мөн хөгжлийн банкны санхүүжилтийн дүнгийн 60 доошгүй хувь нь экспортыг дэмжсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, үлдсэн нь импортыг орлосон үйлдвэрлэлд чиглэх юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!