АН-ын гишүүдийн сонголт хаашаа эргэх бол...

2017/05/03
Share |
Хүмүүс:
АН-ын гишүүдийн сонголт хаашаа эргэх бол...

Ардчилсан нам өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт ирүүлсэн гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь гардуулж өглөө. Ардчилсан намын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хамгийн олон горилогч нэрээ дэвшүүлж байна. Өнөөдөр намын 180 гаруй гишүүдийн дунд санал хураалт явуулж, хамгийн өндөр санал авсан нэг хүнийг сонгож, энэ сарын 6-нд болох их хурлынхаа үеэр нууц санал хураалт явуулж баталгаажуулах аж. Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав,УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нар албан ёсоор өрсөлдөхөөр боллоо. Тэдний хэн нь гишүүдийнхээ дэмжлэгийг авах нь уу гэдэг анхаарал татаж байна.

УИХ-ын гишүүн Л.Болдыг МоАН фракц нь дэмжиж байгаа. Энэ фракцыг үүсгэн байгуулагчид нь Э.Бат-Үүл, Г.Батхүү нар. Тэд  өөрсдөө биш бүлэглэлийнхээ толгойлогчийг дэмжиж нэр дэвшихээсээ татгалзав бололтойдог. Л.Болд шаггүй боловсролтой, гадаад харилцааны талаар хаана ч очсон нүүр түлээд байхааргүй туршлагашсан парламентч. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал олон нийтийн зүгээс хамгийн рейтинг өндөртэй байгаа. Нэр хүнд, зангараг нь төө илүү ч гэлээ, түүнийг намын гишүүд нь багаар ажиллаж чаддаггүй, ганцаарчилсан тоглолттой, ажил хэрэгч биш хэмээн шүүмжилдэг. Хэтэрхий аминчхан үзэлтэй гэгддэг учраас  гишүүдийнхээ итгэлийг хүлээж чадахгүй байх талтай байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав одоогоор намынхан дундаасаа бодлогын томоохон концепц дэвшүүлснээрээ ялгарч байгаа. Ерөнхийлөгчийн засаглалтай болохоор хуулийн төслөө хүртэл боловсруулсан аж. Түүнд төрд ажилласан туршлага, итгэл даах чадвар бий. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сүүлийн таван гүйцэтгэх засаглалын тэргүүнээс хамгийн том бүтээн байгуулалт өрнүүлсэн гэдгээрээ эрхгүй онцгойрно. Гэхдээ тэрээр сүүлийн хэдэн сар хэрүүл хийх нь ихдэж, гомдол тунирхалдаа бачуурч яваа. Өөрөө долоон жил нам удирдчихаад дахиад л намын даргын төлөө сунгаанд оролцсон нь өсөлттэй явсан рейтингийг нь унагасан хэрэг. Намын дарга болохыг нь дэмжээгүй гишүүд Ерөнхийлөгчид сойх уу гэдэг эргэлзээтэй байна.

УИХ-ын гишүүн Х.Баттулга  бусдад буруугаа чихэж яагаад өнөөдрийг хүртэл төмөр зам бариулаагүй шалтгааны учир шалтгааныг хайсаар яваа нэгэн. Хийж бүтээж чадаж байхад боломж олгохгүй байна гэж гоморхдог. Энэ л  арга барил нь ч одоо үргэлжилсээр. Танк оруулж ирээд дайрчихна гэсэн пиарт нь ч  хүмүүс итгэхээ больж буй. Б.Жаргалсайхан  АН-ын босгыг алхаад удаагүй байгаа шинэков. Намын лидерүүд, хуучин ланжгарууд нь өрсөлдөхөө зарлачихаад байхад байгуулсан намаасаа нүүр буруулаад ирсэн түүнийг уухайлан дэмжинэ гэдэг юу л бол доо.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.