60 ТЭРБУМЫНХАН СҮҮЛЧИЙН СУМАА ТАВИЛАА

2017/08/26
Share |
Хүмүүс:
60 ТЭРБУМЫНХАН СҮҮЛЧИЙН СУМАА ТАВИЛАА

 

60 тэрбумынхан

Монголын төрд авлигын сүлжээ бодитой нүүрлэж, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн шатлан зарах тухай Сандуй нарын яриаг та бид сонсоод жил гаруй хугацааг үдлээ. Олон нийтийн шахалт шаардлагын хүчинд Авлигатай тэмцэх газраас энэ хэргийг шалгаж эхэлсэн.

Сонгуулиас сонгуулийн хооронд "60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг" гэж гөрдөж байсан авторууд нь "Эвлүүлэг байгаагүй" гэдгийг МАН-ын удирдах зөвлөлийн хурал дээр хүлээн зөвшөөрчээ. Үүнээс улбаалан эрх баригч хүчний нэр хүнд урьд хожид байгаагүй унасан. Бичлэгийн үед байлцсан, дуу хоолой нь тодоос тод үлдсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг "60 тэрбумынхан" хэмээн олон нийт овоглох болов. 60 тэрбумынхныг Монголын нийгэм тэр аяараа жигшин зэвүүцэж байгаа хэдий ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАК-ийн Н.Номтойбаяр, сүүлийн нэг жилийн дотор концесс нэрээр хэдэн зуун тэрбумыг залгисан сайд нар тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс хамгаалж буй. "Хамгаалагч" бүрийнхээ тоогоор 60 тэрбумынхан бүл нэмж байна. Тэд төр засгийг хүчлэн барьж, МАН-ын даргын суудлыг өөрсдөдөө авч үлдэхийг эрмэлзэж байна.

Гэвч 60 тэрбумынхныг хазаарлан барьж, хариуцлага тооцохыг иргэд шаардаж байгаа. Тэднийг зогсоож чадах хүч нь У.Хүрэлсүх. Нийгмийн дэмжлэг, намын нөхдийн хүрээллээрээ 60 тэрбумынхнаас эрс шинэ хүлээлт үүсгэсэн У.Хүрэлсүх өнгөрсөн нэг сарын хугацаанд Авлига, албан тушаалын наймааны алдарт тогтолцооных нь заналт дайсан байснаараа "урвагч" хэмээн цоллуулав. Өчигдөрхөн У.Хүрэлсүхийг АТГ-аас "Өөрийгөө тагнан чагнасан тул яллагдагчаар татах саналыг прокурорт гаргалаа" гэсэн мэдэгдэл хийлээ. Өнөөдөр өглөө Монголын томоохон сайтуудаар "У.Хүрэлсүхийг намаас хөөнө" гэсэн мэдээллийг ил тод түгээж эхэллээ. У.Хүрэлсүхийг тагнан чагнасан хэргийн тухай АТГ үг унагасангүй. Намаас хамгийн эхэлж хөөх ёстой Ц.Сандуйг мэдээллийн хэрэгслүүд "мартав".

Одоо монголчууд ганцхан зүйлийг харах үлдлээ. 60 тэрбумынхан нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэлээр дамжуулан Монголын төрийг үүрд эзлэх үү, тэднийг эрх баригч намаас, төрийн өндөр сэнтийгээс үлдэн хөөж төр улсаа бүтэн авч үлдэх үү. Тэд "үлдэхийн" тулд бидний бодлоос олон дахин зөрүүтэй аймшигт үйлдлүүдийг хийж байна. Тагнуул, АТГ, цагдаа гэх мэт хүчний байгууллагын тогтолцоог тэр чигээр нь иргэнийхээ эсрэг, төрийнхөө эсрэг ашиглаж байна. Тагнаж, чагнах нь энэ төрийн үед энгийн үзэгдэл болов. 60 тэрбумынхны өмнө Монголын хууль сульдаж, Монголын төр нүцгэрч байна. Тэдний ялалт, эс бөгөөс ялагдлын үнэ цэнэ Монгол улсын тусгаар тогтнол, Монгол төрийн язгуур эрх ашиг, Монголын ард түмний хувь заяагаар хэмжигдэж байна.

 

АТГ-ын яаруу мэдэгдэл ...

АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлахад "60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийх юм байна" гэсэн ойлголттой сэтгүүлчид очсон. Гэтэл “60 тэрбумын аудио бичлэгийг эвлүүлэг мөн эсэх талаар дахин тогтоохоор шинжээчдийн баг ажиллаж байгаа” гэснээс өөр тайлбар өгөөгүй юм. Тэгвэл АТГ-аас ажлын сүүлийн өдөртэй уралдаж хийсэн гол мэдээлэл юу байв? Энэ бол Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнаж чагнасан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс АТГ олж үзээд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн тухай мэдээлэл. Арга тасармаар иймэрхүү зүйлийг манай хууль хүчний байгууллагынхан л ярьдаг болж.

Асуудлыг эргээд товчхон хүүрнэе. Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнаж байна гэсэн мэдээлэл дөрвөн сарын өмнө түүний хамаатан, цагдаагийн ажилтан н.Амарсанаад ирсэн байна. н.Амарсанаа энэхүү ноцтой мэдээллийг У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаярт мэдэгджээ. Улмаар энэ хэргийн анхны гэрч Ч.Батболд “Нью фалкон гэгч өөрийн компанийн захирлын даалгавраар шадар сайдыг хэрхэн тагнаж чагнасан, ямар үйл ажиллагаа явуулсан" тухай бичлэгээ олон нийтэд дэлгэсэн. Хэрэг явдлын мөрөөр У.Хүрэлсүх 2017 оны 7-р сарын 3-нд АТГ, Тагнуулын Ерөнхий Газарт хандан асуудлыг нягтлан шалгаж өгөх хүсэлтээ гаргасан байна. Хоёр сар шахам хугацаа өнгөрч байхад энэ хэргийн талаар дорвитой ажиллагаа хийгдсэнгүй. Харин АТГ Шадар сайд У.Хүрэлсүх рүү эргэж "ноцов".

 

Намын даргын сунгааг АТГ шийдэх үү?

МАН-ын дотоодод өрнөж байгаа улс төрийн гаднах өнгө ийм ажээ. У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын намын даргын төлөөх тэмцэлд АТГ, ТЕГ оролцож байгааг олон үйл явдал нотлон харуулж байна. Ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу 7-р сарын 28-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Яг үүнд зориулан АТГ-аас "цаг үеийн" мэдээлэл хийлээ гэдгийг улс төрийн ангийн оюутан ч ойлгож байгаа. Намын даргын төлөөх зодоон МАН-ыг муухай харагдуулж байгаа нь үнэн. Гэхдээ муухай харагдахаас илүүтэй муухай хэвээр үлдчих вий гэдэгт МАН-ын 200 мянган гишүүн сэтгэл зовниж байгаа нь илүү хүчтэй үнэн. 60 тэрбумын хэрэгтэй эвлэрэхгүй гэдгээ зарлаж, төрийн албыг авлигачдаар дүүргэхийн эсрэг зүтгэсэн хүнийг АТГ-аас ингэж яллаж байгааг ойлгоход тийм ч хэцүү биш.

Хэрвээ та санаж байгаа бол 60 тэрбумын бичлэг дунд Ц.Сандуйгийн зүгээс МАН-ын дарга М.Энхболдод хандан: “Бидэнд хуулийнхны хаалт халхавч хэрэгтэй бид толгойгоогоороо дэнчин тавьж байна шүү?!! Энхболд даргаа?!!” гэж дахин дахин давтан хэлж байсны учиг одоо л ойлгогдож байх шиг.

 

АТГ бол хуулиар тусгай үүрэг хүлээсэн байгууллага. Авлигын эсрэг Монгол улсын хуульд Авлигатай тэмцэх байгууллага, түүний бүрэн эрхийн тухайд 15.1.Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн” хэмээн заажээ. Гэтэл У.Хүрэлсүхийг буруутгаад байгаа Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйл анги нь АТГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хамааралгүй болох нь тодорхой байна. Тэгвэл АТГ-ын зүгээс өөрийн харьяалалд хамааралгүй асуудлын хүрээнд У.Хүрэлсүхийг яагаад яллагдагчаар татах болов. Үүний шалтгааныг дараах нөхцөлтэй холбон ойлгож болмоор...

АТГ-ын дарга М.Энхжаргал УИХ-ын дарга М.Энхболдын хүн гэгддэг бөгөөд мань эрийг М.Энхболд дарга Төв аймгийн Цагдаагийн дарга байхад нь Улаанбаатар хотод татан ЗЦГ-ын даргаар томилуулж байсан гэдэг. Мөн сошл ертөнцөд ХИТ болсон “ААРХАЛ” бичлэгт АТГ-ын дарга Х.Энхжаргал МАН-ын дарга М.Энхболдын гэрт зочлон түүнд бөхөлзөн хүндэтгэл үзүүлж байхыг бид харсан. Энэ бүхнээс дүгнэхэд, АТГ эцсийн хүчээ шавхан М.Энхболдын даалгавраар намын даргын асуудалд оролцож байна гэдэгтэй хэн маргах юм бэ?

 

 

Нам дамжсан олигархиудын бүлэглэл нурж байна...

60 тэрбумынхан байж суух газраа олж ядан "тарчилж" байна. “Ардын хүүхэд даваа авч магадгүй” энэ наадмын жинхэнэ үр дүн намын даргын суудлаар хэмжигдэхгүй. Хэн нэгэн хүн Ерөнхий сайд болсноор энэ дайн төгсөхгүй. Сүүлийн 20 гаруй жил Монголын төрд бугшсан МАНАН бүлэглэлийн мафийн сүлжээ нуран унах "аюул" нүүрлээд байна. "Дон" Бадамжунайгийн тэргүүлсэн авлига, албан тушаал, газрын наймааны асар том систем задрах гэж байна. Жунай дарга хамгийн их уурлаж байна. 60 тэрбумынхны олхиогүй ажил одоо хамгийн том завиа хөмрөхөд хүргэснийг тэр яахин уучлах билээ. Хэрвээ асуудлаа шийдэж чадахгүй бол Эби+Жунай+Миеэ гэсэн энэ томъёо Эби+Жунай-Миеэ болон хувирна. Бүтэц сууриараа ганхаж эхэлжээ. Энд хамгийн их гай тарьж, тэднээс "урвасан" хүн бол У.Хүрэлсүх. Өөрийгөө тагнуулахаар өөрөө зардал гаргаж, өөрөө зохион байгуулж, өөрөө өөрийгөө ялд унагадаг эрүүл сэтгэлгээтэй хүн байхгүй. Ялангуяа У.Хүрэлсүх шиг эрс шийдэмгий зантай хүнээс ийм ядмаг зүйл хэзээ ч гарахгүй. Гэхдээ тэр хамаагүй. Ямар ч үнээр хамаагүй, ямар ч аргаар хамаагүй түүнийг хазаарлах нь 60 тэрбумынханд чухал байна. Үгүй бол Дон тэднээс нүүр буруулна. 60 тэрбумынхан системийнхээ гадна үлдэнэ. Монголын улс төрд цоо шинэ эрин үе эхэлж, Монгол улс авлигачдаасаа сална. Тийм л учраас 60 тэрбумынхан сүүлчийн сумаа тавилаа. Тэд У.Хүрэлсүхийг намаас нь хөөх юм гэнэ.

Д.Зоригт

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.