ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын зооглох бялууны хэсэг

2017/08/31
Share |
Хүмүүс:
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын зооглох бялууны хэсэг

Хүнийг гаднаас нь дүгнэж болохгүйн илэрхий нэг жишээ бол УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт. Өнөөгийн Засгийн газрын гишүүд дунд бас ч гэж шударга, юмны наад цаадахыг ойлгохоор нь С.Бямбацогт байх... гэж харцгааж байв. Харамсалтай нь тэр тийм хүн биш аж.

    Мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг сэн. Бямбацогтод мөнгө үзүүлэхэд л төрөл арилжчихаж байна штээ. “Олон ястны өлгий Ховд нутгийн үнэнч хүү” энэ тэр гэж цоллуулаад байдаг нь бараг өөртөө өгсөн цол болж таарав. Хууль Зүй Дотоод Хэргийн сайдын сэнтий гэдэг хууль завхруулахад ашигладаг нуувч биш баймаар. Харин ч түүний эсрэг төмөр нударга далайж, төрийн төмөр нүүрийг харуулах ёстой алба байлтай. Гэтэл С.Бямбацогт сайдтан тэгсэнгүй. Харин ч баярын бялуу хуваадаг “ширээ, сандал” маягаар ашиглаж эхэллээ.

  “Үг яриа нь гүдэсхэн, хэлэх гэснээ хэлчихдэг...” гээд л хөдөөний хөгшчүүд магтахыг олонтоо сонсож байв. Тэдний сэтгэл рүү ус цацан тоглож суугаа С.Бямбацогт өнөөдөр Концессын гэрээтэй нэрээ хутгачихаад, түүнийгээ хээв нэг өмөөрч сууна. Мөнгө хүнийг сүйртэл нь эвддэг бололтой. ХЗДХ-ийн сайд хүн ийм зүйл хийж байхад бусад нь арга ч үгүй биз дээ. Чонотой нийлсэн хотны нохой чононоос ч аюултай гэдэг.

  Луйварчидтай нийлсэн Хууль Зүй Дотоод Хэргийн сайд гэдэг бүр ч аюултай байж мэднэ. Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 36 дахь хэсэгт “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэлт төсөл” тусгагджээ. Эдийн засгийн хөгжлийн сайд, Эрчим хүчний сайд нарын хамтарсан 2014 оны 41/69 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг уг төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтыг мөн оны зургадугаар сарын 13-ны өдөр зарласан байна. Ажлын хэсэг ч болзол ёсоор хамгийн сайн нөхцөл, боломжит үнийн дүн /бага мөнгөөр чанартай бүтээн байгуулалт хийх/ санал болгосон гурван компанийг шалгаруулан үлдээжээ. Эндээс С.Бямбацогтын булхай луйврын зам эхэлсэн харагдана.


 

    Сонгон шалгаруулалтад SANBAIN SCI-TECH ХХК 37.0 тэрбум төгрөг буюу 20.2 сая ам.доллар-ын саналтайгаар нэгдүгээрт, “Монхорус” ХХК /үнийн санал олдсонгүй/ хоёрдугаарт, С.Бямбацогтын өөрийн “Алтай трест” ХХК  40.5 тэрбум төгрөг буюу 22.3 сая ам.долларын үнийн саналтайгаар шалгарсан байдаг. Энэ үеэр  нэг болон хоёрдугаарт бичигдсэн компаниудын Засгийн газартай хийсэн хэлэлцээр ямар нэг шалтгаанаар амжилтгүй болсон нь гайхмаар. Шалтгаансаад байх ч юу байхав. Засгийн газар дээрх хоёр компанид баталгаа байршуулах шаардлага хүргүүлсэн байгаа юм.

   Мэдээж тэр нь “биелэгдэшгүй даалгавар” байсан биз. Ийнхүү С.Бямбацогтын “Алтай трест” ХХК-д “ногоон гэрэл”-ийг Засгийн газрын хүчээр асааж өгчээ. 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр С.Бямбацогтын компани Концессын гэрээний төслийн хэлэлцээрт уригдсан байх юм.

   Түүний Концессын гэрээний зардлыг задлан хүргэе л дээ.

-Алтай трест ХХК-ий тухайн үеийн барилга угсралтын ажлын өртөг 22 сая 330 мянга 637 ам.доллар,

-Зээлийн хүү 8 сая 870 мянга 375 ам.доллар

-Нийт өртөг 31 сая 798 мянга 194 ам.доллар... болсон байна.

С.Бямбацогтын “Алтай трест” ХХК-ий Засгийн газраас “идэх” мөнгөний зөвхөн хүү нь гэхэд С.Баярцогтын офшорт нуусан 1 сая ам.долларыг бараг ес дахин их болж байгаа юм. Тэгэхлээр энэ нөхөд офшорчдоос ч шуналтайгаар мөнгө гулруулахаар зэхэж байж.

 Энд бас хууль зөрчсөн үйлдэл харагдаж байгааг та анзаарч байгаа байх. Үндсэн хуульд заасан “Төлбөр тооцоог монгол мөнгөөр хийх” тухай заалтыг ХЗДХ-ийн сайдтан зөрчихөж. Монгол компани өөрийнхөө Засгийн газартай яагаад заавал ам.доллараар гэрээ байгуулж байгаа нь сонирхолтой байгаа биз. Энэ ч ойлгож ядаад байх асуудал биш л дээ. Ханшаараа төгрөгийн уландаа гишгэчихсэн ам.доллар гуайн үнэ цэнэ өдөр бүр нэмэгдэнэ гэдгийг тун нарийн мэдэрч байгаа болоод тэр.

  2017 оны гуравдугаар сарын 30-ны өдөр /ХЗДХ-ын сайдын сэнтийгээс/ эцэслэн байгуулсан уг концессын гэрээний дүнг монгол мөнгөнд шилжүүлбэл 77 тэрбум 695 сая 74 мянга 256 төгрөгт хувирч байна. Асар их мөнгө биш гэж үү!!! ХЗДХ-ийн сайдын шунал одоогоор ийм өндөр тоогоор хэмжигдэж байна. Уг нь энэ гэрээнээс өөрөөр орооцолдсон асуудал бага юм байна шүү дээ, сайд аа!!! Шуналаа хазаарлаад, буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөөд энэ эгнээнээс гарчихаж болдоггүй юм уу? Гэхдээ мөнгөнд нэг орчихвол гарч чаддаггүй байх тийм үү, Сайд аа?...

 

З.Говьсайхан

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.