60 тэрбумынхан 75-аар бууж өглөө

2017/08/31
Share |
Хүмүүс:
60 тэрбумынхан 75-аар бууж өглөө
Ж.Эрдэнэбатын Засгийн газар унах нь нэгэнт тодорхой болов. Хэдхэн хоногийн дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана.   Энэхүү чуулганы үеэр МАН-ын 31 гишүүн дээр АН-ын  гишүүнд нэмэгдэж,  МАН-ын бүлгийн хурал дээр гар өргөхөөс татгалзсан 7 гишүүн нэгдэж,  Засгийн газрыг огцруулахаар улс төрийн зураг аль эрт зурагджээ. Гэвч “60 тэрбум”-ынхан огцрохоос, албан тушаалаа алдахаас үхтлээ айцгааж байна. Өөрсдийнхөө болж бүтэхгүй байгааг өнгөцхөн ч гэсэн далдаж, хэвлэлийнхний амыг боож, намын гишүүдээ айлгаж  сүрдүүлж, намаас хөөнө гэж заналхийлж байсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар одоо 75-аар бууж өгч, тохиролцооны ширээний ард суух, чадвал албан тушаалтайгаа, эс чадвал хариуцлагаас мултраад өнгөрөх гэж улаарч эхэлжээ. Тэд У.Хүрэлсүх рүү өдөр, шөнөгүй залгаж, Ц.Нямдоржийг аргадаж, тойлж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 31 гишүүнийг нэг, нэгээр нь дуудаж уулзан, албан тушаал, эрх мэдэл, тендер амалж,  хүссэн бүхнийг  чинь биелүүлнэ хэмээн  үлгэрт гардаг “Алтан загас”-ны дүрд хувилчихсан явна.  Албан тушаалд дуртай “60 тэрбум”-ынхан эхлээд Засгийн газраас   50 хувийн суудлыг өөртөө авна хэмээн томорч байсан бол сүүлдээ өнөөх тоо нь 30 хувь болтлоо бууж, албан тушаалын наймааг ямар ч үнээр хамаагүй хийхэд бэлэн гэж ам алджээ.  

Ямартай ч “60 тэрбум”-ынхан  айж байна. Гэхдээ тэд айсан, буусан байх нь хамаагүй. Концессын гэрээ нэрээр хувьдаа 800 гаруй тэрбум төгрөгийн гэрээ авч, улс  орныг эдийн засгийн хямралд унагаж, сонгогч олны итгэлээр, намынхаа нөхдийн зүтгэлээр тоглосон Ж.Эрдэнэбат, Д.Бямбацогт, Н.Номтойбаяр, А.Цогцэцэг, Д.Чойжилсүрэн нар хариуцлага хүлээх ёстой. Хэрвээ өнөөдөр эдгээр концессчидтой эвлэлдэж, нэгдэж, тэдэнтэй тохиролцоо хийвэл Монголд  дахиад л хуйвалдааны төр бий болно. МАН 65 суудал авсныхаа горыг эдэлж, ханаж цаддаггүй баячуудад  төрийн эрхийг бариулсныхаа шанг хүртэж  2020 оны сонгуульд ялагдал хүлээнэ.  Энэ бол тэдний өнөөдөр хийх гээд байгаа тохиролцооны эцсийн үр дүн нь. 

Харин тэдний тохиролцоо иргэдэд яаж тусах вэ? Энэ орны хувь заяанд яаж үлдэх вэ гэдэг асуудал өөр. Ганцхан жилийн дотор 800 гаруй тэрбум төгрөгийн гэрээг халаасалсан сайд нэртэй албан тушаалын наймаачид  гурван жилийн  дараа энэ улс орныг газар шороотой нь, хүн зонтой нь зарж идэж магадгүй нь гэсэн айдас хүйдэс төрүүлж байна. Тиймээс МАН-ынхан өнөөдөр хэн нэгэнтэй тохиролцох бус харин тойрч суугаад адгийн шааруудаа хөөж явуулаад, албан тушаалынхаа наймаачидтай хариуцлагаа тооцоод, төрийг төр шиг байлгах цаг л үлдээд байна. У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нар улс орны хувь заяа, ард түмний эрх ашиг, намынхаа  нэр хүндээр тохиролцохгүй байлгүй дээ  гэж итгэх л үлдэв.

Эх сурвалж: shudarga.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.