Ж.Эрдэнэбатын концессын Засгийн газар огцрох нь тодорхой боллоо

2017/08/31
Share |
Хүмүүс:
Ж.Эрдэнэбатын концессын Засгийн газар огцрох нь тодорхой боллоо

Намрын сэрүүн өдрүүд улс төрийн халуухан үйл явдлаар дүүрэн байна. МАН-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах өргөх бичиг барьж, МАН-ын бүлэг хуралдан нийт гишүүдийн 31 нь Ж.Эрдэнэбатад итгэл хүлээлгэхгүй гэдгээ илэрхийлсэн. Тэгвэл Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудал дээр Ардчилсан намын бүлэг нэгдмэл байр суурьтай оролцож, хариуцлага тооцох нь зүйтэй” гэсэн зөвлөмжийг гаргажээ. Ингэснээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар үндсэндээ огцорчихоод байна. Ж.Эрдэнэбатын хувьд Засгийн газраа огцруулахгүй байхаар хэр чадлаараа оролдож, МАН-ын даргатай тохиролцон ажлын хэсэг хүртэл байгуулж, УИХ-ын гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж, хэвлэл мэдээллийн амыг хаах хаалтын гэрээ байгуулж байгаа ч амжилт олж чадахгүй нь нэгэнт тодорхой болов. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, чуулган дээр Засгийн газрыг огцруулах асуудлаар санал хурааж, Ж.Эрдэнэбат огцрох нь тодорхой боллоо.

Үүнээс үүдэн Мэргэжлийн гэх тодотголтой, ганцхан жилийн настай Ж.Эрдэнэбатын Засгийн газрын алдаа юу байв гэсэн асуулт гарч ирнэ. Ж.Эрдэнэбат танхимын сайд нараа мөнгөтэй, мөнгөнд дуртай хүмүүсээр бүрдүүлсэн. Монголын төрийг машин шахааны газар болгон хувиргасан, Уралын политехникийн дээд сургуулийг механикч мэргэжлээр төгссөн Б.Чойжилсүрэнд Сангийн яамыг атгуулав. Тэгсэн хэрнээ эдийн засагч мэрэгжилтэй Бямбацогтыг Хууль зүйн сайдаар томилж, Н.Номтойбаяр, Ц.Дашдорж, Д.Оюунхорол гэх мэт компанийн захирлуудаар багаа бүрдүүлсэн. Мөн МАН-ынхаа гишүүдийн дунд ч  бараг танигдаагүй, намын удирдлагын түвшинд бол огт ажиллаж байгаагүй, улс төрийн туршлага багатай Д.Ганбат, А.Цогцэцэг, П.Сэргэлэн, П.Ганхүү гэх мэт хүмүүс Засгийн Газрын гишүүн, сайдаар томилогдсон. Тэр бүү хэл зарим сайд нарыг хэн нэгний худ ураг,  мөн авилга өгч албан тушаал худалдан авсан гэх яриа хүртэл иргэдийн дунд гарч байлаа. Мөн л хачирхалтай нь эдгээр ярианд албан ёсоор няцаалт хийсэн сайд  байхгүй. Ж.Эрдэнэбатын Засгийн газар санхүүгийн хямралд орж туйлдсан иргэдийн татвар нэмэх замаар асуудлаа шийдэхээр улаарав. Хүүхдийн мөнгийг хасч, прусны татвар нэмж, тэтгэврийн насыг хойшлуулах шийдвэрүүд гаргаж, гаргасан шийдвэртээ өөрсдөө орооцолдож, хөдөлж чадахгүй хөлөө тушуулсаар бүтэн нэг жилийг барав. Гэвч иргэдийн татварыг нэмсэн эрх баригчид концесс нэрээр асар их мөнгө халааслаж байсан нь илрэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙГ ХӨЛЖҮҮЛСЭН КОНЦЕССЫН ГЭРЭЭНҮҮД

Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Засгийн газар УИХ-д мэдэгдэлгүйгээр долоон концесс баталсан асуудлыг гишүүд сөхөж, мэдээллийг ил болгохыг шаардаж байв. Гэвч Сангийн сайд Б.Чойжилсүрэн тодорхой хариулт өгөхгүй байсаар төсвийн тодотгол батлагдсан билээ. Гэвч өнөөдөр л Ж.Эрдэнэбатын халаасанд нуугдаж байсан долоон концессын гэрээ ил болж байна. Эдгээр долоон концессын нийт төсөвт өртөг 744 тэрбум 90 сая төгрөг.

Н.НОМТОЙБАЯРЫН МАК 78 ТЭРБУМЫН КОНЦЕСС ХЭРЭГЖҮҮЛНЭ

Засгийн газраас дур мэдэн баталсан гэгдэж буй долоон концессын хамгийн эхэнд “Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээ юм. Төсөвт өртөг нь монгол мөнгөөр 78 тэрбум 752 сая төгрөг.

С.БЯМБАЦОГТ САЙДЫН “АЛТАЙ ТРЕСТ” 77 ТЭРБУМЫН КОНЦЕСС АВЧЭЭ

Жагсаалтын хоёрдугаарт “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концесс  нэрлэгджээ. Уг шийдвэр өнгөрсөн сарын 29-ний өдөр Засгийн газраас гаргасан 103 тоот тогтоолоор баталгаажсан ч албан ёсны мэдээлэл тусгагдаагүй юм байна. Барих, шилжүүлэх гэрээтэй концессын төсөвт өртөг нь 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлагджээ. Концессыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтынх гэгддэг “Алтай трест” ХХК гүйцэтгэхээр төсөлд тусгагджээ.

Ж.МӨНХБАТ 87 ТЭРБУМЫН КОНЦЕСС ОРУУЛСНАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ

Гурав дахь концесс нь Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар тээг”-ийн уулзвараас Цогц цэций сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай автозамын төсөл” аж. Нийт өртөг нь 87 тэрбум 771 сая төгрөг. Уг концессын гэрээ нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын онцолсноор өмнөх Засгийн газрын үед эхэлжээ. Тэрээр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр уг асуудлаар тодруулга хийхдээ “Би нэг зүйл хэлэхгүй бол болохгүй юм байна. Надтай холбоотой нэг концессын гэрээний асуудал байна. Говь руу явж байгаа 30 гаруй км замын ажлыг концессын гэрээгээр гүйцэтгэж байгаа. Гэхдээ өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээ” хэмээсэн байна. ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын энэ үйлдэл намынхандаа ил тод байх үлгэр жишээ болсон гэх явсан шог гарчээ.

211 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕССЫН АРД ХЭН БАЙГАА НЬ ТОДОРХОЙГҮЙ

Долоон концессын дөрөв нь өмнөх Засгийн газрын үед эхэлсэн тул үргэлжлүүлэхээс өөр арга байхгүй гэсэн тайлбарыг холбогдох албаныхан өгч буй. Эдгээрийн нэг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны 213 дугаар тогтоолоор батлагдсан ажил юм. Тодруулбал, “Завхан аймгийн Сонгино сумаас Увс аймгийн Хяргас Зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто замын төсөл”. Нийт төсөвт өртөг нь 211 тэрбум, 373 сая төгрөг юм. Замын гүйцэтгэгч компаниар “Хос мөнгөн залаа” компани ажиллах бөгөөд өмнө нь Завхан аймгийн Сонгино сумаас “Үзүүрийн булаг” гэх газар хүртэл автозам нь тавигджээ. Өндөр өртөг бүхий уг концессыг гүйцэтгэгч байгууллагын талаархи мэдээлэл олдсонгүй. Гэвч хоёр том намын нөлөө бүхий хүмүүс ард нь байгаа гэх мэдээлэл байна.

ЗАВХАН АЙМАГТ 234 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН КОНЦЕСС ЗООЖЭЭ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 148 дугаар тогтоолоор “Завхан аймгийн Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Нөмрөг, Сонгино чиглэлийн 167 км хатуу хучилттай автозамын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Барих, шилжүүлэх нөхцөлтэй хатуу хучилттай авто замын энэхүү ажлын төсөвт өртөг нь 660 сая, 17 мянган юань. Төгрөгт шилжүүлэн үзвэл 234 тэрбум 160 сая төгрөг юм байна. Уг замын ажлын явц ямар байгаа талаархи мэдээлэл одоогоор алга. Гэрээнд өөрчлөлт орсноор уг замыг барих компани өөрчлөгдөж буй мэдээлэл байна.

ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ ТОЙРОГТОО 26 ТЭРБУМЫН КОНЦЕСС АВЧЭЭ

Эдгээр концессудын нэг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай холбогдож байгаа юм. Тэр нь Дархан-Эрдэнэтийн автозамаас Сэлэнгэ аймгийн Сант, Орхон сумын замын зураг төслийг боловсруулах-барих-шилжүүлэх нөхцөлтэй 22.2 км авто зам юм байна. Төсөвт өртөг нь 26 тэрбум 640 сая төгрөг. Бүлгийн хуралдаан дээр гишүүд нь огцруулах асуудлыг хүртэл сөхөн ярихад Ерөнхий айд Ж.Эрдэнэбат сүрхий хүлээцтэй хандаж, танхимд торойсоор байсныг эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ үүнийхээ дараа “Та нар улс төрөө хий, би ажлаа хийнэ” гэсэн пост нүүр хуудастаа байршуулсан нь асуудал нэлээд өндрийг авсныг илтгэнэ. Уг замын ажлыг өнгөрсөн сарын дундуур Засгийн газраас концессоор хийх шийдвэр гарсан ч албан мэдээлэлдээ тусгаагүй аж.

АНХНЫ ТӨСӨВТ ӨРТГИЙГ 6.7 ТЭРБУМААР НЭМЭГДҮҮЛЖЭЭ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 300 ор бүхий төрөх эмнэлэг барих асуудалд Засгийн газрын хуралдааны мэдээлэлд албан ёсоор тусгагдаад байсан. Гол асуудал нь, анх 2013 онд уг концесс 19 тэрбумаар зурагдаж байжээ. Гэвч гүйцэтгэж байсан компани нь ажлынхаа 40-50 хувийг гүйцэтгэсэн мөртлөө нийт санхүүжилтийнхээ 95 хувийг авчихсан аж. Үүн дээр өнөөгийн Засгийн газар ажиллахдаа төсөвт өртөгийг даруй 6 тэрбумаар нэмэгдүүлж, 25 тэрбум 700 сая болгож оруулж ирсэн талаар эх сурвалж мэдээллэв.

Эх сурвалж: shudarga.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.