Дааврын түвшингээ хянаж чадаагүй дарга нартаа

2017/08/31
Share |
Хүмүүс:
Дааврын  түвшингээ хянаж чадаагүй дарга нартаа

Махан бие махбодид заяамал байгалийн өгөгдлөө хууль, ёс суртахуун гэх нийгмийн үнэт зүйлээр захирч чадаагүйн буруугаа МАН-ын эв нэгдэл, тогтвортой байдал гэх мэт үгсээр халхавчлахыг оролдож буй засгийн өндөр эрх мэдэл бүхий цөөн хүнд зориулан ийм нэг зүйл бичиглэв. 

Тестостерон хэмээх бэлгийн даавар ба эрх мэдлийн таашаал хоёр бие биеэ өдөөдгийг  Швейцарын эрдэмтэд судлан гаргажээ.  Эр хүн /тестостерон  нь эр хүний бие махьбод, ухаан, сэтгэл санааг зохицуулагч гол даавар/эрх мэдэлд очих үед   тестостероны түвшин огцом дээшилж,  сэтгэл санаа нь хэт хөөрч, биеэ тоож, бусдыг үл ойшоож эхэлдэг гэнэ.Бүх  эрчүүдэд заяасан  байгалийн эл  заяамал өгөгдлийг  эрх мэдэлтэн өөрөө ухамсарлаж  хариуцлагатай, шударга байх хуулиар заагдсан хэм хэмжээгээр  дарж өгөхгүй бол “нисээд л” байдаг аж.

МАН 2016 онд маш олуулаа ялсан ч өндөр дээд эрх мэдэлд очсон цөөн хүн тестостероны түвшингээ хянаж чадахгүй  буюу биеэ тоохын өвчинд нэрвэгдэж, сонгогчдод амласан амлалтаа умартсаар  Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон нь үнэн билээ. Эрх мэдэлд бялуурах ч  гэж үүнийг  монголчууд хэлдэг. Эрх мэдэлдээ бялуурсаар жилийн дараа дахин нэг сонгуульд ялна л гэж муйхарлав.

Өнөө ч эрх мэдлийн ааг омог нь үл дарагдах тул ялагдлын бурууг өөрсдөө хүлээх чадалгүй, тестостероны түвшингийн өсөлт нь уур омгийг нь нэмэгдүүлээд явж байна. Өмнөх дөрвөн жилд АН арчаагүй байсан учраас 16 онд МАН-д Монголын ард түмэн саналаа өгсөн.Итгэл хүлээлгэсэн МАН нь бас л итгэл даахгүйгээ өнгөрсөн нэг жилд харуулсан тул Ерөнхийлөгчийн сонгуулиар дэмжлэг хүлээсэнгүй.

Сөрөг хүчин байхад хүмүүсийн анхаарал намд төвлөрдөг бол эрх барих үед энэ анхаарал Засгийн газарт шилждэг.   Тиймээс сонгогчид МАН-ын Засгийн газарт дүнгээ тавьсан болохоос биш 200 мянган жирийн гишүүдэд дүн тавиагүй юм.  МАН-ын цөм хүч атлаа цөөн хүний ашиг сонирхлыг хангагч болдогтоо үргэлж биш ч үе үе сэтгэл дундуур явдаг  “жив жирийн гишүүд” маань  хүртэл саналаа өгөөгүй байх магадлалтайг тестостероны түвшингээ дарж байгаад эрүүл ухаанаар тунгааж нэг үзэхийг эрхэм дарга нараасаа хичээнгүйлэн хүсье.

Үнэн,худал ба тестостерон

Нэгхэн жилийн дараа сонгууль болох гэж байхад албан тушаалын томилгоондоо  жаахан шударга хандаж болдоггүй  юм байх даа  гэж олон хүн ярьж байсан.   Мэдээж дааврын  түвшин нь өссөн хүмүүс мань мэтийн үгийг сонсох нь байтугай барааг минь харвал үл тоосон, ихэмсэг харцаар угтаж, үддэг байв.   

 Бага хурлын гишүүд болон дэргэдэх ТББ-уудын удирдлагын багт байж, итгэл үнэмшил,үйл хэргийнхээ тодорхой хэсгийг  намын үйл ажиллагаанд  зориулсан хүмүүс нам нь ялчихаар карьерын шатаар өгсөхийг бодох нь зүй ёсны л асуудал.  Улстөрийн нам  удирдах албан тушаалд ажиллах боловсон хүчнийг өөрийн үйл ажиллагааны явцад бэлтгэж явдгийн  хувьд шударга өрсөлдөөнөөр ажил, албан тушаалд очих эрх нь намын бүх  гишүүнд бий.

Гэхдээ  60 тэрбумын схемийг амьсгаа  давхцуулан байж танилцуулсан А.Ганбаатар гэгчийн ярианд дурдагдсанаар “халиарууд” гэгч   ангилалд багтах олон хүн байдаг нь өнөөдөр ил тод болж байна.   

Нам нэгт найзтайгаа саяхан уулзах үед “Ёстой нээрээ анааш юмаа. Халиар гэдгээ мэдэхгүй л том том юм яриад явдаг” гэж хэлсэн сэн.  Уг нь “Боловсон хүчнийг шилж, сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журам”гэж хэрэгждэг бол төрд тохиолдлын, сул хүн шургахааргүй сүрхий нэртэй журам МАН-д байдаг  ч сонгуулийн дараахь их томилгооны үед хэн ч түүнийг сөхөж хараагүй л болов уу.

Засгийн газрын зарим өндөр албан тушаалтнуудаас эхлээд олон “тохиолдлын” томилгоо хийгдсэн.   Танил тал, ах дүү, хамаатан садан, мөнгө төгрөгөөр төрийн албанд очихын аюул авлига, хээл хахуулийг өөгшүүлж, төрийн нийтлэгийн төлөөх үйл ажиллагааг хувийн сонирхолд дөрлүүлэх хор уршигтайг захын жирийн гишүүн ойлгоно.

Эдгээр жижиг явцуу хүрээллээс томилогдсон аль ч шатны дарга, бүр мэргэжилтнүүдийн  тестостероны хэмжээ хүртэл бас л байнга өндөр түвшинд явдаг юм шиг билээ.

Дээрээ даргын татаастай учраас “намайг хэн яахав” гэсэн аястай пээдгэр.Ийм аяс, ийм томилгоо газар авсаар байвал төр, засаг бүхэлдээ нийгэм, олон нийтэд үйлчлэх бус дээрээс доошоо  цөөн хүний ашиг сонирхлыг хангагч болох аюултай. Ийм нөхцөлийг  өнгөрсөн жилүүдэд АН бий болгосон бол өнгөрсөн нэг жилд МАН төлжүүлсээр ирсэн нь нууц биш. 

Ёс суртахуун  ба  тестостерон

“Монголын нийгэмд үнэн гэж байхаа больсон” хэмээн  зөвхөн үнэний төлөө амьдралаа зориулсан өвгөн профессор санаа алдав.  Ерөнхий сайд нь Шадар сайдаа тагнасан уу, Шадар нь өөрийгөө тагнуулсан уу гэдгийн эцсийн үнэнийг хуулийн байгууллага гаргаж өгөх ёстой ч үнэнийг тогтоогч субьектдээ олонхи нь итгэхгүй байна.

 Энэ мэтээр  үнэн  яг аль нь вэ гэдгийг хэн ч мэдэхгүй байсаар үнэн өөрөө алсран одсон жишээ үй түмээрээ. 60 тэрбумын схемийн ярианд оролцогч нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй өөрөө тийм яриа болсныг удаа дараа хүлээн зөвшөөрчихөөд байхад түүнийг хариуцлага хүлээх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч чаддаггүй албан тушаалтнууд байна гэдэг дэндүү толгой эргэм  биш гэж үү. 

УИХ, Засгийн газрын гишүүд, намын болоод нийслэлийн удирдлагууд бүгд бусад бүх Монгол хүнтэй ижил хуулийн өмнө тэгш эрхтэй гэх Үндсэн хуулийн үнэн хаашаа хийсчихэв? Улайм цаймыг  ядаж хаацайлахгүй, болж өгвөл үнэнээ үнэнээр нь хүлээвэл ард иргэдийн төрд итгэх итгэлд ямхын төдий ч болов оч сүүмэлзэх байв  . Тэгш, шударга ёс эрх мэдэлтнүүдэд  үйлчлэхгүй байгаагаас нийтээрээ  элдэв цуурхал, оркжилт, хий хоосон цээжээ дэлдсэн “эх орончид”-ын үг, үйлдлээр  сэтгэл, оюунаа зогоож, нийгмийн хүн чанар, ёс суртахууны ирээдүй манан будан дунд сүүмэлзэж байна.

МАН-ын   мөрийн хөтөлбөрт  “төрийн дампуурлыг засч чадна” гэсэн улаан үсэгтэй бичгүүд дурайж буй ч  өнөөдөр утга агуулгаа бүрэн гээжээ.

Сайдууд 800 тэрбумын концессийн гэрээг өөрсдийн хувийн компаниуддаа авсан гэх шүүмжийн хариуд “Сайд болох гэж ийм юм яриад байна” гэх булхайгаа нуух гэсэн арчаагүй тайлбар үнэнийг тодруулж чадахгүй.  Оронд нь  концессийн гэрээгээ ил гаргаад, компаниудынх нь танилцуулга, хөрөнгө оруулагчид, эзэд, санхүүгийн тооцоог нийтэд ил болгочихвол үнэнийг хайхад дэмтэй.  

Ил тод  биш буй нь өөрөө “но”-той учраас тэр нь илчлэгдэхээр уурлаж, дахиад л тестостероны хэмжээгээ ихэсгэчихсэн явж байх жишээтэй. Нийтээрээ тэгш журамт байх, шударга ёсыг өөрсдөөсөө эхлэн тогтоох, албан тушаалтнуудтай хариуцлага  тооцох... өнөөдөр бол  хэлэхэд  ичмээр  заалтууд  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч олон бий. Хэвлэл мэдээллийн чөлөөт үйл ажиллагааг  дэмжих чиглэлээр ямар нэг авиа, сэдэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын амнаас  лав гарсангүй.  

Харин ч амыг нь үдэж, ард түмнийхээ тархийг угаах үйл явцад тун ч чадамгай ашигласаар байна. АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон “Ард түмнээс өөр нийгмийн эцсийн дээд эрх мэдлийг найдвартай хамгаалж чадах хэнийг ч би мэдэхгүй.Хэрвээ ард түмэн эрхээ бүрэн хэмжээгээр хэрэгжүүлж чадах түвшинд боловсроогүй гэж үзвэл үүнийг ард түмнээс эрхийг нь булаах замаар биш, харин тэднийг соён гэгээрүүлэн эрхийг нь мэдүүлэх замаар эмчлэх ёстой” гэж хэлж байжээ.

Энэ үгийн утга агуулгыг яг  өнөөдөр Монголын нийгэмд хэрэгжүүлмээр санагдана.  Харамсалтай нь тестостероны түвшин нь байнга өсч яваа Засгийн газрынханд арьсаа хамгаалахаас өөр бодох зүйл алга.

Онцгой эрх мэдэл онцгой самууруулдгийн жишээ МАН-ын Засгийн газарт нүүрлэснийг   намынх нь гишүүд засах гэж буйд бусад олонхийн адил талархаж байна. Улс орныг  дахин гурван  жил хуульгүй, ёс суртахуунгүй, шударга бусыг өөгшүүлсэн цөөн хүнээр  удирдуулах гэвэл МАН өөрөө жинхэнэ мангар байдалд орно.

Монгол орноо тэгш журамт баян хүчирхэг, хууль цаазат болгох МАН-ын мөрийн хөтөлбөрийн заалт урвуугаар үйлчилсээр 20 он гэхэд улсаараа сүйрсээр дуусах вий. Сонгууль болоход гурван жил дутуу, дээр нь саяхны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихсан байхад намын нэр хүнд, эв нэгдэл, үнэт зүйл хэмээн хоосон халхавч хийх хэрэггүйг тестостеронт дарга нартаа хэлмээр байна. Сайн сайхан, шударга  үйлдэл, үйл ажиллагаа л МАН-ыг нэр хүндтэй,эв нэгдэлтэй, үнэт зүйлтэй харагдуулна  . Үүнийг эрх биш тунгаан бодох чадвартай гэж найдна.

  МАН-ын Бага хурлын гишүүн,

“Монголын үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч асан Т.Бүдээхүү 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.