Боловсролын салбарыг бохирдуулсан томилгоонууд

2017/08/31
Share |
Хүмүүс:
Боловсролын салбарыг бохирдуулсан томилгоонууд

Шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн салбарын яам нь дээр дооргүй бужигнаж эхэллээ. Багш нар нь цалингаа нэмүүлэх шаардлага хүргүүлэн, эс бөгөөс ажил хаяхаа мэдэгдсэн. Харин Боловсролын яамны бодлого боловсруулагчид нь сандал ширээний хэрүүл маргаантай, уйлаан майлаантайгаагаар хичээлийн жилтэй золгох нь.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр яаманд бүтцийн өөрчлөлт хийгдэх ажил эрчимжиж, ажлаа өгч авч байгаа улсын хооронд хэрүүл хэлцээ, гомдол бухимдалтай уур уцаартай яриа өрнөж, уйлаан майлаантай өдрүүдийг үдэж байна. Товчхондоо бол, багш нарын цалингийн асуудал, сургуулийн засвар, хичээлийн жилийн бэлтгэл гээд энэ бүхэнд санаа зовних сөхөө яамныханд алга. Халаа сэлгээ олноор хийгдэж байгаа учраас шинэ хуучин ажилчид, дарга нарын тухай яриа яаман дотор газар авч байна.

“Мэргэжлийн” гэх тодотголтой авч мэргэжлийн бус Засгийн газарт хамгийн түрүүнд “гологдсон” сайд нь Ж.Батсуурь. Сайд нь төрийн нарийн бичгийн даргатайгаа хэл амаа ололцож ажиллаж чадахгүй байсан гэх өнгөлөн далдлалтын цаана нь сайдын оролцсон мөнгө төгрөг, томилгоотой холбоотой элдэв но-той асуудал тун олон байсан гэх мэдээлэл улам л газар аваад байна. Гэхдээ Ж.Батсуурь сайдын цаана тус яаманд хамгийн их нөлөөтэй байсан албан тушаалтан бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат байсан гэнэ. Энэхүү нөлөөлөл нь Ж.Батсуурийг огцруулсны дараа ирсэн сайд Г.Чулуунбаатарын үед улам бүр тодорхой болж байгааг одоо тус яаманд хийгдэж байгаа томилгоо харуулж байгаа аж.

Тодруулбал, Жинхэнэ мэргэжилтэн, энэ салбарыг хөл дээр нь босгох хүн” хэмээн зарим нэг нь их л дуртай хүлээн авч байсан сайд Г.Чулуунбаатар нь Ж.Мөнхбат даргын захиалгыг биелүүлэх ажлыг л хийж яам, харьяа байгууллагынхаа удирдлагуудыг томилж, чөлөөлж суухаас нэг их хэтрэхгүй байгаа сурагтай. Угтаа бол шинэхэн сайд Г.Чулуунбаатар сайн муу хэлүүлсээр энэ салбарыг анх хүлээж авахдаа, салбараа судлан юу нь болж, юу нь болохгүй байгааг шинжлэн гаргаж ирээд болохгүй байгааг нь засаж залруулна, сайжруулна гэдэг амлалт өгсөн хүн. Хоног хугацаа өнгөрөөд л байдаг. Саяхны эрхэм сайд хэвлэлд ярилцлага өгчээ.

За боловсролын салбарын болохгүй байгаа юмыг оношлоод гаргаад ирсэндээ гэсэн чинь ёстой өөдөөс давсгүй хар цай шиг амтгүй юм угтдаг байгаа. Боловсролын салбарт тийм төсөл хөтөлбөр боловсруулах гэж байгаа, яригдаж байна гэх мэт бөөрөнхийлсөн жижүүрийн хариултуудаас хэтэрсэнгүй. Олон жил дарга хийсэн албан тушаалтны аманд хэвшчихсэн ярьж л байдаг тийм л зүйлүүдийг ярьлаа. Түүнээс эрдэмтэн академич сайдтай боллоо гээд хүлээж байсан хүлээлт, сайдын хариулт хоёр даанч нэг авцалдахгүй байлаа. Ерөнхийдөө түүний сайдын суудалд сууснаас хойш хийж хэрэгжүүлж, хэлсэн бүхнийг харахад энэ салбарт юм хийх гэж биш, хэн нэгний гар хөл болж ирсэн гэдгийг батлаад байх шиг.

Боловсролын салбарын шинэчлэл гэхээсээ илүү боловсролын яамны боловсон хүчнээ шинэчлэхэд сайд ихэд анхаарах боллоо. Тэгэхдээ мэргэжлийн бус хүмүүсээр багаа бүрдүүлж байгаа нь улс орны чухал салбарт байж боломгүй гажуудлыг үүсгэж мэдэх юм. Ямартай ч хамгийн түрүүнд Ж.Батсуурийн өөдөөс хууль яриад байсан Б.Баярсайханыг зайлуулах ажлыг хийсэн. Яарч хийсэн энэ ажиллагаа нь тунчиг хуумгай ажил байсныг шүүх батлаад Б.Баярсайханыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн байна гэдгийг шүүхээс тогтоосон байна. Одоо Г.Чулуунбаатар сайдын багт Ховд, Архангайн уугуул суугуул хүмүүс ихэд шургалжээ. Мөн төрийн томоохон албан тушаалтнуудын төрөл саданг ч багтаагаад байна. Нөгөө талаар Архангайнхан боловсролын салбарт олноороо дарга цэрэг болж байгаа нь Боловсролын сайдыг нээрээ ч Ж.Мөнхбатын “бие төлөөлөгч”-өөр ирчив үү гэдгийг батлаад байх шиг.

Ямартай ч Г.Чулуунбаатар, Ж.Мөнхбатын нутаг нуга, садан төрлийн холбоотнуудаас бүрдүүлсэн зарим албан тушаалтнуудыг танилцуулъя. яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Химийн хүрээлэнгийн захирал асан, яамныхаа Шинжлэх ухааны бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнийг томилоод байна. Энэ эрхэм нь Химийн хүрээлэнгийн захирлын ажлаа өнгөрсөн нэгдүгээр сард өөрийн эхнэр Л.Жаргалсайхандаа “бэлэглээд” яаманд газрын даргаар ирсэн байдаг.

Сургуулийн өмнөх боловсролын салбараа тэр С.Болормаа хэмээн эмэгтэйгээр удирдуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ боловсон хүчин нь сургуулийн өмнөх боловсролынх биш харин газарзүйн чиглэлээр суралцаж төгссөн, салбартаа огт ажиллаж байгаагүй гэнэ. Сургуулийн өмнөх боловсрол гэдэг онцлог салбар. Энэ чиглэлээр мэргэшсэн хүн болох Мягмар гэдэг хүнийг газар зүйн багшаар сольж байгааг мэргэжлийн томилгоо гэж хэлэхэд хэцүү, харин Монголын ирээдүйг хорлосон томилгоо гэвэл үнэнд арай илүү нийцэх буй заа.

Энэ эмэгтэй нь Ж.Мөнхбатын эгчийн хүүхэд гэнэ. Харин дээд боловсролын газрын даргаараа Т.Амаржаргаланг томилжээ. Энэ нь Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын орлогч Д.Энхтөрийн эхнэр юм байна. Ерөнхий боловсролын бодлогын газрын даргаар сайд маань нутгийн дүү Д.Эрдэнэчимэгийг томилжээ. Санхүүгийн газрын даргаар Архангай аймгийн, Ж.Мөнхбатын хүн гэгдэх Нансалмаа хэмээх эмэгтэйг томилсон гэнэ. Төрийн захиргааны газрын даргаараа өөрийн гарын хүн, хамтран ажиллагч Д.Одгэрэл гэдэг залууг томилсон гэх.

Төрийн суудлыг өөрийн өмч мэтээр бодож, дуртай нэгэндээ өгдөг ашиг сонирхлын зөрчилтэй, тэтгэвэрт гарсан хүнийг Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь бас л сонирхолтой. Т.Ган-Эрдэнэ нь энэ салбартаа нэлээд дураараа аашилдаг нэгэн бөгөөд өмнөх сайд Ж.Батсуурьтай олон удаа ам мурийж, дээшээ хов хүргэн арга хэмжээ хүртэл авахуулж байсан нэлээд том артай эрхэм юм байна. Тэр Ж.Батсуурьтай үзэлцсэний хүчинд санасандаа хүрч унагаад одоо өөрөө ТНБД-ын суудалд санаархаж буй нь биеллээ олж байгаа бололтой.

Боловсролын яамны Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга З.Энхболд гэдэг хүн гэмт хэрэгт шалгагдаж байсан гэдэг асуудал яригдаж байсан. Биеийн тамир спорт хариуцсан дарга нь бас л базаахгүй юмтай нэр холбогдож байсан нэгэн бол, Соёл урлагийн газрын дарга нь төрийн албаны шалгалтдаа бүдэрсэн ч, хуйвалдан яамандаа үлдсэн гэх мэт явган яриа их байдаг. Эдгээр дээрхи албан тушаалтан сэтэртэнүүд бүгд арын хаалганы, шударга бусаар томилогдон ирсэн хүмүүс гэнэ. Магадгүй үүний цаан нөгөө алдарт "60 тэрбум"-ын хэсэг нь явж байхыг үгүйсгэхгүй юм.

БСШУС-ын яамтай холбоотой базаахгүй томилгоо ар араасаа цуварсаар байна. Яамны мэргэжилтэн, ажилтнууд яавал сайд, даргадаа таалагдаж ажилдаа үлдэх үү, хэнээр яриулах уу гэдэг дээр л толгойгоо өвтгөнө суугаа гэнэ шүү. Яамны бүтцийн өөрчлөлт ямар их данхайж, бас чадавхигүйжиж байгааг тус яаманд ажиллаж байсан Б.Насанбаяр өөрийн цахим хуудастаа харамсан халаглан бичсэн байна билээ. Сайд Г.Чулуунбаатар нь орж уулзсан хүмүүс, яамныхандаа" Мөнхбат сайд тэгсэн, Мөнхбат сайд ингэсэн, Мөнхбат сайд тэг гэсэн" гээд сууж байдаг нь ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат энэ яаманд нэлээд нөлөө бүхий, гүн харилцаатай гэдгийг харж болно. Ийнхүү Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрын нэгэн чухал яам бужигнаж эхлээд байна.

Тэнд сандал суудлын наймаа тохиролцоо ид явагдаж байгаа гэлтэй. Хамгийн харамсалтай нь эрх мэдэлтний танил тал, нутаг нугынхан болон үеэ өнгөрүүлсэн эрхэм, мэргэжлийн бус хүмүүс манай боловсролын салбарыг авч явах болчихоод байна. Тэд ур чадвар, туршлага, мэдлэг мэргэжлээрээ энэ суудалд ирээгүй учраас Монголын боловсролын салбар аврагдаж хөгжинө гэдэг үлгэр болох шиг боллоо. Монголын ирээдүйг боловсролтой гэрэлтэй гэгээтэй байлгахын тулд Боловсролын яамыг мэргэжлийн мэргэшсэн яам болгоё.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin teneg uvgun zailaasai.
IP:103.212.117.46  2017-09-04 19:11:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.