Ц.Сандуй 60 тэрбумын хэргээ хүлээж, албан тушаалаасаа огцорлоо

2017/08/31
Share |
Хүмүүс:
Ц.Сандуй 60 тэрбумын хэргээ хүлээж, албан тушаалаасаа огцорлоо

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэс яригдаж, олны анхаарлыг татаж байсан 60 тэрбум төгрөгтэй холбоотой хэрэг нэг мөр шийдэгдэх гарц сая л нээгдэв. Төрийн албан тушаалыг багцалж, 60 тэрбум төгрөгөөр арилжих тухай төлөвлөгөө боловсруулж байсан Ц.Сандуй “Би ийм юм яриагүй. Энэ эвлүүлэг” хэмээн хоёр жил тас гүрийж, сүүлдээ энэ яриаг би биш өөр хүн ярьсан гэж зүтгэж байсан бол өнөөдөр л хэргээ хүлээж, Нийслэлийн МАН-ын бүлгийн хурал дээр Нийслэлийн МАН-ын дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга гэсэн хоёр албан тушаалаа өгөх  өргөдлөө өглөө. 

Анх энэ хэргийн тухай бичлэг цацагдсан өдрөөс эхлэн  Ц.Сандуйд  хариуцлага хүлээлгэх, түүнийг МАН-аас бүрмөсөн явах ёстой гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдоржоос эхлээд олон хүн  үзэж байсан ч тэрээр өөрийгөө хамгаалж, намын дарга М.Энхболд нь Ц.Сандуйгаа өмгөөлсөөр энэ өдөртэй золгосон. Үүний балгаар МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын багана үндсээрээ ганхаж, төрийн албанд ажиллаж байгаа 3000 гаруй хүн АТГ-т шалгагдаж байгаа. 

Намынхаа нэр хүндийг шавартай хутгаж, Засгийнхаа унах нүхийг малтсан Ц.Сандуй ийнхүү үнэнд гүйцэгдэж байна. Ц.Сандуй ажлаа өгснөөр АТГ хэргийг үнэн зөв шийдвэрлэх гарц нээгдэнэ. Мөн албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн албыг хувийн компанийхаа мөнгө олох арга болгож хувиргасан Ж. Эрдэнбатын концессчин сайд нартай ч хариуцлага тооцох боломж олдох нь тодорхой. Ц.Сандуйгийн 60 тэрбумын эсрэг босч, Засгийн газрын гишүүдийн 800 тэрбумын концессийн гэрээг илчилж чадсан У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын гишүүд одоо Н.Номтойбаяр, Б.Бямбацогт, Д.Чойжилсүрэн нартай хариуцлага тооцохыг хүсч байна. Энэ шинэчлэлийн үр дүн нь МАН-д хийгдэх их цэвэрлэгээ, басхүү Монголын төрийг авилгачид, албан тушаалтнуудын наймаанаас  салгах том боломж.

Эх сурвалж: shudarga.mn


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.