Ц.Сандуй минь, үнэнд гүйцэгдэх л байсан юм бол өрөөлийг юунд хөлдөө чирэв?

2017/08/31
Share |
Хүмүүс:
Ц.Сандуй минь, үнэнд гүйцэгдэх л байсан юм бол өрөөлийг юунд хөлдөө чирэв?

60 тэрбумынхан эхнээсээ хэргээ хүлээж, албан тушаалаасаа татгалзаж эхэллээ. Шанг нь мэдээж Ц.Сандуй татав. Тэгэх ч ёстой, тэгүүлэх ч учиртай. НИТХ-ын дарга Ц.Сандуй ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор гаргасан тухай мэдээлэл түгэхэд олон хүн “Аль эрт л ингэх байсан юм” гэж талархан хүлээн авч байна. Гэвч Ц.Сандуйд албан тушаалаа өгч байгаад нь талархаж байгаа хэрэг огтоос биш. Нэгдүгээрт, энэ нь 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэдгийг тэр болон түүний хамсаатнууд аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч байгаагийн шинж. Хоёрдугаарт, 60 тэрбумын асуудалд орооцолдсон аль ч улстөрч төрийн өндөр дээд албан тушаалд байж таарахгүй гэдэгтэй эвлэрч, гарцаагүй шахаанд орон бууж өгч байгаагийн илэрхийлэл. Гуравдугаарт, энэ үйлдэл нь төр цэвэршихийн, МАН шинэчлэгдэхийн эхний дохио, итгэл найдвар төрүүлсэн үйлдэл юм.

Гэвч 60 тэрбумын хэрэг явдлыг зөвхөн Ц.Сандуйг НИТХ-ын даргын суудлаас буулгаснаар хаагдах ёсгүй. 60 тэрбумын бүлэглэлийнхэн ингэснээр хариуцлага тооцсон нэр зүүж, идээ бээр, бохир муухай бүхнээ хаацайлан үлдэхээр тооцоолсон байхаас зайлахгүй. Ц.Сандуйгийн албан тушаалаа өгсөн үйлдлийн ард МАН-ын дарга М.Энхболд, Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат нар аврагдан үлдэх тооцоог тэд хийжээ.

Төрийн албыг наймаалах, нийслэлийн төр захиргааны албан тушаалаас 60 тэрбум төгрөг босгох тухай тэдний яриа өдгөө илүү том эрх ашиг, илүү том мөнгөний тухай болж хувирсан учраас бүх системээрээ нуран унахын оронд Ц.Сандуй мэтхэнээр туг тахиад өнгөрөх нь тэдэнд хохиролгүй. Тэгвэл Ц.Сандуй НИТХ-ын даргын албан тушаалаа өгснөөр тийм том хохирол хүлээх үү гэдэг эргэлзээтэй юм. Тэртээ 1997 онд Улаанбаатар хотын захиргаанд Газрын алба шинээр байгуулагдахтай зэрэгцэн газрын байцаагчаар ажилд орсон Ц.Сандуй өнөөдөр Монголын төрийн буяныг хэтэртэл эдэлсэн нэгэн гэж хэлж болно.

Газрын наймаанаас асар их ашиг халаасалж чадсан тэрээр улс төрийн эрх мэдлийг хэрхэн эд баялаг, мөнгө болгож хувиргах тухайд дагнан мэргэшиж, улмаар төрийн албыг зарах хэмжээнд хүртлээ томорчээ. Түүний холбогдсон 60 тэрбумын хэрэг бол төрийн эрхийг хууль бус аргаар авсан маш ноцтой гэмт хэрэг юм. Тиймдээ ч түүний зөвлөх А.Ганбаатар нарыг 60 тэрбум төгрөг босгох тухай ярьсан бичлэгтэй нь холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ.

Ийм гэмт хэрэг өдүүлсэн атлаа гадаадад дүүгийнхээ нэр дээр үлэмж хэмжээний мөнгөн хадгаламжтай, өөрөө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалтай, өнөөдрийг хүртэл албан тушаалаа өгөхгүй гэж хамсаатнуудынхаа хамт эцсээ хүртэл гүрийсэн нь энэ л дээ. Эцэстээ үнэнд гүйцэгдэв.

Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгч байгаа нь хариуцлага хүлээж, улс төрийн ёс зүйгээ үзүүлж байгаа хэрэг биш, харин аргагүй байдалд орсны улмаас юм.

Хэрвээ ингэж үнэнд гүйцэгдэх л байсан юм бол Ц.Сандуй минь эхнээсээ юунд өч төчнөөн хүнийг худлын хөлд чирэв дээ. Түүнээс болж эрх баригч МАН-ын нэр хүнд ямар хохирол амсав аа.  Түүнээс болж, энхрий хайрт ах М.Энхболд нь Ерөнхийлөгчийн сонгуульд яаж гутамшигтайгаар ялагдал хүлээв. Түүнээс болж, МАН-ын мянга мянган энгийн шударга төрийн албан хаагчид 60 тэрбумын хаяа түшсэн түшмэд гэж ард түмэндээ адлагдав. Эцэст нь ингэж л улайх байсан юм бол юунд эвлүүлэг гэж ичихгүй худлаа хэлсээр, хэлүүлсээр өдий хүрэв.

Энэ бүх асуултыг Ц.Сандуйгийн өргөдлийн төгсгөлд цэг болгон хатгаж байна. Ард түмэн асуултаа мартахгүй ээ. Хариултыг нь харин ганцхан Ц.Сандуйгаас биш, түүнтэй холбоотой, хамааралтай бүх хүнээс нэхсээр байх нь дамжиггүй. Тэд ор нэр зүүхийн төлөө хэн нэгэн огцрох төдийгөөр ханахгүй. МАН-аас нэхэж буй тэдний шаардлага бол төрийг мөнгө, ашиг хонжооны талбар болгож хувиргасан албан тушаалтан, эрх мэдэлтэн, улстөрчидтэйгээ бүтэн хариуцлага тооцохыг л хүлээж байгаа. Энэ хүлээлтийнх нь эхний хариу Ц.Сандуйгийн огцролт гэж тэд итгэж байна. 

Д.Дамдинжав

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.