“Ховдын улс төр”-ийг С.Бямбацогт үргэлжлүүлэх үү?

2017/09/07
Share |
Хүмүүс:
“Ховдын улс төр”-ийг С.Бямбацогт үргэлжлүүлэх үү?

Ээлжит бус чуулган одоо хуралдана. Одоогийн Ерөнхий сайдыг огцруулчихвал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт дараагийн Ерөнхий сайдад тун хүчтэй яригдаж байна. Түүнийг Ерөнхий сайд болох магадлал өндөр гэдгийг МАН-ынхан хаа сайгүй ярьж байна. Учир нь тэрээр эрх баригчидтай ч, “эсэргүү”-нүүдтэй ч учраа олж дөнгөдөг эр ажээ.

Тэрээр Ховд аймгийн Ховд хот Жаргалант суманд 1974 оны 09-р сарын 14-нд Сандагийн ууган хүү болон мэндэлсэн. 1992 онд Ховд аймгийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1998 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2005 онд Голландын Мастрихтын Их сургуулийг Бизнесийн удирдлагын магистер зэрэг хамгаалсан.

1998 оны ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд “Нью прогресс” ХХК-ийн захирал, 2006-2008 онд “Нью прогресс” группын ТУЗ-ийн дарга, 2008 онд “Нью прогресс” группын Ерөнхийлөгч, МАХН-ын Бага хурлын гишүүн, 2006-2008 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны Ерөнхийлөгч, Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Мөн 2009 оноос Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, 2007 оноос Ховд аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн Тэргүүн, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Монголын Волейболын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 оноос Ховд аймгийн Тээвэрчдийн холбооны тэргүүн зэрэг сонгуульт албыг хашиж байна.

2008-2012 Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна.

Төр засгаас С.Бямбацогтын хөдөлмөрийг үнэлэн 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль, 2005 онд Монголын үндэсний олимпын хорооны “Алтан од” одон, 2005 онд Үйлдвэр, худалдааны тэргүүний ажилтан, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2008 онд Алтан гадас одонгоор тус тус шагнасан.

Тэрээр спортоор хичээллэх дуртай, гар бөмбөгийн 1-р зэрэгтэй. Ялангуяа уулын спортоор хичээллэх тун дуртай. Алтай таван богд, цаст Цамбагарав, Мөнххайрхан зэрэг Монголын дээвэр болсон ноён оргилуудад авирсан байдаг.

Хэрвээ С.Бямбацогт Ерөнхий сайд болох юм бол Монголын улс төрд тасрахгүй ноёлж буй “Ховдын улс төр”-ийг үргэлжлүүлэх юм. УИХ-ын даргаар Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажилласан он жилүүдэд Монголын улс төр дэх “Ховдын улс төр” мандан бадарсан. Төрийн чухал албан тушаалд Ховд нутгийнхан тун чиг олноороо байршсан гэдгийг мэдэхгүй хүн үгүй билээ. Харин одоо энэ түүчээг С.Бямбацогт үргэлжлүүлж магадгүй боллоо.

Тэгээд ч С.Бямбацогтод Ерөнхий сайд болох боломж гарч л байсан. 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд Ерөнхий сайдын албан тушаалыг санал болгож байсан гэдэг. Учир нь С.Бямбацогт МАН-ыг цөөнх байсан 2012-2016 онд УИх дахь МАН-ын бүлгийн дарга байж маш сайн ажилласан гэдэг юм.

П.Мандах

Эх сурвалж: www.polit.mn


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.