ХАР ХҮЧИН-ий эсрэг ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдэд БАЯР ХҮРГЭЕ

2017/09/07
Share |
Хүмүүс:
ХАР ХҮЧИН-ий эсрэг ГАРЫН ҮСЭГ зурсан гишүүдэд БАЯР ХҮРГЭЕ

 

Засгийн газар өнөө маргаашгүй унаж магадгүй боллоо. Долоо хоногийн өмнө хонон, өнжин хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын дараа энэ процесс явагдах нь тодорхой болсон байх. Ингэхээр дараагийн Засгийн газрын тухай яригдах нь жам юм.
 
Гэвч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын суудлаас бууж өөр хэн нэгэн энэ албан тушаалд очих нь асуудлын гол нь биш ажээ. Шалтгаан нь энэ мэтийн эрх мэдэл, албан тушаалаас том юм.
 
Эхэндээ УИХ-ын хэдэн гишүүн нэгдэж, Засгийн газраа унагаад оронд нь өөрсдөө очих гэж байна гэж нийгэм харж байсан. Өөрөөр хэлбэл, энэ нам доторх эрх мэдлийн төлөөх тэмцэл гэж байв. Одоо ч ингэж үзэх хүмүүс байгаа.
 
Гэхдээ МАН-ын энэ залуус маш том үйлийг эхлүүлжээ. Тэдний тэмцэл зөвхөн МАН доторх “тэгш бус хуваарилалт, элдэв бусармаг явдал”-ын эсрэг биш. Харин Монголын улс төрд олон жилийн турш бугшсан том бүлэглэлийг хөндөж байна. Нам дамжсан улс төрийн бүлэглэлийн улс төрийн эрх мэдлээ ашиглан хийж байгаа өнгөн дээрээ хуульд нийцүүлсэн юм шиг боловч үнэн чанартаа тэс өөр зорилго бүхий үйлдэл хийгээд байгаа нөхдийг хар бараанаар нэрлэсэн байдаг даа, олон улсад. Тэгэхээр Монголын улс төрд бугшсан нам дамжсан бүлэглэлийг ХАР ХҮЧИН гэж нэрлэж болох.
 
Монголын улс төрд М.Энхболд, Ц.Элбэгдорж, С.Баяр нар гэсэн гурвалын бүлэглэл байгаа тухай олон жил ярьж ирсэн дээ. Ц.Элбэгдоржийг байхад С.Баяртай хэн ч хууль ярьж чадахгүй, М.Энхболдын цаана С.Баяр байна, Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг гаргаад дараа нь Ц.Элбэгдорж улс төрд эргэн ирэх нь гэх мэтээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр олонтаа яригдаж бичигдсэн.  Энэ гурвалын улс төрийн замнал хамтын ажиллагааг тэдний улс төрд явж ирсэн үүх түүхээс нь харьцуулан харвал сонин содон баримтууд гарч ирж байгаа юм. Тухайлбал, МАНАН гэдэг үг хэзээнээс гарч ирсэнийг эргээд саная. 2008 оны  сонгуулийн дараа тухайн үеийн МАХН /МАН/-ын дарга С.Баяр, АН-ын дарга Ц.Элбэгдорж нар нийлж Засгийн газар байгуулсан. С.Баярын гаргадаг стандарт бус хэмээх тодотголтой олон шийдвэр нь угтаа энэ гурвалын л шийдвэр байдаг нь хожим тодорхой болсон.
 
Ингээд 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшсэн Н.Энхбаярыг унагаж, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болгов. Энэ сонгуульд С.Баяр эсрэг ажиллаж сонгуульд ялагдуулсан гэдгийг нэр дэвшигч Н.Энхбаяр шууд нэр заан хэлдэг юм. Н.Энхбаярыг зайлуулах том шалтгаан тэдэнд байжээ. Тэр нь Н.Энхбаяр Оюутолгой, Тавантолгойг ард түмний мэдэлд байх ёстой гэсэн байр суурьтай байсанд байгаа юм. Хэрвээ Н.Энхбаяр уул уурхайн талаар өөр байр суурь дээр байсан бол 2009 онд дахин Ерөнхийлөгч болох байсан байх.
 
Ц.Элбэгдоржийг  Ерөнхийлөгч болсны дараа Оюутолгойн гэрээг байгуулсан. Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх нөөцтэй Оюутолгойн гэрээ яаж явагдсаныг монголчууд нийтээрээ мэднэ. 2010 оны аравдугаар сард тэр гэрээг байгуулж байв. Ерөнхий сайд С.Баяр “...Оюутолгойн гэрээ ашиггүй болбол би хар толгойгоороо хариуцна” хэмээн том том дуугарч байгаад байгуулж байсан.
 
Одоо хаана байна, тэр ашиг орлого. Наад зах нь Монгол Улс валютын нөөцийн байнгын хомсдолтой байсаар байгаа. Өнөөдөр Монгол улс, монголчууд Оюутолгойнхны хувьд газар нутгийнх нь эзнээс цаашгүй. Тэндээс гардаг ашиг тэднийх л болдог. Энэ зэргийн ордын эзэн гэхээс ичмээр юмнууд сууж байгаа юм. Ёстой л алтан дээр суусан гуйлгачингууд байж л байна
 
2013 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр дахин сонгуулсан. Энэ бас л ХАР ХҮЧИН-ий ажиллагааны үр дүн байх. Уг нь Ө.Энхтүвшин намын даргынхаа хувьд нэр дэвшихгүй гэдгээ хэлчихсэн байхад МАН дотор Б.Бат-Эрдэнээс илүүтэйгээр М.Энхболдод боломж байсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Харин энэ боломжоо М.Энхболд дарга яагаад ашиглаагүй юм бэ гэдэг нь ч бас сонин. МАН-ын толгой стратегич гэгддэг С.Баяр намаасаа нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийн тухай намын бодлогыг сөрдөг учраас дэмжих боломжгүй гэх ухааны юм хэвлэлээр ярьчихаад сууж байсан. Угтаа бол намынх нь санал хураагаад олонхиороо л аваргыг гаргаж ирсэн гэдэг нь толгой стратегичид хамаагүй байсан нь сонин юм шүү. М.Энхболд нэр дэвшээгүйг, С.Баяр намынхаа нэр дэвшигчийг дэмжээгүйд олон хүн гайхдаг. Жирийн иргэд бид ХАР ХҮЧИН-ий тохироог яаж мэдэх вэ дээ. Гэтэл Б.Бат-Эрдэнэ аваргыг явуулж, өнөөх нь ялагдаж, ХАР ХҮЧИН-ий ажиллагаа амжилттай болсон гэдэг нь энэ удаагийн сонгуулийн дараа л ойлгогдож байх жишээтэй.  Ц.Элбэгдорж улсын нэгдүгээр хүн байсан дөрвөн жилд юу болсныг хүмүүс мэдэж байгаа. Саалийн үнээ саванд нь орсон. Мөн 2016 оны сүүлчээс эхлээд Тавантолгойг өмнөд хөршийн төрийн компанид өгөх гээд юу болов доо. Гэвч хараахан тэр нь бүтээгүй. Монгол Улсад бас эзэн байдгийг энэ Их хурлын зарим гишүүн харуулж чадсан.
 
Ингээд 2017 оны сонгууль болж, гурвалын нэг М.Энхболд Ерөнхийлөгчид зүтгэсэн байгаа юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа  М.Энхболдыг Ерөнхийлөгч болно гэж улс төр, бизнесийн хүрээнийхэн, за тэгээд ард нийтийн олонх нь итгэчихсэн байсан даа. МАН-д Ерөнхийлөгчийн сонгуулийн хандив гэж 520 тэрбум төгрөг цугласан тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Гэхдээ энэ баттай ноттой тоо биш л дээ. ХАР ХҮЧИН ийм л хүчтэй байв.
 
Ер нь энэ ХАР ХҮЧИН-ий оролцохгүй, гар хөлөө дүрэхгүй юм гэж үгүй. Тэднийг бат бөх холбож байдаг “гагнаас”-ууд бий. Гурвалыг нэгтгэж байгаа хүчин зүйлийн цаана уул уурхай байхгүй гэж хэн ч хэлж чадахгүй. Хэлсэн ч хүн үнэмшихгүй.
 
Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, илэрсэн ч нууцлаад байгаа том ордууд гэх зэргээр уул уурхайн баялагт шунасан ашиг соирхол тэднийг нэгтгэдэг. Уул уурхайгаа дагадаг уу, өөр шалтгаанаар уу , ХАР ХҮЧИН урд зүг рүү их гүйдэлтэй.
 
Бас тэгээд газрын наймаа байна. Үүнийг бүр дамжуулан зардаг хүнтэй нь хүртэл мэддэгээ хүмүүс барим тавим ярьдаг. Гэсэн атлаа “...Энэ үнэн” гээд ил хэлчихдэг нь бараг байхгүй. ХАР ХҮЧИН-ээс айдаг байх.  Ямар сайндаа л Оюутолгойн гэрээнээс болж байнга хардагддаг С.Баярын талаар “...Ц.Элбэгдорж байхад С.Баярыг дууддаг хууль хүчний байгууллага гэж байхгүй” гэсэн яриа гарах вэ дээ.
 
Дээрээс нь төрийн албаны томилгоо гээд үргэлжилнэ. 60 тэрбумын бичлэг энэ тэр бол “...Худлаа” гэж гүрийх аргагүй үнэн юм. Энэ яриа зүгээр л нэг удаагийн жижигхэн танилцуулга төдий эд. Цаашилсан бол нэртэй устай томилгоонууд нь гарч ирэх байсан нь гарцаагүй.
 
Хэрвээ М.Энхболд Ерөнхийлөгч болсон бол чухамдаа олны дунд ам дамжин яригддаг 17 онд М.Энхболд, тэгээд 20 онд Элбэгдорж гүйцэтгэх засаглалын тэргүүнээр эргэж ирнэ гэдэг яриа биеллээ олох байсан буй заа. Хамгийн гол нь хэн нэгэн өндөр албан тушаалд очихдоо бус цаана нь байгаа Монголын баялаг, түүнээс иргэд хувь хүртэх үү, эрх мэдэлтнүүд авч халаасандаа хийх үү гэх мэт олон асуудал байгааг мартаж болохгүй.
 
М.Энхболд өнөөдөр Монголын төрд алба хашиж байна. Тэрээр Улсын Их хурлын даргаар ажиллаж байгаа. Тэгэхээр тэр парламентын засаглалтай Монгол Улсын хамгийн том хүн болж байгаа юм. Мөн одоогийн Засгийн газрыг яг үнэндээ М.Энхболд л удирддаг. Нэр нь Ж.Эрдэнэбат дээр болохоос биш М.Энхболдын л Засгийн газар гэдэг. Тэгэхээр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд Ж.Эрдэнэбатыг бус М.Энхболдыг унагахаар санал нэгдсэнийг энд хэлэх хэрэгтэй байх.
 
Тэгэхээр яг одоо ХАР ХҮЧИН Засгийн газраа, УИХ-ын даргын албан тушаалыг, МАН-ын удирдлагыг авч үлдэхээр үхэн хатан “уллаж” байгаа.
 
Өнөө, маргаашгүй ээлжит бус чуулган хуралдана. Засгийн газраа сольж чадвал МАН-ынхны хувьд ядаж нам доторх ХАР ХҮЧИН-ээсээ салах эхний алхам нь энэ юм. Цаашлаад МАН-ын Бага хурал, Их хурал нь хүлээж байгаа. Тэндээс гарах шийдвэрүүд бас л чухал.
 
Иймээс ХАР ХҮЧИН-ий эсрэг гарын үсэг зурсан гишүүдэд баяр хүргэе. Эхлүүлнэ гэдэг бүх ажлын тавин хувь нь гэдэг. Тэд эхлүүлсэн. Одоо дуусгах үлдсэн. Нэгэнт эхлүүлсэн том үйлсээсээ ухрах зам тэдэнд байх ёсгүй.
 
Учир нь энэ бол зөвхөн МАН-ын дотоод зөрчил, сандал суудлын төлөөх ашиг сонирхлын зодоон биш. Монголын улс төрд олон жил бугшсан, бүхнийг дарангуйлах ХАР ХҮЧИН-ий эсрэг тэмцэл юм.  Нөгөөтэйгүүр ийм юм болох цаг нь ирээд л болж байгаа хэрэг.
 
“...Монголын минь заяа их ээ” гэж нэг хүн байн байн хэлдэг. Тийм л дээ Монголын минь заяа их байх учиртай юм.
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.