Зөвлөлтийн банкны хамгийн том хулгай

2017/09/14
Share |
Хүмүүс:
Зөвлөлтийн банкны хамгийн том хулгай

ЗХУ-д банкнаас хулгай хийх гэдэг байж боломгүй үзэгдэлд тооцогддог байв. Харин энэхүү өгүүлэх түүх одоогоос 40 жилийн өмнө тохиолджээ. Тэр өдөр 1977 оны наймдугаар сарын 5-ны баасан гаригийн орой байж. Зөвлөлтийн Холбооны улс байсан Армяны Төв банкнаас хулгайч нар нэг сая 525 мянган рубль хулгайлсан бөгөөд энэ нь тухайн үедээ санаанд багтамгүй их мөнгө байсан аж. Энэ хэрэг энгийн нэгэн ярианаас үүдсэн байна. Үеэл ах дүү нар болох Николай, Феликс Калачян нарт тэдний танил Завен Армены Төв банкны мөнгөний агуулах доод хонгилдоо биш, хоёрдугаар давхарт байдаг талаар сонирхуулан ярьжээ. Түүний хана, хаалгыг битүү хуягласан, харин тааз нь энгийн бетон хавтантай байсан гэнэ.


Яг агуулахын тушаах дээд гуравдугаар давхарт амралтын өрөө байсан аж. Банк дотроо хамгаалалтын ажилтан байхгүй, тэгээд ч бүх зүйлс хаалттай, нууц дохиолол тавьчихсан үед тэднээр яах ч юм билээ.Төв банкны хоёр хана гадаа гудамж руу гарсан, тэднийг цагдаагийн “тунгалаг харуул” хамгаалдаг. Харин банкны дөрөв дэх хана орон сууцны барилгатай наалдах нь холгүй ойрхон байж. Иймээс хэрэв сэргэлэнтэж чадах юм бол уг байрны дээвэр дээрээс банкны гурван давхрын цонх руу үсэрч болохоор байсан гэнэ. Банкны гурван давхрын цонхууд торон хамгаалалт байхгүй, түүн рүү орон сууцны барилгын дээврээс хүрэх зай ердөө нэг метр. Ингээд үүргэвч цүнх, гар чийдэн, бээлий, олс, цохилттой өрөмдөгч, алх, лом, хадаас сугалагч, хутга, гурван сав ус, хүүхдийн нарны шүхэр зэргийн тусламжтайгаар уг хулгайг хийж чадсан байна. Нарны шүхрийг хөлдөө тогтоогоод бетоныг хөшихөд тэдгээрийн унах чимээ багасан саарч байжээ.




Хулгайг хийхээр маш хүчирхэг бөгөөд уян хатан Феликс явсан байна. Хажуугийн байшингийн дээврээс амь дүйсэн үсрэлт хийгээд Феликс банкны гуравдугаар давхарт хүрч чаджээ. Ингээд шалыг өрөмдөн доод давхрын бетон таазыг 30 см орчим диаметртэй цоолж, түүгээр мөлхөж ороод, буцаад үүргэвчтэй мөнгөө аваад гарч ирэхэд тохиромжтой болгосон аж. Савтай усаараа өрөмний толгойгоо хөргөх зорилготой байсан бөгөөд Ереванд наймдугаар сар гэхэд ихэд халуун байсан учраас жаахан өрөмдөөд халчихаад байж. 1977 оны наймдугаар сарын 7-ны өглөө банкны ажилтнууд цугларахад ийм л дүр зураг угтсан байна. Хулгайлагдсан мөнгө бүгд том дэвсгэрт байсан бөгөөд “АИ” серийн дугаартай 100 рублийн 110 ширхэг боодол мөнгө байсан гэнэ.




Эдгээр мөнгийг орон даяар эрж хайх нь ойлгомжтой байсан тул ах дүү Калачян нар мөнгөнийхөө талаар нь гурван хувийн хүүтэй үнэт цаас худалдаж авахаар шийдэн, эхлээд Ташкент дараа нь Москваг зорьжээ. Мөнгөтэй, царайлаг Николай Москвад Людмила хэмээх бүсгүй болон түүний ах Владимир Кузнецовтой хялбархан танилцаад амжсан байна. Николай хөзөр тоглоод маш их мөнгө хожсон хэмээн тэдэнд ойлгуулаад үүнийхээ зарим хувиар нь үнэт цаас сольж авахад туслахыг ахаас нь хүссэн аж. Хулгай хийх төлөвлөгөөг илүү сийрэг ухаантайгаараа Николай Калачян боловсруулсан гэнэ. Владимир Кузнецов бага хэмжээний мөнгө авч байн байн хадгаламжийн кассуудаар гүйх нь ядаргаатай санагдсан тул нэг удаа зургаан мянган рубль авч явахаар болжээ.



Түүний очсон хадгаламжийн кассанд бэлнээр ердөө гурван мянган рублийн облигаци байсан бөгөөд кассны хүүхэн үлдэгдэл облигацийг үндсэн касснаасаа авчрахаар явсан байна. Тэнд нэг найз хүүхэнтэйгээ уулзаад хэсэг хов ярин саатах зуур Владимирт сэжиг төрж, үлдсэн 3000 рублээ орхиод зугатчихжээ. Кассны хүүхэн болсон явдлын тухай цагдаад мэдэгдсэнээр уг мөнгийг Армяны Төв банкнаас хулгайлагдсан болохыг тогтоосон байна. Харамсалтай нь, кассны хүүхэн гайхалтай гярхай нэгэн болж тааран, түүний өгүүлсэн шинж тэмдгээр криминалист зураач маш амжилттай аман зураг бүтээн, 1978 оны зургадугаар сарын 8-нд шилжих шөнө хамсаатнууд баривчлагдсан аж. Тухайн үед хоёр үеэл Калачян нар 27 настай байсан бөгөөд 1979 онд тэдэнд цаазаар авах ял оноосон байна. 10 мянган рублийн хор хохирол улсад учруулсан тохиолдолд өчиггүй бууддаг байсан ЗХУ-д нэг сая гаруй рубль хулгайлсан этгээдүүд ийм дээд хэмжээний ял авах огт сонин биш байв.


Харин Армены хувьд өөр орон байлаа. Армены Дээд Зөвлөлийн дарга Бабкен Саркисов ЗХУ-ын Дээд Зөвлөлд гэмт хэрэгтнүүдийн амь насыг өршөөхийг хүссэн захидал бичсэн байна. Түүндээ тэдгээр хэрэгтнүүд ид залуу насны, мөн тэдний эцэг эх өөр хүүдгүй учраас Калачян овгийн үр удам Арменд тасрахад хүрээд байгааг дурджээ. Тэр үед Бабкен Саркисов мөн ЗХУ-ын Ардын их хурлын дэд даргын албыг давхар хашдаг байсан тул өөрийн нэг удирдагчийн хүсэлтэд ЗХУ-ын Дээд Зөвлөл татгалзаж чадахгүйд хүрсэн байна. Харин ах дүү Калачян нарын амийг өршөөсөн тухай зарлиг Ереванд хүрэх үед тэдний ялыг аль хэдийн гүйцэтгэчихсэн байжээ. Өршөөлийн зарлиг ердөө 24 цагаар хоцорсон аж...

 

 

 

Д.Мигаа

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
a oo yasan haramsaltai um be
IP:182.160.36.253  2017-09-16 11:59:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.