МАНАН-гийн тухай хэлсэн Ц.Нямдорж гишүүний үгийг бүү март

2017/09/15
Share |
Хүмүүс:
МАНАН-гийн тухай хэлсэн Ц.Нямдорж гишүүний үгийг бүү март

       Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах УИХ-ын чуулган дээр Ц.Нямдорж гишүүн “Засгийн газрыг огцруулах асуудал нь олигархиудтай хийж буй тэмцлийн нэг хэсэг. МАНАН-гаас салья гэсэн ойлголт” хэмээн хэлсэн. Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг шийдэлгүй бүтэн жил болж байгаа нь МАНАН-гийн захиалга  гэсэн утгатай үгийг хэлээд, чухам үүний төлөө огцруулах гарын үсэг зурснаа хэлсэн юм. МАНАН гэж юу вэ, МАНАН-гийнхан гэж хэн бэ? Тэд олигархи бүлэглэлтэй хэрхэн уялдах вэ?  Сүүлийн бараг 10-аад жил дээд төвшний улстөр тойрч  хэрэглэгдсэн МАНАН гэх  хэллэг хамгийн бодитоор Ц.Нямдоржийн үгнээс ойлгогдсоныг олон хүн анзаарсан байх. МАНАН гэдэг нь Монголын улстөрийн толгойд сүлбэлдсэн МАН, АН-ын нөлөө бүхий том улстөрчид бөгөөд чухам тэдний захиалгаар Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах асуудлыг шийдэлгүй бүтэн жил болжээ гэсэн үг. “Эрдэнэт”-ийн 49 хувийн ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга, МАН-ын дарга  М.Энхболд нарыг байгаа гэх эртнээс цацагдсан барин тавин мэдээлэл үнэн болохыг шударга шулуунаараа зартай Ц.Нямдорж гишүүний үгнээс бид мэдэж авав. Хэрвээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроогүй бол хэзээ ч “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмний мэдэлд авах асуудал дахиж яригдахгүй байх байж.   Хэдхэн хүн хувьдаа луйвраар авсан “Эрдэнэт” ард түмний биш, МАНАН-гийн олигархиудын офшор дансанд орох байсан нь тодорхой. Улстөр, бизнесээр сүлбэлдсэн цөөн хүний гарт эрх мэдэл төвлөрөхөөр төрийн механизм тэр цөөн хүнд л үйлчилдэг тогтолцоог олигархийн засаглал гэдэг. Төр ард түмэндээ биш, цөөн эрх мэдэлтэнд үйлчилдэг байдал ялангуяа МАН-ын Засгийн газрын үед гаарсныг бүгдээрээ мэдэж байгаа.  Цаагуураа МАНАН-гийн олигархиуддаа л үйлчлээд байсан хэрэг. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ямар нэгэн эрх ашиггүй, жинхэнэ эх оронч байж чадсанаараа МАНАН-гийн тухай маш тодорхой ойлгуулж, МАНАН-гийн эрх ашгийг хамгаалж байсан Засгийн газрыг огцруулав. 

      Өнөөдөр хүмүүс дараагийн Ерөнхий сайд, МАН-ын дарга, УИХ-ын дарга хэн байх вэ ? гэсэн асуултыг  их асууж байна. Шуудхан хэлэхэд МАНАН бүлэглэлийн төлөөлөл  Ерөнхий сайд. МАН-ын дарга, УИХ-ын дарга болох ёсгүй. Шударга бус байдлын бодит  жишээ болсон олигархийн төлөөлөл удирдлагад оччихвол юун “Эрдэнэт”-ийг авах, юун шударга ёс тогтоох, юун авлигыг багасгах л юм болно. Өнөөдөр хуулийн байгууллагуудыг  бүгдийг  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарын хүмүүс  удирдаж, Шадар сайдаа тагнаж чагнасан хэрэг болон 60 тэрбумын асуудлуудыг дарга нарын талд шийдээд явж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Ийм нөхцөлд МАНАН-гийн төлөөлөл том удирдлагад очвол бүх юм бахь байдгаараа, улс орны хөгжил улам бүр ухарна. Тийм учраас шударга ёсыг тогтоож чадах, ард түмнийхээ төлөө ажиллаж чадах чин шударга хүмүүсийг удирдлагад тавих  хэрэгтэй. Ийм хүмүүсийн нэг бол маргаангүй Ц.Нямдорж гишүүн мөн. Тэрбээр Шадар сайд У.Хүрэлсүхийн тэмцлийг дэмжиж, хамтран зүтгэж байж олигарх, МАНАН-гийн засгийг унагасан. Одоо тэгвэл шударга ёсыг Монголын төрд тогтоохын төлөө Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар цаашид ч хамтран зүтгэх хэрэгтэй байна. Тэдний шударга ёсны төлөөх хамтын тэмцлийг дэмжигчид Монголын төр дэх Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарын хослолын тухай ч ярьж эхэлжээ. Монголын төрд ус, агаар шиг хэрэгтэй байгаа шударга ёсыг тогтоовол хууль хэрэгждэг болно, хууль хэрэгждэг болвол олигархиудад хувийн сонирхлоор үйлчилдэг төр үгүй болж, улс хөгжиж, амьдрал сайжирна. Ийм энгийн логикийн төлөө ард түмэн үеийн үед сонголтоо хийж ирсэн. Өнгөрсөн 4 жилийн АН-ын увайгүйтлийг эсэргүүцэж, ард түмэн МАН-д саналаа харамгүй өгсөн.  Тэр их итгэлийг нэг жилд алдсан ч дахин 3 жилд сэргээх боломж байна. Үүний тулд ердөө МАНАН-гийн эсрэг зогсч чадах удирдагч л хэрэгтэй байна. Хэвлэлийн мэдээнээс харвал Ерөнхий сайдад Ц.Нямдорж, У.Хүрэлсүх, Н.Энхболд нарын нэр яригдаж байгаа бололтой. Шуудхан хэлэхэд Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нар УИХ,Засгийн газар, МАН-ын удирдлагад очих нь МАНАН-г хөөх гол хүч болно. Н.Энхболдын хувьд хүмүүст эерэг сайхан сэтгэгдэл төрүүлдэг, голч төвч, хэзээ ч буруу ярьдаггүй хүн хэдий  ч тэр бол МАНАН дундаас сүүмэлзэж буй нэгэн. Түүнийг М.Энхболдын хүн гэдэг. Тэр хоёр нэг нутаг, Төв аймгийнх.Мөн С.Баярын хүн гэдэг. Том том ашиг сонирхлын хайчинд орсон С.Баярыг Монголын төрөөс холхон байх хэрэгтэй гэдэг хүмүүс маш олон. Тиймээс Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарынхаа тэмцлийн утга учрыг дэмжээд, цааш явах нь Монгол Улсын хувьд хамгийн зөв гарц болоод байна. МАНАН-гийн тухай хэлсэн Ц.Нямдорж гишүүний үгийг бүү март.

 

 

 

 

 

 Г.Содон

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.