Хүчирхэг танхим бүрдүүлэх У.Хүрэлсүхийн үг зөв

2017/10/04
Share |
Хүмүүс:
Хүчирхэг танхим бүрдүүлэх У.Хүрэлсүхийн үг зөв

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүд У.Хүрэлсүхийг  100 хувийн саналаар Ерөнхий  сайдаар томилсноор түүнд  эрх мэдлээ  хэрэгжүүлэх бүрэн эрхийг өгөв. Ингэснээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Үндсэн хуулийн дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцах болж байгаа юм.

Ерөнхий сайд улсын хөгжлийн цогц бодлого, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого, төрийн өмчийн бодлого, тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал,  харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал гээд маш олон асуудлыг эрхэлж, Засгийн газраа нэгдмэл зохион байгуулалтаар удирдах чиг үүрэгтэй. 

Хуульд махчилан заагаагүй ч өнөөдөр улс орны, төрийн өмнө хамгийн тулгамдсан асуудал бол хариуцлага, шударга ёсны алдагдал.

Нийгмийн энэ захиалгыг амь биеэ үл хайрлан гүйцэлдүүлэхийн төлөө ажиллахаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд болоод хэлсэн үгэндээ онцолсон. Ерөнхий сайд, Засгийн газрын ажиллах үндсэн зарчим нь угаасаа хариуцлагатай, шударга байх. Монголын нийгэмд ус агаар шиг дутагдаж буй шударга ёс, хариуцлагын  асуудалд ач холбогдол, акцент өгч байгаа нь У.Хүрэлсүхийн Засгийн газраас хүлээх хүлээлтийг улам ч өндөрсгөж байна.

 Энэ их  хүлээлтэд Ерөнхий сайд эхнээсээ яг л өөрийнхөөрөө шийдвэр гаргаж  байж бодитой хариулт өгөх болов уу. Тухайлбал, шударга, хариуцлагатай  хамтран зүтгэх хүмүүсээ сайдад томилох ёстой.

Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүн, хэсэг бүлэглэлийн шахаанд оролгүй томилгоо хийх боломжийг У.Хүрэлсүхэд ялангуяа УИХ дахь МАН-ын гишүүд олгох ёстой. 

Засгийн газрын тухай хуульд зааснаар Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр сайдуудаа УИХ-д оруулж томилуулна.

У.Хүрэлсүхийн танхимд дан дээлтнүүд зонхилох уу, давхар дээлтнүүд үү? 

Хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэлт өгч буй ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь үгийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж болохгүй. 

Тэрбээр чуулганы хуралдаан дээр танхимаа парламентаас түлхүү бүрдүүлэх бодолтойгоо хэлсэн . УИХ-ын гишүүд Засгийн газарт олноор орох нь хяналт, хариуцлагыг сулруулах сөрөг талтай гэдэг. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар ажлаа эхэлж байгаа энэ үеийн улстөр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал талаас харвал “давхар дээлтэй” сайдууд олноор байх нь том зорилгоо хэрэгжүүлэх бөх бат уяа байж мэдэх юм.  

Төр толгойноосоо эхлэн шударга ёсыг тогтоож, хариуцлагатай байхыг нэхэн шаардсан онцгой цаг үед байгуулагдаж буй Засгийн газраа гурван жил тогтвортой ажиллуулах нь мөн л нийгмийн шаардлага.

Тэгвэл тогтвортой, тууштай ажиллуулах уяа нь Засгийн газрын гишүүдийн дийлэнхийг УИХ-аас бүрдүүлэх байж магадгүй. 

Намынхаа Бага хурлаас нэр дэвшүүлсэн Ерөнхий сайдаа томилох чуулганы хуралдаанд огцорсон Засгийн газрын талынхны зарим нь орж ирсэнгүй. Сураг сонсвол тэд Засгийн танхимын 50 хувьд өөрсдөө сууж үлдэх “шантааж” хийсэн гэх. Олонхиороо дэмжсэн шийдвэрийн эсрэг намын Бага хурлын бодлогоо сөрж буй тэднийг нийгэм, нийт дэмжихгүй ч УИХ-ын гишүүнээрээ далайлган шинэ засгийг байнга гоочлох нь тодорхой байна.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед төрд очсон хүмүүсийн 51 хувийг УИХ-ын гишүүд “шахсан” гэж МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн.

Логикоор бодоход тэр шахаануудыг Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг дэмжиж байсан, өнөөдөр бол У.Хүрэлсүхийн засгийг дэмжихгүй байгаа хэсэг хийсэн болж таараад байгаа юм.

Хамгийн наад зах нь ийм шахаа хийгчид, шантаачидтай нэг зиндаанд байх хүчтэй сайдуудаас У.Хүрэлсүхийн танхим бүрдэх хэрэгтэй  ажээ. Зөвхөн эндээс л гэхэд  танхимаа УИХ-аас бүрдүүлэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг зөвтгөх  шалтгаан гараад ирж байна.

Авлига, мафижсан эрх мэдэлтэй хэсэгтэй Ерөнхий сайдын танхим  хүчтэй байж л тэмцэж чадна. 

Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн бус байгаа нөхцөлд дэм болж, баг болж ажиллах сайдууд УИХ-аас байх нь зөв юм байна.

Ерөнхий сайд өөрөө хэлсэн. Шударга, хариуцлагатай, ажил хийх хүнийг сайдаар томилно гэж... Угийн шударга, зөв хүн бол хэдэн давхар дээлтэй байгаад ч буруу юм хийхгүй л дээ.

Т.Үлэмж

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.