МУИС хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

2017/10/05
Share |
Хүмүүс:
МУИС хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Өдгөө 75 жилийн өмнө Монгол Улсад анх удаа дээд боловсролын үрийг тарьж боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан МУИС-ийн 75 жилийн түүхэн ой тохиож байна. 75 жилийн хугацаанд МУИС-ийг нийтдээ 100 мянга орчим суралцагч төгсжээ.  МУИС 75 жилийн ойн босгон дээрээ дэлхийн жишигт нийцсэн номын сан ашиглалтад оруулж өнөөдөр нээлтээ хийлээ.  МУИС 2024 он гэхэд Азийн тэргүүлэх 100 их сургуулийн нэг болгох зорилт тавьж, үүнийхээ хүрээнд сургалтын орчин нөхцөлөө сайжруулах зорилгоор хичээлийн зургаан байр, оюутны таван байраа шинэчлэн барихаар “МУИС-Кампус” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.  МУИС нь МУ-ын анхны хиймэл дагуул “Мазаалай”-г сансарт хөөргөсөн зэрэг  томоохон амжилт, бүтээн байгуулалтуудаар  өмнөх ололтуудаа бататган  75 жилийн ойгоо угтаж байгаа юм.

  Ойн хүрээнд хэд хэдэн томоохон ажлууд үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал,  хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд мөн  олон улсын томоохон их сургуулиудтай хамтын ажиллагааны  санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Шангри-Ла зочид буудалд  боллоо.


 

Тодруулбал, МУИС нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал газрын тосны газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Замын Үүдийн чөлөөт бүс, Голомт банк, мөн найман аймгийн ЗДТГ-тай тус тус хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Гэрээний хүрээнд талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой төсөл, судалгаанд багш эрдэмтэд, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах аж. 

Энэ тухай МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Я.Төмөрбаатар хэлэхдээ  


 “МУИС 75 жилийн хугацаанд олон байгууллагатай хамтын ажиллагаатай явж ирсэн.  Хамтын ажиллагааны гэрээг шинэ шатанд гаргах зорилтыг бид тавьж байна. Үүний хүрээнд бид дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийг МУИС-ийн удирдлагын бүтцэд шинээр байгуулсан. Ингэснээр гадаад, дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.  Өдгөө 21 аймгаас найман аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч  11 агентлаг, яамдуудтай хамтын гэрээ байгуулсныг энд дурдахад таатай байна. Цаашид бид Монголын үндэсний тэргүүлэгч компани болсон “Эрдэнэс MGL” компани, мөн УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мөн бидний дотны түншлэгч байгууллага болох Голомт банктай хамтын ажиллагааны гарын үсэг зурлаа.  Цаашид бидний хамтын ажиллагаа улам бэхжихийг хүсэн ерөөе” гэв.

Мөн ОХУ-ын Буриадын бүгд найрамдах улсын Буриадын их сургуулийн захирал Николай Ильич Мошкинтай хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд гарын үсэг зурав. БНПУ-ын Лоодзийн их сургуулийн ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор Павел Старостатай хоёр сургууль хооронд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд, БНСУ-ын Шиллагийн их сургуулийн  захирал Пак Та Хактай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг тус тус зурлаа.

Түүнчлэн ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийн  Байгалийн ухаан, математикийн хүрээлэнгийн захирал Александр Викторович Германенкотой салбар сургуулийн хоорондын гэрээнд МУИС-ийн ШУС-ийн захирал Б.Баяртогтох гарын үсэг зурсан юм.

 

Ш.Адъяамаа


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.