УХААН ХӨЛӨГЛӨСӨН УРАН БҮТЭЭЛЧ

2017/10/13
Share |
Хүмүүс:
УХААН ХӨЛӨГЛӨСӨН УРАН БҮТЭЭЛЧ

Хүний хорвоод ирж ижий ааваа баярлуулсан нэгэн хүү бол Б.Баатар. Гэвч далай баян амьдрал гэж юу эс байх ... Түүнийг дэндүү байхад аав ээж нь өөр өөрийн өрх тусгаар амьдрах болжээ. Өдөр бүр ааваа гэж хэлдэг үг аавтай нь хамт алсран холдох болсныг ч гэсэн аавынх нь зүрх сэтгэл, хайр энхрийлэл түүнээс холдох учиргүйг хүү яахан мэдэх ... Ямартай ч цаг хугацааны эргэлтэнд ээжтэй нь ханилах, өөрт нь аав болох хүн учирсан нь муу хүн байсангүй ажээ. ...Ийнхүү он жилүүд улирч нас бие томрох тусам хоёр аавдаа адил тэгш хандах ёстойг гүнзгий ухаарав. Биеэс илүү ухаанаар өсөх гэдэг энэ. Эцэг эхээс ангид хүний төрөл үгүй тул төрсөн эцэгээ яаж мартах, мөн өсгөж хүмүүжүүлэн өдий зэрэгт хүргэсэн өлзий буянт аавыгаа ч юунд умартах... Үнэндээ хоёулаа л түүнийг хүн болгосон.

Аливаа хүний нүд, чих, тархи гурвыг танихын түлхүүр гэдэг. Б.Баатартай нухацтайхан ярилцаж суухдаа түүний ухаантайг, төлөв түвшин даруухныг, шулуун шудрага, шийдэмгий зан төрхийг мэдэрсэн юм. Түүнчлэн ийм эх оронч, эх орондоо амьдрагч, хөдөлмөрч, бүтээлч, шудрага залуус машид олширвол манай улс мөхөшгүй бат бөх оршихыг ч бодож суулаа. Би Б.Баатарыг 20 гаруй жилийн өмнө үндэсний телевизэд ажиллаж байхаас нь сайн мэднэ. Тэр архи, тамхины хорт зуршилгүй, ажлын байрнаас холдоос дургүй, сайн бүхнийг шигтгээлсэн тун зөв хүүхэд байв. Ямар ч цагт тэр л ажил дээрээ байна. Тэр ч бүү хэл нэгэн зуны турш (3 сар) байсаар намар гэртээ харьсан тохиолдол ч бий.

Related image

Тухайн үед радио, телевизийн их өргөөнд цайны газар, фитнесс, саун, үсчин, номын сан гээд л бүгд л байдаг байлаа. Тийм болохоор гарч явах шаардлага огтхон ч байсангүй. Харин ойролцоох дэлгүүрт орох, салхи агаар амьсгалах, ээждээ цалингаа өгч, хувцасаа авчруулах зэрэгт л гарна. Тэгээд л мөнөөх цаг завгүй, асар сонирхолтой ажилдаа ороод явчихна. Шөнөдөө 600-ын студийн хөшигний ард, эсвэл “Боролдой” студи-дээ хоночихдог байж. Тарахыг мэдэхгүй ажилладаг ахмадуудаас гуйж монтаж хийнэ, нэвтрүүлэг бичнэ, эфир явуулна. Бүгдийг л хийнэ. Ийнхүү сурч мэдэх, хийж бүтээхийн хязгааргүй хүсэлд умбаж явахдаа ажлаараа гэршиж, телевизийн бүх ажлыг хийж сурчээ. Тэрээр бүтэн зун тав тухгүй хонож, олон цагаар сууж биеэ чилээснийг эс тооцвол жинхэнэ уран бүтээлчийн эрэл хайгуулд хөтлөгдөн их тэвчээр зүтгэлийн дор өөрөө өөртөө мэргэжлийн том хөрөнгө оруулалт хийж чадсан эрч хүчтэй залуу.

Б.Баатар хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач мэргэжлээр ДУДС-ийг төгсч, УБДС-д орж суралцан энэ л ажлаа хийж байтал зураач С.Мягмар түүнд найруулагчаар ажиллуулах санал тавьжээ. Бүхнийг хийж сурсан болохоор нь тэр биз. Ингэж хоёр ажлыг хослуулахдаа найруулагч хүн маш нарийн торгон мэдрэмжтэй, сэтгэн бодох өндөр чадвартай, үнэнд суурилсан “Их ухааны хүн” байх ёстойг сайтар ойлгосон гэдэг.

Өдгөө түмний хүртээл болсон “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн гол гүйцэтгэгч нь Б.Баатар. Тэр нэвтрүүлэгтээ Монголын эрхэм зуун хүмүүсийг оролцуулан, дотоод сэтгэлийнх нь чинадад хүрч, хур баян намтар түүхээс нь ихийг яриулж, бодит үнэнийг яг өөрөөр нь баталгаажуулсан нь найруулагч хүний холч ухаан гэлтэй. Зарим хүмүүсийн хувийн түүх “Улсын түүх” болдог. Тухайлбал “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хүндтэй зочин ЗХУ, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн гавьяат үйлс, Монголын төдийгүй ЗХУ, бүр дэлхийн түүх билээ. Иймээс гайхамшигт хүмүүсээр бүрдсэн “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг монголын алтан сан хөмрөгт зайлшгүй байрших, давтагдашгүй ховор нандин бүтээл мөнөөс мөн.

Одоогооор нэвтрүүлгийн 50 гаруй дугаарыг баринтаглаад байгаа “Хэро” студийг үзэгчид сайн мэднэ. Тиймээс ч Хэро-гийн Б.Баатар, Монгол Тулгатны Баатар гэж ярьцгаах болсон. Нэвтрүүлгийг анх санаачилсан, сэдсэн ерөнхий найруулагчийнх нь хувьд ийн нэрлэсэн буюу. Харин найруулагчийн санаанд тулгуурлан нэвтрүүлгийн онч сайхан нэрийг “МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт”, нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн өгчээ. Ийнхүү Монгол Тулгатны Баатар хэмээн нэрлэгдсэн нь нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэсний үнэлэмж, нэвтрүүлгийн гол уран бүтээлч гэдгийн батламж, өөрийнх нь нэр төрийн хэмжээс бөлгөө. “Хэро” Баатрын бүтээсэн зүйл үнэхээр их. Тэр өчнөөн жил хөрөг нэвтрүүлэг, клип, реклам хийж, хүүхэлдэйн, баримтат, уран сайхны гэх олон төрлөөр цөөнгүй кино бүтээж, нэвтрүүлгийн болоод ном сэтгүүлийн хэдэн зуун чмэг, зураг урласан, аргагүй л ажил ихт, авьяас төгөлдөр, энэ цагийн эрхэм том уран бүтээлч.

Тэрээр МУ-ын Төрийн шагналт, УГЗ, түүхт “Мандухай сэцэн хатан” киноны ерөнхий найруулагч Б.Балжиннямтай уран бүтээлийн дөрөө харшуулж явсан гээд бодоход багахан уран бүтээлч байхын аргагүй. 2009 онд “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангийг бүтээхэд нэрт найруулагч Б.Балжиннямтай хамт уг киноны найруулагчаар ажилласан билээ. Б.Баатар 2007 онд “Монголын чухал 50 хүн” шог зургийн ном туурвисан нь “Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг хийх гол санааг төрүүлжээ. Б.Баатар аав, ээжийнхээ талаас улс төрч, уран бүтээлчдийн удамтай. Ерөнхий сайд асан, сайн ноён Т.Намнансүрэн ээжийнх нь тун ойрын хүн бөгөөд ээж Г.Оюунхүүгийнх нь төрсөн дүү Г.Энхбаатар мэргэжлийн сайн сийлбэрч байхад, аав Н.Лхагва нь мөн л мэргэжлийн зураач төдийгүй, аавынх нь дээд удамд хүрээний шилдэг фото зурагчид олон байж. Ийнхүү зураач болохыг ааваасаа өвлөсөн хэдий ч, найруулагч болсон нь ер алдаа байсангүй ажээ. Тэр энэ мэргэжлээрээ “Өв” үлдээх ёстой хэмээн хатуу бодсон гэдэг юм. Монголчууд бид эд өлгийн зүйлс гэхээр л харагдах, баригдах биет юмсын хэлдэг. Яагаад хүний аугаа түүх, авьяас чадвар, гүн их оюун, ухаан, эрдэм мэдлэг, ер нь л хүнээс гарч болох өндөр чадамж бүхнийг “Өв” хэмээж болдоггүй билээ. Хувь хүн өөртөө тусган үе дамжин үлгэрлэж, бахархан омогшиж явах хосгүй бүхнийг “Өв” гэж харах ёстой байх...Би ийм л сэтгэлээр уран бүтээлд хандахыг зорьдог хэмээн Б.Баатар ярив. Естой л найруулагчийн нандин торгон мэдрэмж гэдэг л энэ болов уу.

Түүнийг ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын ерөнхий продюсер байсныг бүгд мэднэ. Х.Баттулга анх л “Женко” компани байгуулж байхдаа Б.Баатраар төлбөрийн картны болон баримлын шаврын реклам хийлгэсэн нь өнөөг хүртэл ах дүүгийн дотно нөхөрлөлийн эхийг тавьж, хэн хэндээ итгэл төгс ажилласаар өдийг хүрчээ. Тиймээс ч Б.Баттулгын сонгуулийн сурталчилгааны хамгийн гол хүн Б.Баатар байв. Хүн хоорондын итгэл сэтгэлийн нандин харилцаа гэдэг сайхан. Ноён Х.Баттулга түүнийг сонгуулийн үйл ажиллагааг зөв жимээр хөтлөх хүн хэмээн сурталчилгаагаа ахлуулах буйзаа ...


Б.Баатар хэлэхдээ: -“Х.Баттулга яг ямар хүн бэ? Яагаад ерөнхийлөгч болох ёстой юм бэ? Ярьсан хэлсэндээ хүрч чадах уу? зэрэг маш чухал олон асуултанд яг үнэн мөнийг нь харуулахыг зорьсон. Бас өрсөлдөгчөө муулахгүй, өндөр соёлтой өрсөлдөх нь Далд ялалт авчирч болохыг, бодож хатуу чанга зорилго болгосон. Гэтэл сонгууль эхлүүт л, Х Баттулга бол гээд л тэсч тэвчихийн аргагүй, байж суухын нөхцөлгүй гүжирдэн гүтгэж, доромжлон дайрсан. Даанч дээ гэмээр.... Mонгол хүнээс гарамгүй асар муухай явуулга их хийсэн. Хүмүүс үүнд зэвүүцэж, Өөрсдийнх нь муу муухайг дэлгээч ! гэж хэлж байсан. Бид удаан тэвчсэн. Сүүлдээ ч ямар ч хариулгүй чимээгүй байх нь олон түмэнд огт ташаа ойлголт төрүүлэх ч юм болов уу гэж бодсон. Гэхдээ бид худал ярьж, нүгэл нүдээр гарах хар үйл огтхон ч хийгээгүй. Харин ч эцэст нь, идсэн эрүү хувхайрч, идүүлсэн дов ногоордог гэдэг болсон. Их муулсан, их муулуулсан хоёрын чанарын ялгааг сонгогчид сайн мэдэрдэг. Муу хүнээс л муу бодол, муу үг гардаг. Үүнийг дагалгүй сөрсөн маань миний сонгуулийг давж гарах сонгодог санаа, хамгийн оновчтой шийдэл байсан. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч нарынхаа өөдөөс Хар зохиолын хандлага хийгээгүй. Бидний хэлж ярьсан, үзүүлж харуулсан, тайлбар өгсөн бүхэн “Үнэнээс үнэн” байсан. Бид маш их тэсвэр, тэвчээр гаргаж, хүлээцтэй байж, шударга үнэнийг голчоо болгож ялалтад хүрсэн. Ялалт ирсэний дараа сонгууль хэдийгээр улс төр гэлээ ч түүнийг найруулж болдгийг ойлгосон. Гол нь зөвхөн өөрийнхөө нэр дэвшигчийн хүрээнд ажилласан минь миний зөв найруулга байсан. Үнэндээ Х.Баттулга гэдэг хүнийг ерөнхийлөгч болнох нь монголчуудын чин хүсэл байлаа. Би хамгийн зөв сонголт хийсэн ард түмнийхээ их ухааныг биширсэн. Миний хувьд ашиг сонирхол, албан тушаал эрэлхийлж сонгуульд ажиллаагүй, зөвхөн зөв сонголтонд сонгогч олныг чиглүүлэхийг л зорьсон гэв.

Б.Баатарыг ийнхүү учирласны хойно, би ч бас шинэ ерөнхийлөгчийн талаар бодол хөврүүллээ. Яг үнэндээ олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээрээ мянга мянган ажлын байр бий болгож төдий тооны айл өрхийг өчнөөн жил тэжээж ирсэн “Жинхэнэ ард түмний ерөнхийлөгч”-ийг бид сонгожээ. Төр жолоодох энэ сайхан хүнийг тодотгон таниулахад том сэтгэл, их хүч хөдөлмөр, ур ухаан, оюун бодлоо харамгүй зориулсан “Хэро Баатар” таныг гүнээ хүндэтгэн талархаж, уран бүтээлийн ургац баян амжилт хүсэн ерөөе.


 

 

МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Отгон.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.