Д.Ганбат: Энэ эрчээ алдахгүй улам сайн ажиллаарай

2017/10/16
Share |
Хүмүүс:
Д.Ганбат: Энэ эрчээ алдахгүй улам сайн ажиллаарай

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат томилогдсоноос хойш жил гаруй хугацаанд хамтран ажилласан яамны албан хаагчидтай өнөөдөр уулзаж, энэ хугацаанд хамтдаа хийж хэрэгжүүлсэн ажлуудаа нэгтгэн дүгнэлээ. Тэрээр төмөр зам, далйан тээвэр, автотээвэр, автозам, агаарын тээвэр, гадаад хамтын ажиллагаанд ямар үр бүтээлтэй ажилласан талаар илтгэл тавьж, нийт албан хаагчдынхаа цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүслээ.

Тэрээр “Миний бие 2016 оны долдугаар сард УИХ-ын тогтоолоор Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдож та бүхэнтэйгээ хамт 15 сар ажиллалаа. Хэдийгээр нэг жил богино боловч өнгөрсөн хугацаанд та бид  олон ажлын ард гарч, бас эхлэлийг тавьж “Хэлэх үг, хийсэн ажилтай” байгааг хэлэхэд таатай байна. Энэ онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд хуулийн төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлж, Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тус тус хэлэлцүүлж батлууллаа. Авто тээврийн тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна” хэмээн хэллээ.


Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Зам, тээврийн салбар дараах ажлуудыг онцлов.

Төмөр зам, далайн тээврийн салбарт:

1. “Транзит Монгол-2017” форумыг Бээжин хотноо амжилттай зохион байгуулсны үр дүнд эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ-аас Европын чиглэлд аялсан чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 дахин өссөн.

2. Монгол Улсад Монгол инженерүүд анх удаа ачааны болон тавцант вагон угсарч, цаашид вагоны эд ангийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн.

3. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх түүхий нефтийн тээвэр 12 жил тасраад байсныг эхлүүлж, эхний хагас жилийн байдлаар 30 мянган тонн түүхий нефть дамжуулан тээвэрлэсэн.

4. Замын-Үүдийн логистикийн төвийн ажил графикт хугацаандаа явж байгаа. Энэ цогцолбор ашиглалтад орсноор улс орны  эдийн засагт үр өгөөжөө өгөхүйц томоохон цогцолбор болох  боломж бүрдсэн.

5. Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлын суурийг тавьснаар ойрын ирээдүйд төв коридорын ачаа тээвэрлэлтийн хэмжээ 30 гаруй сая тонноор нэмэгдэх боломж бүрдэнэ.

6.Усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллогыг анх удаа улсын нэгдсэн цогц арга хэмжээ авч, зохион байгуулалтад оруулсан.

7. Дорноговь аймгийн Олон-Овоо өртөөнөөс БНХАУ-ын Тяньжин боомт руу Монголын нүүрс задгай чингэлэгээр тээвэрлэгдэж эхэлсэн.

8. Зээлийн хөрөнгөөр худалдаж аваад олон жил ашиглалтгүй зогсож байсан “МТЗ”-ийн бүх хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглалтад оруулж заримыг өөрөө, заримыг нь УБТЗ-д түрээслэж, ялангуяа зүтгүүрийг Замын-Үүд–Эрээний зөөвөрт ашиглаж байна.

9. Сайдын хувьд  гол замын 1116 км төмөр зам дагуух 17 өртөө зөрлөгийн нийт 1500 гаруй ажилтан албан хаагчидтай уулзаж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэж төмөр замчдынхаа  цалинг 10 хувиар нэмсэн.

Авто тээврийн салбарт:

1.  Улаанбаатар–Улаан-Үүд чиглэлд автотээвэр, төмөр замын холимог тээвэр, Чойбалсан - Манжуур чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ, Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос БНКазУ-ын Караганда хотын чиглэлд улс хоорондын байнгын зорчигч тээврийн үйлчилгээг тус тус тогтмолжуулснаар иргэдэд түргэн шуурхай зорчих, үйлчлэх боломж бүрдсэн.

3. Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрсний тээвэрлэлтийг хоногийн нэгдсэн графикт оруулах бодлогын арга хэмжээ авснаар тус боомтоор өдөрт нэвтэрч буй тээврийн хэрэгслийн тоо 1500-д хүрч, эдийн засагт үр өгөөжөө өгсөн.

4.Хот хоорондын автобусны тасалбарыг цахим машинаас авдаг болсноор ачаалал багасч, иргэд түргэн шуурхай зорчих боломж бүрдсэн.

5. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчилснээр хөрш болон гуравдагч улс орнуудад Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээр зорчиход хилийн хяналтыг хялбаршуулах нөхцөл бүрдсэн.

6. Автобуудал, авто замын дагуух үйлчилгээний цогцолбор барих ажлыг зохион байгуулалттайгаар эхлүүлсэн..

7. Тээврийн хэрэгслийн хяналтын нэгдсэн систем бий болгож, бүртгэл, хяналтыг сайжруулснаар хууль бус тээвэрлэлтийн тоо багассан.

8. Тээвэр – экспедицийн үйлчилгээг боловсронгуй болгох зорилгоор дотоодын ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулан ачааг “Гараас гарт-Хаалганаас хаалганд” хүргэх, тээш хадгалах, хүлээн авах, гардуулах шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн.

Авто замын салбарт:

1.  Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 114 км авто замын ажлыг эхлүүлснээр Завхан аймгийн ард иргэд тав тухтай, аюулгүй, түргэн шуурхай зорчих боломж бүрдсэн.

2. Баруун аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттэй авто замаар холбох их бүтээн байгуулалтын ажил Баянхонгор- Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км автозамын ажлыг  эхлүүлсэн.

3. Баянхонгор-Байдрагын гүүр-Алтай чиглэлийн 126.7км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлсэн.

4. Шинэ нисэх онгоцны буудлын хурдны авто замын ажлыг эрчимжүүлсэн.

5.  Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Налайх-Тэрэлж чиглэлийн 30.2 км хатуу хучилттай авто замын их засварын ажлыг ашиглалтад хүлээн авсан.

6. Хөвсгөл  Ханх-Мондын 23 км, Баян-Өлгий аймаг Өлгий сум доторх 4.5км замын ажлууд дуусах шатандаа байгаа бөгөөд Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод багийн 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км хатуу хучилттай авто замуудыг хүлээн авч, ашиглалтад оруулсан.

9. Ерөө голын 272 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг ашиглалтад хүлээлгэн өгч, Булган аймгийн Сэлэнгэ мөрний 437.2у/м төмөрбетон гүүрийн ажлуудыг дуусган Улсын комисс хүлээж авсан.

10. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэн сайжруулах сарын аяныг зохион байгуулж, олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжуудын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилсэн.

Агаарын тээврийн салбарт:

1. БНХАУ, БНЧУ, Люксембургийн Их Вант улс, Мьянмар, Камбож зэрэг улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулж, Тайландын Вант Улстай байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулсан.

2. Япон Улсын Засгийн газрын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ”Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн 65.6 тэрбум иений өртөг бүхий иж бүрэн 31 барилга, байгууламж, тоног төхөөрөмж, машин механизмыг ашиглалтад хүлээн авсан. Мөн Алтай хотод орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн хатуу хучилттай нисэх буудлын зурвасыг ашиглалтад оруулсан.

3. Олон улсын буулт хөөрөлтийн нислэгийг өмнөх оныхтой харьцуулбал 12.0 хувиар, орон нутгийн буулт, хөөрөлтийн нислэгийг өмнөх оныхтой харьцуулбал 21.9 хувиар өссөн.

4. Улаанбаатар–Улаан-Үүд–Улаанбаатар чиглэлд, Улаанбаатар–Пусан– Улаанбаатар, Тайландын Бангкок, Улаанбаатар-Бугат, Улаанбаатар-Эрээн  чиглэлд шинээр тогтмол нислэг үйлдэж эхэлсэн. Мөн Сингапур, Дели, болон Перт, Брисбан, Сидней, Мельбурн хотууд руу, эдгээр хотуудаас Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонконгоор дамжуулан тээвэрлэх ажлыг эхлүүлсэн.

5. МИАТ ТӨХК  “Boeing 737 Max” найман загварын Leap 1B27 хөдөлгүүртэй агаарын хоёр хөлгийг түрээсээр авах гэрээ байгуулсан. “Хүннү Эйр” агаарын тээвэрлэгч компани орон нутгийн агаарын тээврийн парк шинэчлэлтийг хийж, сүүлийн үеийн хоёр АТR-72 онгоцоор орон нутгийн болон бүс нутгийн нислэг үйлдэж эхэлсэн. 

6. Гадаадын долоон авиа компанийн 42 агаарын хөлгийн засвар үйлчилгээг монгол инженерүүд хийж гүйцэтгэсэн. Мөн ТВС-2МС агаарын хөлгийн их засвар болон ТВС-2МС хөлгийг гадаад улс орны инженерүүдтэй хамтран угсарч байна.

7. Агаарын чиг шулуун долоон замыг ашиглаж эхэлснээр агаарын тээвэрлэгчдийн нислэг төлөвлөлт хялбаршиж, нислэгийн зам богиносч, эдийн засаг болон байгаль орчинд ашигтай байдлаар нөлөөлж эхэлсэн.

9. Ази, номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 54 дүгээр хурлыг зохион байгуулж, Монгол Улсын нэр төрийг олон улсын тавцанд өргөн, Иргэний нисэхийн олон улсын байгууллагатай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлсэн.


 

Гадаад харилцааны чиглэлээр:

Гадаад харилцааны чиглэлээр өнгөрсөн нэг жил үнэхээр сайн ажиллалаа. Талуудын хооронд бүрэн ойлголцол, итгэлцэл бий болж нөхөрсөг дотно харилцааг тогтоосон ба энэ нь салбарын хамтын ажиллагаанд олон жил хүлээгдэн, шийдвэрлэгдэж чадахгүй байсан томоохон асуудлуудыг урагшлуулах эсвэл бүрэн шийдвэрлэх хэмжээнд очсон.

1.  Тухайлбал, олон жилийн туршид хэлэлцэн тохирч чадахгүй байсан Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын төмөр замаар дамжин өнгөрөх нөхцөлийн тухайн хэлэлцээрийг эцэслэн тохирч гарын үсэг зурахад бэлэн болгосон.

2.Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх зам, тээврийн салбарын төслүүдээс эхний ээлжинд хэрэгжүүлэх тэргүүн зэргийн ач холбогдол бүхий төслөөр Төмөр замын Төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, Азийн автозамын сүлжээний АН-3 буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын коридорыг хөгжүүлэх гэсэн хоёр төслийг сонгон хэрэгжүүлэхээр Орос болон Хятадын талтай тохиролцож чадсан.

3. Автотээврийн чиглэлээр сүүлийн 10 гаруй жилийн туршид хэлэлцэгдсэн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нөхцөлийг бүрдүүлэх, бүс нутгийн худалдааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий Монгол Улс, ОХУ, БНХАУ хооронд Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 оны арванхоёрдугаар сард Москва хотноо байгуулсан.

4. Хоёр талын автотээврийн харилцааг өргөжүүлэх зорилгоор хоёр талт гэрээ хэлэлцээрүүдийг байгуулахад ихээхэн анхаарч ажиллан Герман, Унгар, Чех, Словак, Польш, Латви зэрэг улстай авто тээврийн хэлэлцээрийг байгуулахаар Монголын талын хэлэлцээрийн төслийг боловсруулан дипломат шугамаар хүргүүлсэн байна.

Зам, тээврийн хөжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат илтгэлийнхээ төгсгөлд  “Манай яамны хамт олон 2016 оны ажлаараа яамдаас тэргүүн байрт орж, яамны Төрийн албаны зөвлөл мөн салбар зөвлөлүүдээс тэргүүлсэн. Түүнчлэн, салбарын ажилчдынхаа ажиллаж, амьдрах нөхцөл байдлыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж “Албан хаагчдын ажиллах, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг шинэчлэн гаргаж албан хаагчдын өмнө тулгамдаж байсан орон сууцны тодорхой асуудлыг шийдвэрлэж эхлээд байна. Хамт ажилласан энэ нэг жил миний амьдралд сайхан дурсамж үлдээсэн хамгийн үнэ цэнэтэй агшин байлаа. Салбарын хамт олон та бүхэндээ энэ эрчээ алдахгүй улам сайн ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн  илэрхийлж, нийт албан хаагчиддаа ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн  сайн сайхныг хүсэн ерөөв.

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.