У.ХҮРЭЛСҮХТЭЙ ЗААМДАЛЦАХ УЧРАА

2017/10/19
Share |
Хүмүүс:
У.ХҮРЭЛСҮХТЭЙ ЗААМДАЛЦАХ УЧРАА

Хүнд эдийн засаг У.Хүрэлсүхийн нуруун дээр ирлээ. Эдийн засаг өсөөд байхад амьдрал ядуураад л байна гэж ард олон ярилцаж байна. Ам дамжсан энэ яриаг өчигдөр Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооны мэдээ баталж орхилоо. Дээрх хоёр байгууллага хамтарсан хараат бус судалгааны баг гаргаж ядуурлын төвшинг тодорхойлжээ. Тэдний гаргасан тоогоор бол 2016 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын есөн зуун мянга нь ядууралд өртсөн аж.

Гурван хүн тутмын нэг нь ядуурсан гэсэн үг. Энэ тоо 2014 онд 634000 хүн буюу нийт хүн амын 21,6 хувьтай тэнцэж байсан бол 2 жилийн дотор 907,5 мянга буюу нийт хүн амын 29,6 хувь болж өсжээ. Мөн Монгол улсын нийт иргэдийн 42 хувь нь зээлтэй байна. Үүний 37 хувь нь цалингийн зээл эзэлж байгааг дээрх хамтарсан багийн судалгаанд дурджээ. БНСУ-руу явж 3 сараар ажил хийгээд буцаж ирэх сонирхолтой хүний тоо сүүлийн 2 жилд мөн эрс өслөө. Тэр байтугай ээлжийн амралтаараа  БНСУ-д ажиллаад ирж байгаа хүмүүс ч байна. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын засгийн газар 5,3 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээлгэж өглөө гэдэг нь зүгээр л хуурай тоо юмсанж. Ядууралд өртсөн хүний тоо есөн зуун мянгад хүрч нэмэгдээд байхад эдийн засаг нь 5,3 хувиар өсөөд байдаг парадокс тогтолцоо.

Энэ эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь нүүрсний үнэ, экспортын хэмжээ хоёр өссөнтэй шууд холбоотой байсан. Гэтэл ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсаны дараагаас БНХАУ авдаг нүүрснийхээ хэмжээг эрс бууруулсаар байна. Гол орлого ордог мөнгөний крант өмнө нь даралттайгаар гоожиж байсан бол одоо дусалж байна гэсэн үг. Мөн нүүрсний үнэ 2018 он гараад бага зэрэг буурна цаашид ойрын зайнд төдийлөн өсөхгүй гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Эндээс харахад л У.Хүрэлсүхийн танхим хэцүүхэн учраатай оноолт таарсан нь ойлгогдох байх. У.Хүрэлсүхтэй хүч үзэх дараагийн эрхэм бол ноён бонд. АН-ын засгийн үед аваад хэрэглэчихсэн Чингис бонд, Дим сам бонд зэргийн эргэн төлөлт болох 660 сая ам доллар онг гарангуут нэхэгдэнэ. Мөн энэ өвөл хүндхэн болно гэж цаг уурчид сануулж байна. Өвөлжилт хүндэрнэ гэдэг бол шууд утгаараа эдийн засгийн хохирол амсанаа л гэсэн үг. Гэх мэт эхний ээлжийн хүндхэн сорилтууд У.Хүрэлсүхийн засгийн газартай заамдалцах гэж байна.

Н.Алтанхуягийн засгийн газрын үед мөнгөөр гулгиж, төсөл бичээд ирсэнд нь нэн хөнгөлөлттэй зээл олгож байсан. Харин дараа дараагийн ерөнхий сайдуудын үед байдал муудаж гэнэт идсэн хүний гэдэс нь өвдөнө гэгчээр Монгол улс санхүүгийн гүн хямрал руу гулсаж байна. Товчхон хэлэхэд Монгол улс шаварт зоогдчихоод байна. Өр гэх энэ шавраас Монгол улсыг татаж гаргах уу эсвэл бүр улам гүнзгий зоогдох уу гэдэг нь У.Хүрэлсүхийн хүч тамир, танхимынх нь эв нэгдэл, бүр тодруулж хэлбэл эрх баригч намын эв нэгдлээс ихээхэн хамаарна.  Гээд нөхцөл байдал хэцүү байлаа ч эрийг бүү бас гэж үг бий. Энэ бүхнийг даваад гарвал Хүрэлсүх бус Алтансүх болж түүхэнд үлдэх боломжтой.

 

 

 

 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.