Хүмүүс: |
Эртний Грекээс олон суут хүмүүс төрснийг бид мэднэ. Тэдний нэг нь алдарт математикч, философич Пифагор бөгөөд МЭӨ YI зуунд амьдарч байжээ. Өөрийн үзэл бодлоо хамгаалан баталж нотлоход тухайн үед хүндрэлтэй байсны улмаас Пифагор Грекийг орхин, Өмнөд Италид суурьшсан байна.
Хүмүүс яагаад түүний сургаалийг өнөөг хүртэл ер бусынд тооцоод байдаг юм бол? Пифагор хүний сүнсний шилжилт болон үхэшгүй мөнх байдалд итгэдэг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, хүн нас барсны дараа диваажинд очиж чадаагүй зарим сүнс өөр хүн болон амьтны биед шилжин ордог гэжээ.
Ийм ч учраас тэрээр өөрийн шавь нарыг хүнсэндээ мах хэрэглэх болон бурхдад амьтнаар өргөл өргөхийг хориглодог байсан аж. Пифагорыг залгамжлагчид ч мөн олон тооны хатуу чанга хууль дүрмийг мөрддөг байсан гэнэ.
Алдарт философичийн зарим нэгэн үзэл санаа хэт үнэмшилгүй, хоосон санагдаж болох ч тэрээр шинжлэх ухаанд маш том хувь нэмэр оруулсан билээ. Дунд сургуулийн сурах бичгүүд дээр тэгш өнцөгт гурвалжны талуудын харьцааг тодорхойлдог Пифагорын алдарт теорем байдгийг бид сайн мэднэ. Мөн тэрбээр хөгжмийн чавхдасны дууны өндөр нь түүний уртаас хамаардгийг тогтоосон бөгөөд эндээс зохицлын онолыг хөгжүүлэн, Ертөнц дээрх бүх зүйлийн үндэс нь тоо гэсэн аж.
Д.Мигаа