Хүмүүс: |
Шинэ жил дөхөөд ирэхийн цагт эмэгтэйчүүд үс, хувцас, нүүр будалт, гутал, гоёл чимэглэл гээд санаа чилээх зүйлс ихтэй болж ирдэг. Өдрийн бодол шөнийн зүүд болсон гоё ганган даашинзаа өмсөөд шинэ жилийнхээ үдшийн хамгийн сайхан эмэгтэй байх хүсэлдээ автсан бүсгүйчүүдийн нэг үдэш хэдхэн цаг гангарах даашинзны дундаж өртөг 200 мянга орчим төгрөг. Ганц үдэш гангараад дахиж өөр арга хэмжээнд өмсөхөөс жийрхдэг охид эмэгтэйчүүдийн бодлыг яруу найрагч Р.Эмүжин ийн өөрчилжээ. Цайны ганц цагаан даашинзаараа арваад жил гангарч байгаа тэрээр :
"Ганц даашинзтай ч гандан буурахгүй ээ...
Даашинзаар баярлах биш, сэтгэлээрээ баясдаг хорвоо. Арав гаруй жилийн өмнө, Марс худалдааны төв гэж байхад, хоёрдугаар давхрын нэг лангуунаас авч байсан цагаахан даашинзаараа гоёно оо. Олон ч арга хэмжээнд гангарсан юм даг. Намайг ганц даашинзтай Эмүжин гээд хочилно л биз, яадгийн тээ? Хэдэн төгрөгөө бариад дэлгүүр хэсч дэмий тэнэж, гялгарт автаж, гялаанд бүдэрч явдаг зав ч алга, бодол ч алга. Тархи толгойд тасархай хүсэл мөрөөдлүүд дүүрэн байхад шинэ даашинд яршиг л байна цаашаа. Гэртээ алд алдаар нь даавуу овоолж байхын оронд сэтгэл зүрх, тархи оюундаа өгөөжтэй гэгээн бүхнийг өмч болгон хураалаа гээд муудсан юм алга. Тэгээд ч энэ даашинзандаа хайртай юм чинь" хэмээсэн байна.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn