Н.Наранбаатар: Уул уурхайгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэртэйгээ холбож хөгжүүлэхэд онцгой анхаарч байна

2018/03/22
Share |
Хүмүүс:
Н.Наранбаатар: Уул уурхайгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэртэйгээ холбож хөгжүүлэхэд онцгой анхаарч байна

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатартай ярилцлаа.
-Аймгийн Засаг даргын хувьд та өнгөрсөн 600 хоногт хийсэн ажлаа тайлагналаа. Иргэд хэр хүлээж авч байна.

 
- Өмнөговь аймгийн засаг даргын ажлыг хүлээж авсныхаа дараа аймаг орон нутгаа хөгжүүлэх “Бид хамтдаа” төлөвлөгөөг боловсруулсан. Энэ төлөвлөгөөг боловсруулахын тулд иргэдийнхээ саналыг авсан, салбарт бүрийн төлөөлийн үгийг сонссон. Аймаг орон нутгаа хөгжүүлэх, иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хэрэгтэй байна вэ гэдгийг судалж, энэ төлөвлөгөөгөө мөрийн хөтөлбөр болгон боловсруулж, батлуулсан. 
Мөрийн хөтөлбөрөө боловсруулж байх явцад уул уурхай, аялал жуучлалаа дагасан үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжих, өрх гэр, хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд рүү нь чиглэсэн ажлуудад төсвийн мөнгийг түлхүү зарцуулах ёстой юм байна. Ирээдүйн хөгжлөө илүү өргөнөөр харж, бодлоготойгоор бүтээн байгуулалтын ажлуудыг хийх ёстой юм байна гэсэн бодол төрж байсан. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлээд 600 хоног болж байна. Энэ хугацаанд мөрийн хөтөлбөрийнхөө 51 хувийг биелүүлээд байгаа. Иргэддээ өнгөрсөн 600 хоногийн хугацаанд хийж бүтээсэн зүйлээ тайлагнаж, тэдэнд мэдээлэл өглөө. Иргэд маань дэмжиж хүлээж авч байгаад талархаж байгаа. Гэхдээ хийх ажил их байна.


-600 хоног... Нэг талдаа их том тоо. Нөгөө талдаа хоёр жил хүрэхгүй хугацаа. Энэ хугацаанд хийсэн ажлуудаасаа та юуг онцлох вэ?


-Ер нь 600 хоногийн хугацаа гэдэг нүд ирмэхийн зуур л өнгөрдөг юм байна. Иргэд рүүгээ, нийгэм рүүгээ чиглэсэн ажлыг голлож хийе гэсэн зорилт тавиад ажилласан. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 17 дэд хөтөлбөр батлуулсан. Боловсролын салбарт “Багш хөгжил”, “Оюуны хурд”, “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг хүүхдүүд” гэсэн хэд, хэдэн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хүүхдүүдийн сурлагын амжилт эрс сайжирсан. Сүүлийн 10 гаруй жил Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон хүүхдүүдийн амжилтыг аймгаар нь эрэмбэлэхэд Өмнөговь аймгийн хүүхдүүд 18-20-р байранд ордог байсан бол өнгөрсөн жил 4-р байранд орсон. Мөн төрийн албан хаагчиддаа зориулан “Говийн дэмжлэг” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. 
Энэ хөтөлбөр хэрэгжснээр Өмнөговь аймагт ажиллаж байгаа төрийн албан хаагчид сар бүр цалин дээрээ 20 000 төгрөг, жилдээ 240 000 төгрөг авдаг боллоо. Мөн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хандсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анги, цэцэрлэг нээсэн. Өнгөрсөн хугацаанд хоёр сургууль, хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад орлоо. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэхийн тулд төрийн албан хаагчдыг чадавхижуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж, төрийн албаны “Е-Офисс” программыг нэвтрүүлээд байна. Энэ программ нэвтэрснээр төрийн албан хаагчид хаана ч явсан ирсэн албан бичиг, өргөдөл гомдол саналыг хүлээж авч, шийдвэрлэх боломжтой болсон. 
Өнгөрсөн 2017 онд бүтээн байгуулалтын ажил хийхэд нийтдээ 73 тэрбум төгрөг зарцуулсан. Нэг ээлжиндээ 1200 хүүхэд хичээллэх боломжтой Ерөнхий боловсролын сургууль, 3.3 км гэрэлтүүлэгтэй автозам, 11 км явган хүний зам, 7000 м.кв авто машины зогсоол, Даланзадгадын шинэ суурьшлын бүс гээд багагүй ажил хийгдсэн. Энэ жил бид 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, нийтдээ 103.8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж, ажилдаа ороод байна.
Үүний 10 хувь буюу 11 тэрбум нь Улсын төсвөөс, аймаг, орон нутгийн төсвөөс 47.7 тэрбум төгрөг, төсөл хөтөлбөрөөс 34.6 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангаас 9.9 тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон байна. Даланзадгад суманд “Багш хөгжлийн ордон”, 100 хүүхдийн цэцэрлэг, Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, 850 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилга, зориулалтын мал нядалгааны цех бүхий мах боловсруулах үйлдвэр гээд томоохон бүтээн байгуулалтын ажил хийнэ.


-Өмнөговь аймаг бол уул уурхайн асар их баялагтай аймаг. Уул уурхайн компаниуд аймаг орон нутгийн удирдлагуудтайгаа хэр хамтарч ажилладаг вэ?


-Уул уурхайн компаниудтайгаа хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймээс байнга эргэх холбоотой ажиллаж, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Аймаг орон нутгийн зүгээс ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил зохион байгуулсан, сургалт, сурталчилгааны ажлууд хийсэн. 
Үүний үр дүнд өнгөрсөн 600 хоногийн хугацаанд 2200 хүн байнгын болон түр ажлын байртай болсон байна. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжихэд онцгой анхаарч байгаа. Зөвхөн Оюутолгой ХХК-д гэхэд өнгөрсөн жил 83 сая ам долларын ханган нийлүүлэлтийг манай Өмнөговь аймгийн бизнес эрхлэгчид хийсэн байгаа. Энэ онд 100 гаруй сая ам.долларын ханган нийлүүлэлт хийхээр төлөвлөж, хамтарсан ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Сумд руугаа анхаарч, сумдыг төвлөрсөн дулааны хангамжид холбох ажлыг эхлүүлсэн. Худаг ус гаргах, малынхаа чанар, сүргийн бүтцийг сайжруулахад багагүй анхаарч, хөрөнгө мөнгө зарцуулсан байгаа. 
Мал сүрэг маань таван төрлөөрөө өсч байгаа. Тиймээс малаа эрүүлжүүлэхэд анхаарч байна. Өнгөрсөн жил Ханбогд суманд иж бүрэн лаборатори бүхий малын эрүүл мэндийн төвийг байгуулсан. Энэ жил “Говийн оюу” сантай хамтран мал нядалгааны зориулалтын цех бүхий мах боловсруулах үйлдвэрийг 975 сая төгрөгөөр барьж байгуулна. Ингэснээр уул уурхайн компаниуд болон БНХАУ-руу мах экспортлох боломж бүрдэж байгаа. Өмнөговьчууд өөрсдийнхөө хөрсөнд ургасан шинэ ногоог хүнсэндээ хэрэглэх зорилт тавиад БНСУ-д үйлдвэрлэсэн өвөл, зуны хүлэмжүүдийг байгуулж, ургацаа хураагаад эхэлсэн байгаа.


-Таагүй ч байж магадгүй нэг зүйл асууя. Өмнөгов аймаг бараг л “баялагын хараал” болсон. Аймгийн бүхий л газар нутаг нь уул уурхайн компаниудад эзлэгдсэн гэсэн мэдээлэл их тардаг. Бодит байдал дээр яг ямар байгаа вэ?


-Өнөөдөр аймгийн хэмжээнд 8 уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Энэ компаниуд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу л байгаль орчны төлөвлөгөөгөө батлуулаад, тайлангаа сум, аймгийн удирдлагуудадаар хянуулаад, яаман дээр очиж батлуулаад дараа жилд ажил хийх эрхээ аваад л явж байгаа. Ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа комканиуд аймгийн нийт газар нутгийн 10 орчим хувь дээр үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөрхэлбэл нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь ямар нэг лицензгүй. 
Үүний 30 гаруй хувь нь тусгай хамгаалалттай газар нутаг бий. Нэг ч лиценз өгөхгүй, зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр сум орон нутгаа хөгжүүлнэ гэдэг зорилттой сумд ч бий. Жишээлбэл Сэврэй, Булган сумын иргэд өөрсдийн газар нутаг дээр ашигт малтмалын нэг ч лиценз олгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Уул уурхайн компаниуд манай аймагт үйл ажиллагаа явуулж байна. Үүний бодит үр дүн иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлдөг. Хэдхэн жишээ хэлэхэд Өмнөговь аймаг ажилгүйдэл, ядуурлын түвшин хамгийн багатай аймаг. Бидний хувьд уул уурхайгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэртэйгээ яаж холбож хөгжүүлэх вэ гэдэг дээр онцгой анхаарч ажилладаг.


-Нөхөн сэргээлт хэр хийгдэж байгаа вэ? Гар аргаар алт олборлогчид Өмнөговьд ихээрээ ирэх болсон гэж сонссон?


-Уул уурхайн компаниуд олсон орлогынхоо тодорхой хувийг нөхөн сэргээлтэд зарцуулаад, нөхөн сэргээлтээ хийдэг. Сүүлийн үед “нинжа” нар гэж нэрлэгддэг хүмүүс бусад аймгаас их ирж, гар аргаар алт олборлох үйл ажиллагаа явуулж байна. Хөөгөөд, туугаад явахгүй юм байна, хүч хэрэглэж болохгүй юм байна. Тиймээс хууль журмын дагуу яаж эмх цэгц, зохион байгуулалт хийх вэ гэдэг асуудал тулгарсан. 
Бичил уурхай эрхлэгчдийн “Дээвэр” холбоо, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран тодорхой ажлууд зохион байгуулж байгаа. Тодорхой газар зааж өгөөд татвар хураамжийг нь авах, нөхөн сэргээлтийг нь хийлгээд явж байгаа. Үүнээс гадна урьд өмнө олборлолт хийгээд орхисон, эвдэрсэн газрууд байгаа. Үүнийг нөхөн сэргээхэд сум, орон нутгийн удирдлагууд болон иргэдтэйгээ хамтран ажиллаж, өнгөрсөн жил 100 гаруй сая төгрөгийн нөхөн сэргээлтийн ажил хийсэн.


-Өмнөговь аймаг хамгийн олон тэмээтэй аймаг. Тэмээнийхээ ашиг шимийг хэр хүртэж байна вэ?


-Өмнөговь аймаг 146 мянган тэмээтэй. Тэмээгээ өсгөхөд зориулан орон нутгаас тодорхой бодлого барьж ажилласнаар жил бүр тэмээний тоо толгой өсч байна. Ботгоны тоогоор урамшуулал өгч, тэмээчдээ урамшуулж, тэмээний баярыг сум, баг бүр зохион байгуулж байна. Жил бүр “Ингэний айрагны байр”-ыг аймаг дээрээ зохион байгуулдаг уламжлалтай болоод байна. Ингэний айраг, буурын бохь, тэмээний чөмөгний тос, тэмээний ноос, арьс шир гээд дэлхийд үнэд хүрэх олон бүтээгдэхүүн бий. Үүнийг боловсруулах, зах зээлд гаргахаар судалж байна. Ингэний хуурай сүү үйлдвэрлэх, тэмээний чөмөгний тосыг эмчилгээнд хэрэглэхээр савлах гэх мэт судалгааны ажлууд хийж байгаа.


-Өмнөговь аймагт бүтээн байгуулалт өрнөж байна. Хөрөнгө оруулалтын ч асуудлууд шийдвэрлэгдэж байна. Тэгвэл хамгийн хүндрэлтэй асуудал юу байна вэ?


-Ер нь усны асуудал. Усны чанар, хүртээмж гээд тулгамдсан олон асуудал бий. Орхон гол, Хэрлэн гол гэсэн хоёр том төсөл яригддаг. Орхон, Хэрлэн гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн байгаль орчны болон техникийн урьдчилсан судалгааг хийж дуусгаад байгаа ч хөрөнгө мөнгөний асуудал шийдвэрлэгдэхгүй хүлээгдэж байна. Уг нь энэ хоёр төсөл хэрэгжвэл зөвхөн "Оюу Толгой", "Таван толгой" болон бусад томоохон төслийг усаар хангаад зогсохгүй ус дамжуулах хоолойг даган байрласан сум суурингуудыг усаар тэтгэх боломж бүрдэнэ. Өмнийн говийн ард иргэд, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг усаар хангах үүднээс уг төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.


-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Уул уурхай ер нь бусдаас сааж амьдарлаа залгуулдаг сэтгэлгээнээсээ хэзээ салах вэ. Бөөн шантааж хийсэн хүмүүс л төрд байна даа
IP:202.21.109.157  2018-03-23 04:39:56
bayar oron nutagt 73 terbum chn 73 surguuli barihaar mungu bizdee hurungu oruulalt n ih bodit buteen baiguulalt arai l baga baina daa. manai darga nar tailandaa ineedtei yumnuud bichih yumdaa barag l ail burt ochij huuhdiin geriin daalgavriig hiilgelee geh n holgui
IP:218.76.28.51  2018-03-23 10:48:03
mgl Ene neg yumnii tsarai zus haashain yum dee. Darvaisan, pembiisen, silikon shahuulsan yum shig uzliin muuhai haragdaj bna.
IP:66.181.179.120  2018-03-23 12:03:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.