Хүмүүс: |
Монгол улс ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууддаа 18 нас хүртэл нь "хүүхдийн мөнгө" олгодог болоод багагүй хугацааг үдээд буй. Тун ч хэл ам маргаан дагуулсан энэхүү асуудал одоог хүртэл бүрэн шийдвэрлэгдээгүй л байна. Бүх хүүхдэд бус зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд сар тутам 20мянган төгрөг өгөхөөр болсонд олон нийт тун ч бухимдалтай яваа. Олон улсын хүүхдийн эрхийн гэрээ конвенцд хүүхдийг ямарваа хэлбэрээр ялгаварлан алагчлахыг хориглох тухай заалтад Монгол улс нэгдсэн байдаг. Тус гэрээнд АН-ын дарга С.Эрдэнэ гурван жилийн өмнө гарын үсэг зурж НҮБ дэх 41 дэх улс болгосон байдаг ажээ. Ийм гэрээ конвенцд гарын үсэг зурж нэгдсэн улс орон хүүхдүүдээ амьдралын төвшнөөр нь ялгаж, халамж үйлчилгээ үзүүлж буй нь өөрөө зүй бус үйлдэл юм. Одоогоор нийт хүүхдүүдийн 80 хувьд очиж буй хүүхдийн мөнгийг нэн яаралтай 100 хувьд олгох тухай асуудал маргаантай хэвээр байгаа бөгөөд УИХ-ын сонгуулиар амласан "хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд тэгш олгох" хэмээх амлалтандаа хүрэх үү эсвэл эс хүрэх үү гэдэг тун удахгүй тодорхой болох биз ээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn