Улсаа худалдсан увайгүй Казах эрчүүдийн ард бүдгэрсэн эмэгтэйчүүдээ өмөөрөхүй

2018/06/28
Share |
Хүмүүс:
Улсаа худалдсан увайгүй Казах эрчүүдийн ард бүдгэрсэн эмэгтэйчүүдээ өмөөрөхүй

Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргино гэж монголчууд эртнээс зүйрлэн хэлж ирсэн. Түүнтэй адил улс төрд яваа зарим нэг хүмүүсийн зохисгүй үйлдлээс болж сүүлийн жилүүдэд казах ард түмний нэр хүнд унасаар байна. УИХ-д хоёронтоо сонгогдож байсан Х.Жекей Монгол Улсын харьяатаас гарч түүнд олгосон дээд офицерын “Бригадын генерал” цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар хураан авч байв. Хил хамгаалах албанд олон жил зүтгэж, Хил хамгаалах ерөнхий газрын дэд даргаас Бригадын генерал цол хүртэн төрийн өндөр албан тушаал хашиж, улсын хууль батлалцаж явсан хүн Монгол төрийн нууцад ойр ажиллаж байсны хувьд түүнийг гадны тагнуул байсан, мэдээлэл задруулсан гэх яриа түгсэн.

Мөн Монгол Улсаас Ойрхи дорнодын орнуудад Элчин сайдаар нэг бус удаа сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, УИХ-ын гишүүн асан К.Сайран Казахстаны нууц тагнуул байж болзошгүй тухай яриа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай цацагдсан. УИХ-д хэдэнтээ сонгогдож байсан генерал Х.Жекей, Бүрэн эрхт Элчин сайд К.Сайран нарын тагнуул гэх “цол”, УИХ-ын гишүүн асан А.Мурат Эрээн хотод Монгол Улсын Ерөнхий консулаар ажиллаж байхдаа хятад иргэдэд хууль бус виз гарган өгч, гэмт хэрэг үйлдэж Эх орноосоо оргосон зэрэг нь   нийт казах ард түмний нүүрийг түлж, энэ ард түмний талаар эерэг биш сэтгэгдэл төрөх болсон нь нууц биш юм. Даарин дээр давс гэгчээр 2016 онд АН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Мурат  хүүхэн шуухан, бандаашны хэрэгт орооцолдож, Баян-Өлгий аймгийн сонгогчдыг төлөөлөх эрхээ хасуулахдаа тулчихсан яваа. 

Увайгүй хэдэн улстөрчдийн ард үндэстнээрээ Монголын төрийн өмнө эргэлзээ үүсгэж, нүүр хийх газаргүй болгож үлдээж байгаа нь харамсалтай. Нэр нэгтийн чих нэг гэгчээр манай улсын ганц үндэстэн болох баруун хязгаарын нутаг дэвсгэрт орших Баян-Өлгий аймагт төвлөрөх казах зон олон намын боловсон хүчний бодлогоор эхнээсээ зөв таниагүй увайгүй улстөрчдөөс болж нэр сэвтэж хоцорч байна. Дээрх жишээ баримт нь казахуудын нэрийн хуудас, ард түмнээ төлөөлж, төрийн түшээ явах хүмүүсийн сонголтод намууд хэт хайнга хандасны тод жишээ бөгөөд цаашид зөв хандахыг сануулж байна.

Үүх түүх ихтэй, ажилч хичээнгүй, хөдөлмөрч энэ ард түмний түүхээс үзэхээд өмнө нь нэр цэвэр явж ирсэн байдаг. Казах түмний дунд өнө эртнээс Монгол Улсынхаа хөгжлийн төлөө гар биеэр  зүтгэж хөдөлмөрлөж ирсэн ажилч хичээнгүй хүмүүс маш олон бий. Өдгөө ч төрд ажиллаж буй олон олон шилдэг боловсон хүчин, төрийн түшээд байна. Тухайлбал, Эх орныхоо төлөө алтан амиа зориулсан Монгол Улсын  баатар М.Икей, социализмын үед салбарын сайдаар ажиллаж байсан О.Тлейхан, У.Маулет, Р.Сандалхан, Хөдөлмөрийн баатар Т.Нуга, С.Чоя, Ж.Серикбай, А.Орногбай, Ж.Хайрулла, академич А.Мекей, доктор профессор У.Хамбар, зохиолч Б.Ахтан, Ардын эмч А.Нота зэрэг олон хүнийг нэрлэж болно.

Гэр бүлийн гол баганы нэг болох казах эмэгтэйчүүдийн хувьд эр нөхрийн өмөг түшиг, үр хүүхдийн сайн эх төдийгүй боловсрол өндөртэй, өнөөгийн хөгжил цэцэглэлтэд тэргүүлэх байр суурьтайгаар оролцож яваа нь бахархал дагуулдаг. Тэдний дунд үлгэрлэл болдог цэгц шударга олон сайхан эмэгтэйчүүд бий. Тухайлбал, 1940 онд Ардын их хурлын төлөөлөгчөөр сонгогдон, Улсын Бага Хурлын гишүүн бөгөөд тэргүүлэгчээр ажилласан А.Жамила гэх эмэгтэйн тухай домог шиг яриа байдаг. МАХН-ын Төв Хороонд ажиллаж байсан Н.Марияш, казах түмний дундаас анх Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, алдарт саальчин Ш.Улболган,  Ардын жүжигчин Б.Хайжамал нарын эмэгтэйчүүд төрийн шийдвэр гаргах түвшинд болон хөдөө аж ахуй, урлаг соёлын салбарт нэр хүндтэйгээр ажиллаж байсан билээ. Энэ сайхан залгамж одоо ч тасраагүй үргэлжилсээр. БСШУ-ны дэд сайдаар ажилласан Ч.Куланда,  ХҮХААХҮ-ийн дэд сайдаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж буй Ж.Сауле нарын ноён нуруутай, шударга чигч төрийн түшээдээрээ бахархан хүндэлцгээдэг. Казах түмний дунд ариун цагаан хөдөлмөр, бүтээлээрээ алдар гавьяаны эзэн болсон  хүмүүсийн нэр цааш үргэлжилнэ.

Ер нь казахын ард түмэн маш хөдөлмөрч, эртнээс социализмын үед Монголын уул уурхай, эрчим хүчний салбарыг урдаа авч явсан хүмүүс гэдгийг мэдэх хүмүүс нь сайн мэднэ дээ. Монголын төрөөс ончтой бодлого барьж, казах ард түмнийг дандаа дэмжиж ирсэн түүхтэй. Үндэсний онцлог, өв уламжлалаа авч үлдэх ёстой хэмээн дэмжиж ирсэн уламжлалтай. Харин ч нэг тугийн дор нэгдсэн олон үндэстэн монгол ахан дүүс гэдгээрээ бахархдаг. Түүгээр ч зогсохгүй улс төрд шийдвэр гаргах түвшинд үндэсний цөөнхийн төлөөллийг заавал байлгах ёстой гэж үздэг. Үүнд казахын ард түмэн ч үргэлж талархаж ирсэн. Харамсалтай нь сүүлийн үед улс төрд казах ард түмнээ төлөөлсөн зарим нэг увайгүй эрэгтэй улстөрчдийн "үзэл суртал”-ын шинжтэй, эх орноо "гадуурхсан” агуулгатай мэдээллүүд итгэл эвдэх шалтгаан болчих шиг боллоо. Энэ нь намын бодлогын хүрээнд зөв хүмүүсээ таньж гаргаагүйн харгай юм. Тэдний балаг дуусахгүйгаар барам эмэгтэйчүүдээ “Манай казах эрчүүд эмэгтэйчүүдээ төр түшилцэх нь битгий хэл гэрийнхээ хоймор өөд ч тэр болгон гаргадаггүй ш дээ” гэж ярьж хэлээд сууж байхав дээ. Ингэж хэлсэн, ярьсан хүний гэрч нь байна. Гэтэл бодит байдал дээр эрчүүдээсээ дутахгүй эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ажиллаж, энэ тоо жил ирэх бүр өсч байна. Сая ИТХ-ын нөхөн сонгууль болоход Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд Б.Гулнар гэх эмэгтэй эсрэг хүйсний хүчтэй өрсөлдөгчөө ялж гарч иржээ. Баян-Өлгий аймагт улс төрийн албан тушаалд буюу Иргэдийн төлөөлөгчийн орон тоонд эмэгтэй улстөрчид олноор цөн түрж орж ирцгээсэн. Эмнэлэг, сургуулийн захирлаас эхлээд шийдвэр гаргах түвшний ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд хашиж байна.

 Баян-Өлгий аймгийн төлөөлөл болсон УИХ-ын хоёр гишүүний намын генсекдээ хэлж байсны харин эсрэгээр нь “Гэрийнхээ хоймор өөдөө гаргаж болохгүй битгий хэл өнөөдөр казах эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд эрдэм, мэдлэг, боловсролоороо эрчүүдтэй эн зэрэгцэн зүтгэж явна. Жендерийн асуудлыг хөндөж байгаа энэ үед эмэгтэйчүүдээ нас, хүйсний хувьд ингэж гадуурхах нь хууль бус төдийгүй улс төрд эмэгтэйчүүдээ арчиж хаях гэсэн башир хүмүүсийн увайгүй үйлдэл юм. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж 30 хувийн квот тогтоосон хууль яг үнэндээ Баян-Өлгий аймагт хэрэгжихгүй байна. Монгол Улсын иргэн л бол Үндсэн хуулиараа тэгш эрхтэй. Мөн бүгдээр Монгол Улсын туган дор нэгдэж, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэж байна. Ийм байхад жендерийн тэгш бус харилцааг цаашид засч залруулахгүйгээр төрийн тогтвортой боловсон хүчний бодлого хэрэгжиж чадахгүй юм. Өчигдөр буюу энэ зургадугаар сарын 27-ны өдөр олон улсын Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай сэдвээр олон улсын хурал болж өнгөрлөө. Энэ хурлын үеэр хөндөгдсөн сэдвийн нэг бол шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш бус байдлын талаар шүүмжлэл хүчтэй яригдаж байв. Ер нь эмэгтэйчүүд жижиг гэж орхилгүй эрчүүдийн олж хараагүй асуудлуудыг харж шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэдэг. Эмэгтэйчүүд амьдралд ойрхон асуудалд ханддаг.

 Эмэгтэйчүүд шударга, хариуцлагатай байж, авлигад өртдөггүй, аливаа асуудалд мэдрэмжтэй ханддаг гэхчлэн олон асуудалд нэмэх оноо авдаг. Тийм ч үүднээсээ өнөөдөр Монголын парламентад эмэгтэйчүүдийн төлөөллийн тоо нэмэгдсээр байна. Гэтэл Баян-Өлгий аймагт жендерийн тэгш байдал хангагдаж чадаагүй. Мөн намыг муухай харагдуулж, намын нэрээр авсан эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашигласан, мөнгөний улс төр болгож хүмүүсээсээ хол байгаагүйгээс болж намын болоод нийгмийн амьдралд сөрөг үр дагаврууд гарч байна.  Намуудын нэрийг сэвтээсэн улстөрч эрхмүүдээс улбаалж боловсрол, туршлага, чадвараараа жагссан залуу боловсон хүчин болох олон олон эмэгтэйчүүд бас хохирч, дарагдаж үлдэж болохгүй юм. Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Засгийн газрын өмнөө тавьсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ажилч хичээнгүй, хөдөлмөрч казах түмэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, цаашид казах иргэдийн талаарх бодлогыг анхаарлынхаа төвд байлгах болно” гэж хэлж байсан нь Баян-Өлгийд оршиж буй дээрх асуудлыг нааштай шийдвэрэхэд нөлөөлөх болов уу гэсэн өөдрөг сэтгэгдэл төрүүлж байна. Намууд төр түшилцэх хүнээ улс төрийн мэргэн сонголтоор томилж байхыг сайтар бодох учиртайг сануулахын тулд үүнийг тэрлэв. Яагаад вэ гэвэл сонгууль болгонд байнга сойгддог өнөө л хэдэн улстөрчдийн ард гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн эрдэм мэдлэгээрээ дэлхийд шагшигдахуйц залуус, шинэ үе чинь хаалганы цаана үлдээд байна шүү дээ. 

 

 



www.zindaa.mn

Б.БОЛОРСАЙХАН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
өөдөө элчин сайд байж улсын нууц мэддэг хүмүүс улсынхаа эсрэг ажилж байж магадгүй тул тагнуул ажиллах хэрэгтэй тухайлбал оюутолгойн ТУЗ ын дарга улсынхаа эсрэг ажилж татвараа төлөхгүй байгаа юм биш үү
IP:103.212.116.207  2018-06-28 16:59:23
Равсал Хасгууд бол монгол хүмүүс биш. Тиймээс тэд монгол эх орноосоо урвана гэсэн ойлголт байхгүй. Тийм алба ч байхгүй. Харин тэднийг төрийн янз бүрийн албан тушаалд томилдог л буруу.
IP:202.9.42.250  2018-07-01 14:44:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.