Улсын их сургуулиуд улиг болж, “мода”-наас гарсан гэв үү...

2018/07/03
Share |
Хүмүүс:
Улсын их сургуулиуд улиг болж, “мода”-наас гарсан гэв үү...

Мөнгөн хонх жингэнэж, өнгийн цэцэг алагласан эрдмийн баярууд төгсгөлийн шатандаа ирж, элсэлтийн ерөнхий шалгалт гэж айхтар том даваа төгсөх ангийнханы толгойд ян хийтэл бууж байгаа энэ цаг үетэй зэрэгцэн “улсын” гэх том нэрэндээ дулдуйдан яваа өнөөх их сургуулиуд нь сургалтын төлбөрөө хэдэн төгрөгөөр нэмэхээ аль хэдийнэ тооцоолсон нь дамжиггүй.

Унтаж буй арслан мэт сүр бараатай ч угтаа бол хэдийнэ улиг домог болоод байгаа  улсын их сургуулиуд өдгөө 70 нас гарч, 80 шүргэж яваа. Тэд чухамдаа хөгжих гэж хөлөө тэмтчин яваа манай орны боловсролын түвшинг тодорхойлоод даруй зуун жилийг үдэх нь. Хүнээр бол өтөл болсон өвгөн буурал, нэгэн зууны туршлага зузаан гэгдэх улсын их сургуулиудтай боловч монголчууд маань нэг ч Нобелийн шагналтангүй ард түмэн гэхэд хилсдэхгүй.

Монгол хүний IQ дэлхийд тавдугаарт ордог гэх боловч өнөөдөр дэлхийд гайхагдах дэвшилтэт технологи, шилдэг бүтээлээрээ эх орныхоо нэрийг гаргаж яваа хүн тэдгээр сургуулиудаас тодорсон уу гэвэл үгүй. Гэвч сургалтын арга барил нь аль хэдийнэ хоцрогдсон ч улсаас татаас авч санхүүждэг, “улсын” гэх тодотголтой улиг болсон нэрэнд нь итгэдэг хэдэн оюутныхаа төлбөрөөр амь зогоож яваа тэдэнд энэ бүхэн падлийгүй.

Иймэрхүү байдлаар хөөрхий түмнийхээ хөлс шингэсэн мөнгийг өндөр төлбөрөөр шулж, эгэл ардын хүүхдүүдийг сургах нэрийн улам бүр “сааж” байгаа улсын их  сургуулиуд “мода”-наас гарч байгаа нь үнэн. Тэтгэлгийн ямар ч сан байхгүй, онолоор “занималддаг” тэдний олон мянган төгсөгчид нь улсын гэх том сургуулийн улаан дипломоо бариад л дэлгүүрийн лангуу бараадсан шиг амьдралаа залгуулж яваа нь өнөөгийн нийгмийн бодит дүр зураг болоод удаж байна.

Гэтэл өнөө ад шоо үзээд байдаг хувийн их сургуулиуд нь сургалтын төлбөрийн тэтгэлэг өндөр, суух орон байр нь хүртэл орчин үеийнх болоод ирлээ. Зарим нь бүр дэргэдээ эмнэлэг бариад, дээвэртээ онгоц буулган эрүүл мэндийн яаралтай түргэн тусламж үзүүлэхээр зэхэж сууна. Үүгээр ч зогсохгүй, автомашины зогсоолоо давхар шийдээд даруй кампус болон өргөжихөөр төлөвлөж байна. Олон улстай ч гэрээ хэлэлцээр үзэглэж, түмний хүүхдэд мянган боломж олгоод эхэлсэн байх юм.

Улс орон хөгжиж, түмэн олон даяаршиж байна. Ардын хүүхдүүдийг шилж, сонгож авчихаад өндөр төлбөрөөрөө дарамтлан, улсын гэсэн улиг болсон нэрэндээ бардамнан суугаа өвгөн буурал сургуулиуд тэтгэвэртээ гарах цаг хэдийнэ болжээ. Идэр залуухан ч энэ хэдхэн жилийн дотор ихийг бүтээн босгосон хувийн их сургуулиудаа “мода”-нд оруулж, Монгол залуус Монгол оюунаа дэлхийд брэндлэх боломж нэгэнт бүрдээд байна. Тэртээ тэргүй аль нэгэн дэлгүүрийн лангуу, айлын авдрын мухарт хадгалагдах улаан дипломын төлөө улсын сургууль гэх тодотголтой увайгүй газруудад хөлс мөнгө, цаг заваа үрж байхаар сургалтын арга барил, сурах нөхцөл бололцоо гээд аль ч талаараа дэлхийн жишигт нийцсэн хувийн сургуулиудыг сонгох нь нь хавьгүй илүү гэдэгт олон хүн санал нэгтэй байгаа биз ээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Мбаба Бүх их дээд сургуулиудаас хамгийн муу нь болсоон. Уг нь намайг төгсөж байхад улсынхаа хамгийн шилдэг нь байлаа гэж...
IP:202.9.42.250  2018-07-03 16:06:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.