10-хан мянган төгрөгийн барьцаанд арван сартай охиноо орхитлоо ядуурчээ, монголчууд

2008/06/20
Share |
Хүмүүс:
10-хан мянган төгрөгийн барьцаанд арван сартай охиноо орхитлоо ядуурчээ, монголчууд

Уусан архиныхаа барьцаанд өнөөдөр охиноо тавьж байгаа эх маргааш юугаа тавих нь ойлгомжтой биш гэж үү, арай ч дээ…-

Ядарлаа, ядуурлаа гэхэд уусан сархадныхаа барьцаанд төрсөн охиноо тавихдаа тултлаа ядуурсан гэж үү, монголчууд маань. Тэнгэрлэг, оюунлаг, дайчин монголчууд маань тэр гэхийн тэмдэггүй шил шар айрагны лонхонд живэхдээ тулах гэж. Арай дэндэж байгаа юм биш үү, таминь ээ… Найман сартай нялх охиноо уусан шар айрагныхаа төлбөрийн барьцаанд тавиад зугтсан хэрэг хэдхэн хоногийн өмнө гарсан талаар хэвлэлээр шуугив. Амьдралдаа ийм хэрэг сонсч байсангүй гэж хүмүүс гайхаж, ихээр дургүйцэж байсан ч тэгсгээд чимээгүй болов бололтой. Монголчууд сонин дээрээ соохолзож, сониноо буурахаар хоохолзоно хэмээлцдэг. Тэгвэл нялх үрээ шар айрагны барьцаанд орхиод гарсан тэрхүү залуухан гэр бүлийн асуудал зүгээр нэг сонирхоод өнгөрөх зүйл биш ээ. Тиймээс бид энэ хэргийг “Монголын эмгэнэл” буландаа нөхөн оруулж байна. Улс орны, өрх гэрийн ирээдүй үр хүүхэд гэдэгтэй маргах тэнэг хүн байхгүй биз. Тэгвэл өрхийн болон улсынхаа ирээдүй болсон үр хүүхдээ лонх шар айрагны барьцаанд тавьж, цэнгээний газар орхиод гарч байгаа гэр бүлд хүлээлгэх хариуцлага гэж алга болжээ, монголд. Үр хүүхдээ өмссөн зүүснээр нь дутаалаа гэхэд эхийн хайраар дутаах эрхгүй ээж сархадын аагинд хаяад оддог. Гэр бүлээ асарч, тэжээх үүрэг бүхий эцэг талх авах мөнгөөрөө бусадтай наргиж л байдаг… Арай дэндэж байна аа, монголчууд аа, залуус аа… Бид зуун, зуун жилийн түүхтэй цөс ихтэй монголын үр сад, сархадын аагинд мансуурч, өрх гэрээ гудамжинд хаядаг хүмүүс биш. Тэгээд ч гэртээ идэх талхгүй байж, гудамжны мухар, байшингийн булан, баар саванд архидсанаар ирээдүй маань сайжирна гэж хэзээ ч байхгүй билээ. Ийн хэлэх болсон учир нь дөнгөж хөлд орж байгаа охиноо тэврэн баар хэсч архидсан хосууд, уусан идсэнийхээ төлбөрт төрсөн охиноо орхиод зугтаасан жигшим хэрэгтэй холбоотой. Энэ сарын 12 буюу өнгөрсөн пүрэв гарагийн 17 цагийн орчим нийслэлийн Баянгол дүүргийн IV хороонд байрлах “Танил” хэмээх жижигхэн кафед хүүхдээ тэвэрсэн залуухан хос орж иржээ. Гэр бүлийн хоёр тус тусдаа нэг пиво захиалан уусан бөгөөд удалгүй нөхөр нь тэднийг орхиод гарсан байна. Харин охины ээж нь хүүхдээ ч анзаарахгүй шар айраг захиалан дахин ууж эхэлж. Нялх хүүхэдтэй бүсгүй хүүхдээ ч анзаарахгүй шар айраг дахин, дахин захиалж уусаар цаг гаруй хугацаа өнгөрсний дараа зөөгч түүнд тооцоогоо хийхийг сануулж. Бүсгүйн уусан шар айрагны үнэ 13450 төгрөг болсон байжээ. Гэтэл бүсгүй “Надад мөнгө байхгүй ээ. Гэхдээ гараад олоод ирж болно. Тиймээс хүүхдээ танай кафед орхиод яваад ирье” гэж хэлээд, гараад явж. Харамсалтай нь, уусан шар айрагныхаа тооцоонд хүүхдээ орхисон эх эргэж ирээгүй байна. Уг нь тэр бүсгүй би удахгүй ирнэ. Оройтлоо гэхэд 21 цаг гээд тухайн зөөгчид бичиг баримтаа үлдээгээд явсан ч эргэж ирсэнгүй. Тухайн үед тус кафед 18 орчим насны хоёр залуу зөөгч хийж байсан бөгөөд тэд хүүхдийн эхийг ирэхгүй болохоор дүүргийн Цагдаагийн хэлтэст хүргэж өгсөн байна, хүүхдийг нь. Учир нь ээж нь орхиод явснаас хойш охин гурван цагийн турш тасралтгүй уйлснаас залхсан зөөгч нар ийнхүү хүүхдийг нь цагдаагийнханд хүлээлгэн өгсөн аж. Харин цагдаагийнхан зөөгчид орхисон бичиг баримт дээрх хаягаар тэдний гэрийг олж хүүхдийг нь хүргэж өгөхөд гэрт нь хүүхний ээж, нөхөр хоёр байжээ. Охиныг гэрт нь хүргэж өгөхөд аль хэдийнэ 01 цаг өнгөрсөн байсан ч согтуу эх нь гэртээ ирэх нь бүү хэл ямар ч хэл сураггүй байсан гэнэ. Харин хүүхний ээж Ц, охиноо хайгаад л байна. Даанч олдохгүй байна. Хаа нэг газар байгаа юм байлгүй гэсээр цагдаагийнхныг угтаж, бас үджээ. Мунхаг эцэг эхийн хайраар дутаж, бүр сүүлдээ баар саванд уусан идсэний төлбөрт барьцаалагдан байж арайхийн гэрийнхээ барааг харсан хөөрхий охиныг Номуун-Эрдэнэ гэдэг аж. Тэрбээр энэ сарын 17-нд Дархан-Уул аймгийг эцэг эхийн хамтаар зорьсон байна. Харин тэднийг хотоос гарч Дархан-Уул аймаг руу явсанд эмээ нь ихэд сэтгэл хангалуун байгаа гэсэн. Учир нь Номуун-Эрдэнэ охины эцэг эх хотод байвал нэг удаа хийсэн хэргээ дахиад давтахгүй гэхийн баталгаагүй. Магадгүй нэг л өдөр зээ охиноо бусдын гарт зүй бусаар алдчихсан байхыг үгүйсгэх аргагүй юмаа гэсэн, ядарч, цөхөрсөн эхийн сэтгэлийн үгийг чихний гадуур өнгөрөөхийн аргагүй байлаа…Ташрамд дурдахад, хэдийгээр энэ хэрэг ийнхүү азтай завшаанаар элдэв барцадгүй өнгөрлөө. Гэхдээ магадгүй энэ хэрэг өөрөөр эргэж, хөөрхий охины амь насанд муу зүйл тохиолдсон бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Мөнгөний барьцаанд тавьсан ээж үү, эсвэл хүн барьцаалдаг зөөгч үү. Үнэхээр баар, цэнгээний газарт эзэнгүй орхигдсон нялх хүүхэд эндэхгүй гэхийн баталгаа байхгүй. Гэтэл өнөөдөр манай улсад анх удаа гарсан ийм хэрэгт хариуцлага хүлээлгэдэг хууль байхгүй гэдгийг хэрэг дээр ажилласан нийслэлийн Баянгол дүүргийн хэсгийн байцаагч Н.Энх-Амгалан харамсан өгүүлснийг онцолмоор байна. Тэрбээр “Эд зүйл, юмуу эсвэл гар утсаа мөнгөний барьцаанд үлдээгээд зугтсан хэрэг цөөнгүй гардаг. Гэхдээ амьд хүнийг барьцаалан үлдээнэ гэдэг байж боломгүй зүйл. Тус кафены зөөгч нар “Хүүхдээ үлдээсэн болохоор мөнгөө найдвартай авчирна байх гэж бодсон. Бид хүүхдэд ямар нэг муу зүйл тохиолдож болзошгүй гэж бодоогүй. Зөвхөн мөнгөө л авахыг хүсч байсан” гэж ярьж байна лээ. Уг нь тэд хүүхдийн амь насыг хариуцан үлдэж байгаа. Хүүхэд ч гэсэн хүн шүү дээ. Гэвч үүнийг огт ухамсарлаагүй гэсэн нь нэгийг хэлээд байгаа юм биш үү, таминь…

Эх сурвалж: Өнөөдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.