”Хулгайчийг барихын үлгэр” буюу 195 саяын зам

2018/10/23
Share |
Хүмүүс:
”Хулгайчийг барихын үлгэр” буюу 195 саяын зам

Бусдын эзэмшлийн газрыг булааж цемент цутгачихаад “Хулгайчийг бариарай” гэж хашгирав уу-

“Оюунлаг” сургуулийн захирал хувиасаа 195 сая төгрөг гаргаад зам барьсныг нь үл мэдэгдэх нөхдүүд сүйтгэсэн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарах болсон. Түмний төлөө сэтгэл гаргаж хийсэн ажлыг нь сүйтгэчихээд байхад цагдаа, хүчнийхэн гараа хумхиад хөдлөхгүй байгаад “Оюунлаг” сургуулийн захирал Д.Батсайхан туйлаас гомдсоноо илэрхийлсэн билээ.

Хэн нэгний бусдын төлөө хийсэн бүтээн байгуулалтыг өөр нэгэн сүйтгэж, тэр тухай хууль сахиулагчид нүдэн балай байгаа учир юу вэ гэдгийг сурвалжиллаа.

Бусдын эзэмшлийн газрыг булааж зам барьсан уу

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг, тоймлоод өгүүлбэл 13 дугаар хорооллын “Шинэ сонголт” дэлгүүр, 122 дугаар цэцэрлэг, “Хос өргөө” хотхон, “Оюунлаг” сургуулийн ойр орчимд зам барьж, зогсоол тохижуулсан маргаан өрнөдөг. Тэр хавийн оршин суугчдын ярьснаар анх орон сууцны хороолол руу ордог замыг хааж “Оюунлаг” сургууль хашаа барьжээ.

Зам тавьсан гэх уг газар нь нийтийн эзэмшлийн талбай мөн эсэх талаар холбогдох байгууллагаас тодруулахад “Эм Жи Ти Эм Эл” компани Нийслэлийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/180 тоот захирамжаар15 дугаар хороо /65 дугаар байрны зүүн талд/-нд байрлах 136003/0456 18644310775991 нэгж талбарын дугаартай 958 м.кв хэмжээтэй газрыг эзэмшдэг” гэдэг мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл, “Оюунлаг” сургуулийн захирал бусдын эзэмшлийн газрыг дур мэдэн зам, талбай болгосноор асуудал үүсжээ. Тус газар дээр “Эм Жи Ти Эм Эл” ХХК нь сургууль цэцэрлэгийн зориулалттай барилга барихаар төлөвлөж, зураг төслийн ажлаа эхлүүлсэн гэсэн мэдээлэл ч байгаа бөгөөд “Оюунлаг” сургууль нь өрсөлдөгч байгууллага гэж хараад газрыг нь булаахаар санаархсан байх вий гэсэн эргэлзээг үүсгэж байна.


Төрийн байгууллагын нэр барьж зам засав уу

Оюунлаг сургууль, 65 дугаар байрны орчим буюу маргаан дагуулаад байгаа газар бусдын эзэмшлийнх мөн бол зам тавих зөвшөөрлийг хэн өгсөн бэ. Уг газарт очвол “Замын ажил явагдаж байна. Захиалагч: Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн авто замын газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар. Хөрөнгө оруулагч: Оюунлаг дунд сургууль. Хөрөнгийн хэмжээ 192 сая төгрөг” гэсэн утгатай байв. 

Нийслэлийн авто замын газраас зам тавих зөвшөөрлийг Хяналтын хэлтэс нь хариуцдаг юм байна. Уг хэлтсээс дээрх газар дээр “Оюунлаг” дунд сургуульд зам барих, засах ямар нэгэн зөвшөөрлийг өгөөгүй гэдгийг хэллээ. Тус сургууль Нийслэлийн авто замын газрын Захиргааны хэлтэст зам тавих зөвшөөрөл хүссэн ч холбогдох судалгааг гаргах даалгавар өгөөд буцаажээ. Түүнээс хойш тухайн байгууллагатай холбогдоогүй аж.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ч ямар нэгэн захиалга өгөөгүй гэдэг мэдээллийг өглөө.

Захиалагчгүй байж төрийн байгууллагыг захиалагчаар тодруулж, бусдын эзэмшлийн газарт зам тавьсан уу гэдэг асуудалд “Оюунлаг” сургууль унах бололтой.

Тавьсан замыг нь нууцаар сүйтгэсэн үү

“Оюунлаг” сургуулийн захирал хэн нь үл мэдэгдэх нөхдүүд зассан замыг нь сүйтгэсэн талаар мэдээлсэн. Тэгтэл дээрх газрыг албан ёсоор эзэмшдэг компани “Оюунлаг” сургуульд мэдэгдэл хүргүүлсэн баримт байна. Уг мэдэгдэлд “Танай сургууль манай компанийн цэцэрлэг барихаар төлөвлөж буй эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй, хууль бусаар автозам болон автомашины зогсоолыг барьсан байна. Энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.10.1, 8.1.12 дахь хэсэг болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж мөн төрийн эрх бүхий байгууллагуудын нэрийг ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулсан байна.

Иймд манай компанийн хууль ёсны эзэмшлийн газрыг 2018.10.19-ний өдөр бүрэн чөлөөлж өгөхийг шаардаж байна. Хэрэв шаардлагаар хүргүүлж буй хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд манай компани өөрийн зардлаар газрыг чөлөөлж холбогдох зардлыг танай компаниас нэхэмжлэн хууль хяналтын байгууллага болон харьяа шүүхээр шийдвэрлүүлэх болохыг анхаарна уу” гэжээ. Энэ мэдэгдлийг хүргүүлж, заасан хугацаа өнгөрсний дараа өөрсдийн газраа чөлөөлсөн байна.

Төрийн цагдаа яагаад хөдөлсөнгүй вэ

Сургуулийнхаа ойролцоо зам засчихсан байсныг нь үл мэдэгдэх нөхдүүд сүйтгэсэн талаарх гомдлыг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн ч арга хэмжээ аваагүй талаар “Оюунлаг” сургуулийн захирал ярьсан. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр уг газар нь нийтийн эзэмшил биш, хувийн өмч байсан. Өөрийнх нь өмч дээр дур мэдэн цемент цутгасан талаар газрын эзэд ч мөн цагдаагийн байгууллагад хандсан байна. Харин цагдаагийн байгууллага хоёр компанийн хоорондын асуудал гээд хөдлөөгүй бололтой. Тодруулбал, бусдын эзэмшил газар дээр хулгайгаар зам барьчихаад “Хулгайчийг бариарай” гэсэн шиг үйл явдал болж өнгөрчээ.

Тэр хавийн оршин суугчид “Орон сууцны хотхон руу ордог замыг Оюунлаг сургууль хаачихаад, дур мэдэн өөрсдөө бусдын газар дээр зам зассан. Тэрийг нь зам гэхэд бас хэцүү. Бидний ажигласнаар цемент цутгачихсан байна лээ. Түүнээс гадна цемент цутгасан газрын доор энэ хавийн орон сууцуудыг хангадаг 10 мянган кВт-ын хүчдэл явдаг. Түүнийг хааснаас оршин суугчдад хохирол үүсэх магадлалтай” гэж ярьсан.

Бусдын эзэмшлийн газар дээр дур мэдэн хувийн хөрөнгөөрөө зам барьсан эл маргаан шүүхэд очих нь гарцаагүй бололтой.

Газар булаацалдсан тэмцэл хүний аминд хүрэх вий

Оюунлаг сургуулийн захирлын зассан замыг үл мэдэгдэх хүмүүс сүйтгэсэн гэх гомдлын талаар дээр өгүүлсэн. Тэгвэл өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 22-ны 15 цагийн орчимд тус газрын сахиул хийж байсан манаачыг үл таних 3 этгээд зодож хүнд гэмтээжээ. Тэд тус үйлдэлийг хийхдээ бид энэ газрыг чинь авахдаа авна. Чиний хамгаалдаг гэж юу байсан юм бэ хэмээн дарамталсан байна. Хуулийн дагуу эзэмшиж байгаа газраа хамгаалахаар манаач суулгаж байсаныг нь зодож гэмтээсэн энэ үйлдэл нь зөв буруу эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох нь цаг хугацааны асуудал боловч гэгээн цагаан өдрөөд газрын дээрэм хийж яваа тэдгээр хүмүүс хэн байв. Хүний биеийг хүнд гэмтээсэн эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж. Газар булаацалдсан тэмцэл нь хүний аминд хүрэх вий. 

 

 


Эх сурвалж: www.zaluu.com

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
тэр хавийн оршин суугч Ичээчээ ийм мэдээлэл гаргахаасаа. Наад эзэмшил гээд байгаа газарт чинь барилга барих ялангуяа цэцэрдэг барим боломж огтоос байхгүй. Орц, гарц хаагдана, мөн энэ хавийн цахилгааныг дамжуулдэн дэд станц яг залгаа байгаа. Угаас та нар ийм зөвшөөрөл авдаг нь өөрөө хууль бус.
IP:202.131.227.82  2018-10-23 16:56:12
Hos urgoo Ene chini odoo haaguuraa orj garch bhiin be. Yagaad iim gazar huvid n ch ugchdog bnaa, tuv talbaidaa neg heseg gazar omchilyu baiz
IP:68.235.61.83  2018-10-23 20:43:28
Irgen Хүүш ээ. Энэ хавь яаж орж гарч байх юм. Жинхэнэ нийтийн эзэмшлийн газар ш дээ. Яаж дулаан болон цахилгааны шугам сүлжээн дээр цэцэрлэг сургуулиа барих гэсэн юм бэ. Тэрний оронд зогсоолоороо байж байг л дээ. Харин тэр шугам сүлжээ засвар гээд ухах л байлгүйтэр хүртэлнь цэвэр тохиотойгоороо байж байг. яах гээд эвдээд хаячихав даа.
IP:202.9.40.49  2018-10-23 22:43:43
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.