Хүмүүс: |
Factnews.mn онцолж байна
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн гэж жавхаалаг залуу Арын сайхан хангай нутгаар цоллуулан УИХ-д орж ирсэн. Аавыгаа даган Архангай аймгийн зудад нэрвэгдсэн малчдад өвс тэжээлийн тусламж үзүүлээд гүйдэг байсан түүнийг биш аавыг нь нэр дэвших нь гэлцэж нутгийнхан харж байв. Гэвч алсдаа хүү Г.Тэмүүлэнгээ л улстөрд сойж байсан нь өнгөрсөн сонгуулиар ил болж, нутгийнхан нь ч итгэл үзүүлэн Парламентын залуу түшээдийн нэгээр төрийн сүлдэнд мөргөсөн.
Парламентын залуу гишүүдэд бугшаагүй, чөтгөрийн тойрогт ороогдоогүй, шинэлэг байдлаар хандаж төрийг залуурдана гэж олон ч хүн над шиг итгэдэг. Гэтэл Г.Тэмүүлэн залуу хүнд баймгүй гоомой зүйл хийж, концессчид, ЖДҮ-чдын багт нэгдэн Засгийн газрыг огцруулах урвагч 27-гийн нэгээр цоллуулж явна. Тэр сайд болохыг мөрөөдөөгүй л байлтай.
“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн Стандарт банкинд барьцаалсан хэрэгт холбогдсон аавыгаа суллах барьцаатайгаар л Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан байх гэх хүн цөөнгүй байна. Харин түүнийг Архангай аймгийн сонгогчид нь харж байгаа. Нутгаасаа сонгогдсон Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг хоёр нь сонгогчдынхоо итгэлийг уландаа хийж, улс орноо мөхөл рүү татахаар ханцуй шамлаж байхад даган давхисанд хангай нутгийнхан ямар их гомдож байгаа бол. Одоо л нэг сэхэх гэж яваа эдийн засгаа унагаж, элгээр нь хэвтүүлж, улсаа дампууруулахад Г.Тэмүүлэн хувь нэмрээ оруулбал тойргийнхондоо ч төдийгүй МАН-ын олон залуусын үнэлэмжийг хараар будна даа. “МАНАН-гийн үр могойнууд” гэсэн хочийг дараа, дараагийнхаа залууст зүүлгэх вий гэж өмнөөс нь эмээж сууна.
Б.Болд