У.Хүрэлсүх: Нам дамжсан олигархууд үр хүүхэдтэйгээ Монголын төрд шургалсан байна

2018/11/23
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүх: Нам дамжсан олигархууд үр хүүхэдтэйгээ Монголын төрд шургалсан байна

УИХ-ын өнөөдрийн /2018.11.23/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийлээ.


 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдлийг БҮРЭН ЭХЭЭР нь хүргэж байна.

 

-АРД ТҮМЭН ШУДАРГА ЁСЫГ ХҮСЧ БАЙНА-

Монгол Улсын Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Би Ерөнхий сайд болохоосоо өмнө парламентын индер дээрээс хэлсэн үгэндээ өнөөдрийг хүртэл үнэнч явна. Нийгмийн уур амьсгал бухимдуу байна. Ард түмэн минь надаас хоёр зүйл хүсч байгаа. Нэгдүгээрт, нийгэм шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж өгөөч ээ. Төрийн албаны бүх шатанд сахилга бат, дэг журмыг тогтоож өгөөч ээ. Хоёрдугаарт, унаж байгаа эдийн засгийг зогсоож, сэргэлтийг бий болгоч өгөөч ээ. Ажлын байр бий болгож өгөөч ээ, цалин мөнгө нэмж өгөөч ээ, ядуурлыг багасгаж өгөөч ээ гэсэн хоёр л зүйлийг хүсч байна. Сүүлийн үеийн судалгаануудаас харахад ард түмний хамгийн их хүсэмжилж байгаа зүйл бол шударга ёсны асуудал байгаа юм. Дараа нь ахуй амьдралаа ярьдаг болсон байна. Ядуу зүдүүгээ ярихаасаа илүүтэй энэ нийгмийг шударга байлгах тал дээр улам их анхаарч, улам их шаардлага тавьж байгаа нь харагдаж байна.

-МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ЗАЙЛУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН-

Надад хоёр зам бий. Нэгдүгээрт, тэр шударга ёсыг хүсч байгаа ард түмнийхээ төлөө амь насаа алдахгүйгээр эр зориг гаргаж ажиллах. Эсвэл өөрийнхөө сандал ширээ, зарим нэг хүний ажилтай амьдралтай байлгахын төлөө буулт хийж ухрах хоёр л сонголт байна. Би бол эхнийхийг нь сонгож байна. Би Ерөнхий сайд болчихоод л хэлж байсан. Би амь насаа алдахаас айхгүй байна. Ганцхан зүйлээс л айж байна. Энэ бол ард түмний итгэл, сэтгэл алдрах вий гэдгээс айж байна. Энэ үгийг би олон удаа хэлж байгаа. Одоо хөдлөх цаг болсон. Шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллах цаг болсон. Хариуцлага тооцох цаг нь болсон. Зарим албан тушаалтнууд ажил, төрлөө өг өө. МАНАН гэдэг бүлэглэлийг зайлуулах цаг нь болсон гэдгийг би өөрийнхөө яс биеэр өнгөрсөн нэг жилийн хугацаанд мэдэрлээ.

-МАНАН-ГИЙН ХҮҮХДҮҮД ТӨРД ШУРГАЛСАН БАЙНА-

МАНАН гэж байдаг гэж хүмүүс ярьдаг. Үнэн юм байна. Нам дамжсан, олигархиуд нийлсэн, ард түмний мөнгөөр баяжсан, таргалсан, цадсан, бүр сүүлдээ үр хүүхдүүд нь хүртэл Монголын төрд шургалсан байна. Ийм олигарх нөхөдтэй Ерөнхий сайд нь тэмцэж байна. Заримдаа миний хүч хүрэхгүй байна. Хуулийн хүч ч хүрэхгүй байна. Эрх мэдлийн хүч хүрэхгүй байна. Сэтгэл санааны хүч бол байна. Надад айгаад байх юм алга.

-60 ТЭРБУМЫН БИЧЛЭГ ЭВЛҮҮЛЭГ БИШ, ҮНЭН ШҮҮ-

Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг гэж шаардаж, огцор гэсэн. Та бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Би өнөөдөр нэг зүйлийг албан ёсоор хэлье. Тэр 60 тэрбумын бичлэг гэдэг чинь үнэн шүү. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь үнэн. Тэр бол эвлүүлэг биш. Монголын төрийн албан тушаалыг хууль бусаар зарж, олох гэсэн энэхүү оролдлого хийсэн үү, хийсэн. Ярьсан уу, ярьсан. Хэрэгжүүлсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тэрийг хууль хяналтын байгууллага нь тогтоох байх гэж бодож байна. Ийм яриа болсон уу, болсон. Үүнийхээ төлөө УИХ-ын дарга огцрох ёстой. Газрын наймаатай нэр холбогддог. Үүнийхээ төлөө огцор гэдэг зүйлийг хэлсэн.

-УТАА, ЗАМЫН ТҮГЖРЭЛТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДААГҮЙ ХОТЫН ДАРГА АЖЛАА ӨГ-

Тэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг үүрэгт ажлаа өг гэсэн нь үнэн. Тэр хүн санал хураалтаар огцорсон. Бүлгээ зангидаж чадаагүй, шударга ёсны төлөө ажиллаж чадаагүй, 60 тэрбумын хэргийг хамгаалсаныхаа төлөө огцор гэсэн. Одоо харин Улаанбаатар хотын даргыг огцор гэдэг шаардлагыг тавьсан. Өнөөдөр хурал болж байгаа байх. Утаа, замын түгжрэлтэй тэмцэж чадаагүй. Сургууль, цэцэрлэгийг цаг хугацаанд нь барьж чадаагүй. Ард түмний өмнө тулгамдаж байгаа олон чухал асуудалд сэтгэл гаргаж ажиллаж чадаагүй. Өөрийнхөө доор ажиллаж байгаа хүмүүсийг удирдаж чадаагүй. Тэрнийхээ төлөө огцор гэдэг шаардлагыг тавьсан. Энэ гурван шаардлагыг тавьсны хариу болгож Монгол Улсын Засгийн газрыг огцруулах асуудлыг гаргаж тавьсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.

-М.ЭНХБОЛД ШИГ ХҮН ТӨР УДИРДАЖ БОЛОХГҮЙ-

Би ийм спикер Монгол Улсын төрийг удирдаж болохгүй гэж бодож байна. Бид хоёр багын найзууд. Гэхдээ өнөөдөр найзаа бодох уу, намаа бодох уу, нөхрөө бодох уу, улс эх орноо бодох уу гэдэг асуудал миний өмнө тулгарсан. Би улсаа бодохоор шийдсэн. Тиймээс харамсалтай үгийг хэлж та бүхэнтэйгээ уулзаж байна аа. МАН-ын 60 тэрбумын хэрэг, “Эрдэнэт” үйлдвэр, “Жаст” групп, Стандарт банк, Оюутолгой, Монголбанк, Хөгжлийн банк, тэр олон бонд, концесстой холбоотой хэргүүдийг шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой. Би ингэж чадахгүй байна. Тиймээс үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөлт, шинэчлэлтийг ард түмэн шаардаж, шахаж байна. Энэ төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэж ойлгох хэрэгтэй. Би төрөө цэвэрлэх ёстой. Дээр нь намаа цэвэрлэх ёстой. Энэ ажлыг би хийж, хэрэгжүүлж чадахгүй бол өөр хэн хийж, хэрэгжүүлж чадах юм бэ. Хийх ёстой хүн нь би мөн. Надад хүч тэнхээ дутаж байгаа. Эрх зүйн орчин дутаж байгаа. Гэхдээ би олон түмэнтэйгээ хамтарч чадна гэж бодож байна.

-ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН 27 ГИШҮҮН ДУНД 30 ГЭР БҮЛ ЧИНЬ БАЙНА-

Монгол Улсын Засгийн газрыг эсэргүүцэж 27 гишүүн нэгдэж, гарын үсэг зурж нэгдсэн. Тэр 27 хүний зургийг л сайн хараарай. Ямар хүмүүс тэнд зогсож байгаа вэ гэдгийг аяндаа өөрсдөө хэлээд өгнө. Хэн эсэргүүцээд байна. Хэн ажил, албан тушаалаасаа огцрохыг хүсэхгүй байна. Өнөө Л.Мөнхбаясгалан гуай таны яриад байдаг 30 гэр бүл чинь тэр дотор байна. Ах, дүү нараараа баяжсан байна. “Эрдэнэт”-ийн мөнгөөр баяжсан байна. Уул уурхай, газрын доорх баялгаар баяжсан нөхдүүд тэнд байна. Амь тэмцэж байгаа юм. Үүнийг би ард түмэндээ хэлэх гэсэн юм.

-ЭР ЗОРИГ ГАРГАЖ, АЖИЛЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ-

Улс, эх орны минь эдийн засгийн уналт зогссон. Ажил авахад улс, эх орны минь эдийн засаг хүнд байсан. Эдийн засгийн өсөлт найман хувьд хүрнэ. Гадны улс орон ч дэмжиж байна. Бид өөрсдийн бий болгосон ардчилал, шударга ёсоо хамгаалах цаг нь болсон байна. Одоо л эр зориг гарган ажиллах цаг нь болсон. Зориг эс хүрвэл ухаан хүрэхгүй гэх сайхан үг байдаг. Ганцхан Ерөнхий сайд нь зориглоод барахгүй. Ард түмнээрээ зориглох ёстой. Би улс, орныхоо аюулгүй байдлыг хангах ёстой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн мөн. Би долдугаар сарын 1-н шиг үйл явдал болоосой гэж огт хүсэхгүй байна. Би парламентын засаглалыг дэмждэг хүн. Би Монголын ардчилалыг парламентын засаглал аварна гэж боддог. Гэхдээ бид парламентын засаглалаа боловсронгуй болгох ёстой болсон байна. Үндсэн хуульдаа өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Ард түмэн дэмжиж байгаа. Бид 27 жил энэ Үндсэн хуулиар амьдарлаа. Гэхдээ сайн зүйл энэ Үндсэн хуульд бий. Өөрчлөхийг шаардаж байна, өөрчлөх зүйл ч байна.

-ЗЭЭЛ АВСАН НӨХДИЙГ САЙН ШАЛГАХ ЁСТОЙ-

Жижиг, дунд үйлдвэртэй холбоотой асуудал бий. Зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байна. Төрийн албанд ажиллаж байсан нөхдийг чөлөөлсөн. Цаашид чөлөөлөх ёстой хүмүүс байна. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Хүнийг бас хэлмэгдүүлж болохгүй. Харин хууль, хяналтынхан нь гэм буруутайг нь тогтоовол холбогдох албан тушаалтнуудад би дахин хариуцлага тооцно. Би хоёр зүйлийг үүрэг болгосон. Зээл авсан нөхдүүд зээлээ төлж, ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. Энэ мөнгийг эргэж оруулаад авах ёстой хүмүүст нь өгнө. Монгол Улсын Засгийн газар 27 санд шалгалт оруулчихсан байна. Үнэхээр идсэн, уусан асуудлууд илэрч байгаа. Бид эхлээд сайн шалгах ёстой. Хэн буруутайг нь эхлээд тогтоох ёстой.

-НАМЫН ДАРГЫН ХУВЬД МАНАН БҮЛЭГЛЭЛТЭЙ ХАТУУ ТЭМЦЭНЭ-

Би намын даргын хувьд МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэнэ. Өнөөдөр надад улстөржих сонирхол алга. Энэ улс төрийн намууд дотор эерэг бодолтой, зөв үзэлтэй, ард түмэн эх орноо гэсэн сэтгэлтэй шударга ажиллах юмсан, шударга нийгэм байгуулах юмсан гэсэн бодолтой олон мянган хүн байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэ улс төрийн намуудыг нэгдэж, нийлээсэй гэж хүсч байна. Н.Алтанхуяг Ерөнхий сайдын яриад байсан МАНАН гэдэг чинь үнэн юм байна. Би өөрийн биеэр мэдэрлээ. Удахгүй тусгаар тогтнолын баяр болно. Ард түмэн асар их бухимдалтай байна. Гудамж талбайд гарах сонирхолтой байна.

-НАДАД УЛС ТӨР ЯРИХААС ӨӨР АРГА АЛГА-

Би өнөөдөр ийм зүйл яриад суух хүн биш. Уг нь ажлаа хийх ёстой. Гэтэл өнөөдөр улс төр ярихаас өөр зам алга. Олон зүйл яригдаж байгаа, та бүхэн мэдэж байгаа. Олон жил ярьсан нефтийн үйлдвэрээ барина. 20 гаруй жил ярьсан цэвэрлэх байгууламжаа цэвэрлээд эхэллээ. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болгоно. Тавантолгой улсын гацаанаас гарсан. Сүүлийн арван жил ярьсан ажил шүү дээ. Өнөөдөр улс төрийн гацаанаас гараад ажил нь явагдаж байна. Авто замаа барьж байна. Мянганы зам гэж эхэлсэн замын ажил дуусна. Ирэх намар гэхэд Налайх, Цонжинболдог чиглэлийн замыг тавьж, дуусна.

-ЗАСГИЙН ГАЗАР ЖИЛИЙН ДОТОР ОЛОН АЖИЛ ХИЙСЭН-

Дарханы чиглэлийн авто замын ажил ирэх жилээс эхэлнэ. Хоёр жилийн дотор дөрвөн урсгалтай сайхан замтай болгоно. Төсөв хөрөнгийнх нь асуудал шийдэгдээд явж байна. Нэг жилийн дотор тодорхой олон ажлыг хийхээр эхлүүллээ. Хийгдэж чадаагүй хэрүүлийн алим болоод явж байсан асуудлууд явж байна. Энэ бол Засгийн газрын томоохон хийж байгаа ажлууд. Ирэх онд арван аймагт цахилгаан станц барина. Хоёр аймагт усан цахилгаан станц барина. Ийм том, том ажлууд хийгдэж эхлээд байна. Энд шударга ёс, сахилга хариуцлага, дэг журмыг л тогтоох цаг нь болсон. Хамгийн гол зүйл бол шударга ёс юм байна. Хамгийн чухал юм бол сахилга бат хариуцлага юм байна. Энэ хоёрыг тогтоож чадах юм бол эдийн засгийн болон бусад олон асуудал шийдэгдэнэ.

 

-ХУУЛИЙНХАН ШУДАРГА АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА НЬ М.ЭНХБОЛДТОЙ ШУУД ХОЛБООТОЙ-

УИХ-ын дарга гэдэг бол том эрх мэдэл. Адгийн наад зах нь чуулганаар ямар асуудал оруулах, оруулахгүй вэ гэдгийг шийднэ. УИХ-ын гишүүдийг үг хэлэх, хэлэхгүйг ч бараг шийддэг. Энэ бол өндөр албан тушаал. Албан тушаалын цаана эрх мэдэл байдаг. Би М.Энхболд гэдэг хүнийг огцруулахын зэрэгцээ эрх мэдлээс нь чөлөөлнө. Энэ хүний эрх мэдлийг авч байж, эрүүл саруул хүнийг УИХ-ын даргаар тавьж байж парламент эрүүл болно. Ингэж байж зөв ажиллана. Үүнийгээ ч УИХ-ын гишүүд мэдэрч, ойлгож байгаа шүү дээ. Тийм ч учраас УИХ-ын нэр бүхий гишүүд "бойкот" хийгээд чуулганы хуралдаанд оролцохгүй гэх асуудлыг гаргаж тавьсан байх гэж бодож байна. Би өөрөө УИХ-ын гишүүн биш. Гэхдээ УИХ-ын дарга ямар үүрэгтэй, ямар эрх мэдэлтэй байдаг юм гэдгийг энэ М.Энхболд гэдэг хүн сүүлийн хэдэн жил харууллаа. Бүх ажил гацдаг. Хууль хяналтынхан шударга ажиллаж чадахгүй болсон байна. Энэ бол УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнтэй шууд холбоотой. Тиймээс энэ хүнийг цаг алдалгүй, хурдан өөрчлөх ёстой. Тэгж байж ажил явна. 

-УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХЫН ТӨЛӨӨ ЯВНА-

Өнгөрсөн ням гарагт 17.00 цагийн үед над руу хэсэг хүн залгасан. Тэд "Тантай уулзалт хиймээр байна, бид гудамж талбайд гарахад бэлэн болчлоо. Ард түмэн шаардаж байна, та бидэнтэй ирж уулзаач" гэж хэлсэн. Би намын байр дээр уулзсан. Дотор нь цэргийн нөхөд ч байсан. Миний таньдаг хүн ч байсан. Тэр хүмүүс өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. Би тэдэнтэй тайван ярилцсан. "Та бүхэн ингэж болохгүй ээ. Хүлээцтэй ханд. Ярих ёстой газар гэж бий. Би ярих ёстой газарт нь уламжилж, ярья. Та бүхэн минь гудамж, талбайд битгий гараарай. Үймээн, самуун тарьж огт болохгүй. Би тэр УИХ-ын даргыг огцруулахын төлөө явна. Дахин тэр хүнтэй уулзана. Өөрийнхөө УИХ, намын бүлэгтэй ажиллана" гэдгээ хэлсэн. Тэд тайвшраад гарсан. Түүнээс үймээн самуун хийх гэсэн зүйл байхгүй.

-Л.ЭНХ-АМГАЛАН МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ ЗҮЙЛ ЯРЬЖ БАЙНА БИЛЭЭ-

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гэдэг хүн маш хариуцлагагүй зүйл ярьж байна билээ. Танк авч ирж байгаа ч гэх шиг. Би ард түмнийхээ өмнөө буу, зэвсэг бариад явах хүн биш. Монголын ард түмэн амгалан тайван байх ёстой. Ард түмэн тайван замаар, хэл яриагаа хэлэлцэж ярилцаж болно. Энэ хүмүүс ажил төрлөө ухамсраараа өгөх хэрэгтэй. Тэр УИХ-ын дарга, Хотын дарга хоёр ажлаа зүгээр өгчих өө. Тэгвэл ард түмэн амгалан байна. Энэ парламентыг шударга, зангарагтай хүн удирдаасай гэж хүсч байна. Тэгвэл эрүүл болно.

-БИ 950 САЯ ТӨГРӨГИЙН АСУУДЛЫГ ОГТ МЭДЭХГҮЙ-

Би 950 сая төгрөгийн асуудлыг огт мэдэхгүй. Хүмүүс тэгж яриад байгаа юм. "У.Хүрэлсүх ээ, чамайг дэмжсэн нөхдөд 950 сая төгрөг өгсөн юм уу" гэж асууж байна. Тийм зүйл огт байхгүй. Энэ мөнгө төгрөг тараасан асуудалд холбогдсон сайдыг нь огцруулсан. Одоо хууль, хяналтынхан шалгаж байна. Зээл авсан гишүүдийг шалгаж байна. Тэр зээл авсан компаниудыг нь ч шалгаж байна. Удахгүй хэн нь буруутай нь тогтоогдоно. Би өөрөө прокурор, шүүгч, хуульч биш болохоор хэргийн талаар мэдээлэл алга.

-ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН 27 ГИШҮҮНИЙГ НАМААС ХӨӨХГҮЙ-

УИХ-ын 27 гишүүнийг намаас хөөнө гэдэг асуудал байхгүй. Ер нь бол намаас хөө, энэ болж бүтэхгүй байгаа нөхдөдөө хариуцлага тооц гэсэн шаардлагыг намынхан ярьж байгаа. Зарим хүнд намын хариуцлага тооцно. Та бүхэн удахгүй харах байх гэж бодож байна. Намын бага хурал удахгүй хуралдана. Намын бага хурлаараа энэ асуудлуудыг ярина. Нөхөр Я.Содбаатар хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Буруутай нь тогтоогдвол ажлаас нь хална. Хүнийг ажлаас халах шиг амар юм байхгүй.

 

Б.ЭРХЭС

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
иргэн Бүлгээ зангидаж чадаагүй Хаянг огцруулах нь зөв. Харин намаа зангидаж чадахгүй байгаа өөрөө яагаад баатар болоод байгааг ойлгодоггүй дээ
IP:203.91.119.66  2018-11-23 16:03:42
hi Hurelsuhiig demjij bna, sain tseverleed shahaad zailuulaarai, ta l hiij chadna, hiij chadahgui bol mongol uls mash hund bdald ulam oroh bolno,,,,
IP:49.0.219.77  2018-11-23 17:15:25
Zov Zov zov, bugdiin sonsloo. Amjilt husii Dee.
IP:49.0.219.77  2018-11-23 17:41:07
Z Hurelsukhiig demjij bna. Sain tseverleed ug. Bitgii ai, bit ard chin bna.!!! Shudrag os jaalna!!!
IP:203.217.139.225  2018-11-23 18:19:56
зочин Чи шүү, дэмжинэээээээээ эээээээ.
IP:202.55.188.36  2018-11-23 18:27:07
Амжилт Дэмжиж байна. Бас итгэж найдаж байна.
IP:43.242.243.35  2018-11-23 19:08:07
Зочин ХА ХА 950сая ₮-ийг мэдэхгүй байхад 60 тэрбумыг бас мэдэхгүй байж болно ш дээ
IP:103.212.116.195  2018-11-23 20:02:00
zochin Zorigtoi shudraga baij baij l Mafi nuran unana. Ugui bur gaihaad bhiin Mongol orniig gishgez gazargui shaham bolgoson ene avilgachid yundaa ulai uzsen.... shig dahin dahin ergeldeed bainaa/ ? Nohoil uvliin ideshnii daraa ingeed idesh hiisen gazraar ergeldeed bdgiig harsan yum bn! Hachin muuhai humuus ene horvood yaaj turj horvoo delhii yaaj daaj yavdag yum bol doo? Estoi heleh ug alga daa!
IP:202.179.26.4  2018-11-23 21:12:13
Хуцдаг халтар!!! Урваач шарваач хүрэлсүх худал чалчихаасаа ичээчээ. Чи харин аль залуудаа банкбг хүртэл дампууруулж 14 тэрбумыг хулгайлж казинодоод хамтрагчаа шоронд илгээж өөрөө энхбаяр энхболд нараас өвдөг сөгдөн гуйж уйлж ялгүй өнгөрчөөд одоо ямар ичихгүй улайрч бнаа. Чамд женко их юм заажээ. Улсыг төрийг намыг ард түмнийг мафи рекет аргаар биш эдвлэлдэн нэгдүүлж ухаанаар боловсролоор энэрэнгүй сэтгэлээр удирднаа чи андуураад бн женко та 2н булхайг зорилгыг ард түмэн мэдкү бга нь харамсалтай. Бүү хошгор ард !
IP:202.9.43.114  2018-11-23 21:59:40
Kkk Hurelsuh ardiin toloo shudraga es behjuulsend ene deereh hunii uur yuundaa hureed bgam boloo.
IP:49.0.218.248  2018-11-24 01:50:34
Nnnn En uuruu 300 sayin madhin unaad terbumin bairand amdardg oligarhi bishuu dain daijin bolod duusah videe
IP:174.212.20.76  2018-11-24 12:48:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.