УЛС ТӨРИЙН ТОЙМ: Ерөнхий сайд төрийн их ЦЭВЭРЛЭГЭЭ эхэлснийг мэдэгдэж, УИХ-ын дарга ЯРИЛЦЛАГА өглөө

2018/11/25
Share |
Хүмүүс:
УЛС ТӨРИЙН ТОЙМ: Ерөнхий сайд төрийн их ЦЭВЭРЛЭГЭЭ эхэлснийг мэдэгдэж, УИХ-ын дарга ЯРИЛЦЛАГА өглөө

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн өөрсдийн байгуулсан Засгийн газраа огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьснаар эхэлсэн долоо хоног шувтарч байна. Өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн үйл явдал өрнүүн байлаа. Засгийн газар нь унах, эс унахын заагт байгаа эгзэгтэй үед хийсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдэгдэл одоо ч олон нийтийн анхаарлын төвд байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг тойрсон асуудал ч намжсангүй. Улс төрийн жижиг нам, эвслүүд ч Засгийн газрыг огцруулах эсэх асуудалд байр сууриа илэрхийллээ. Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг парламент хүлээн авахаас татгалзсан нь дөрөв дэх удаагийн үйлдэл боллоо. УИХ-ын дарга М.Энхболдыг хууль зөрчсөн хэмээн үзсэн парламентын 32 гишүүн чуулганы хуралдаанаа орхин гарч, "ангийн дарга"-аа огцрохыг шаардлаа. Зарим албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө гээд өнгөрч байгаа энэ долоо хоногт улс төрийн үйл явдал их байлаа. Долоо хоногийн төгсгөлд буюу өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд МҮОНТ-д ярилцлага өгсөн нь мөн олон нийтийн анхаарлыг татаад байна. Ингээд энэ долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.      


  -МАН-ЫН ДАРГЫН ХУВЬД НАМАА, ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮНИЙ ХУВЬД ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХЭЭ МЭДЭГДЭВ- 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт /2018.11.23/ мэдээлэл хийлээ. Тэрбээр МАНАН бүлэглэлтэй хатуу тэмцэхээ илэрхийлж, УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаал, эрх мэдлээс нь чөлөөлөхөө дахин мэдэгдлээ. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдсон нөхдөд улс төрийн хариуцлага хүлээлгэж, хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдвол намын хариуцлага тооцохоо ч давхар санууллаа. Тэрбээр МАН-ын даргын хувьд намаа, Засгийн газрын тэргүүний хувьд төрөө цэвэрлэхээ мэдэгдсэн нь өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлын нэг байлаа.

Хамгийн гол нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллийнхээ үеэр хэд, хэдэн анхаарал татсан сэдвийг хөндөж, байр сууриа илэрхийлсэн явдал юм. Тэрбээр хоёр жилийн турш олон нийтийн анхаарлын төвд байгаа 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг тодотгосон нь анхаарал татлаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаа өг гэж шаардаж, огцор гэж хэлсэн. Та бол 60 тэрбумын хэрэгт холбогдсон хүн. Би өнөөдөр нэг зүйлийг албан ёсоор хэлье. Тэр 60 тэрбумын бичлэг гэдэг чинь үнэн шүү. Тэр яриаг М.Энхболд хийсэн нь үнэн. Тэр бол эвлүүлэг биш. Монголын төрийн албан тушаалыг хууль бусаар зарж, олох гэсэн энэхүү оролдлогыг тэр хийсэн үү, хийсэн. Ярьсан уу, ярьсан. Хэрэгжүүлсэн эсэхийг нь сайн мэдэхгүй байна.Үүнийхээ төлөө УИХ-ын дарга огцрох ёстой" хэмээн хэлсэн билээ. 

Харин сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудалд ч байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Зээл авсан хүмүүст хариуцлага тооцож байна. Төрийн албанд ажиллаж байсан зарим нөхдийг чөлөөлсөн. Цаашид ажлаас нь чөлөөлөх хүмүүс ч бий. Тэднийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Хүнийг бас хэлмэгдүүлж болохгүй. Гэм буруутай нь тогтоогдвол дахин хариуцлага тооцно. Монгол Улсын Засгийн газар 27 санд шалгалт оруулчихсан байгаа. Эхнээсээ идэж, уусан асуудлууд илэрч байна. Эхлээд сайн шалгах ёстой. Хэн буруутайг нь эхлээд тогтоох ёстой" гэх тайлбарыг өгсөн юм.  

Тэгвэл төрд шургалсан гэгддэг МАНАН бүлэглэлийн талаар ам нээсэн хоёр дахь Ерөнхий сайд боллоо. Учир нь, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс өмнө Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлж байхдаа "МАНАН бүлэглэлтэй тэмцэх болно" гэдгээ мэдэгдсэн байдаг. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАНАН бүлэглэл төрд шургалсан гэдгийг тодотгож, тэдний үр сад нь хүртэл төрийн албанд ажиллаж байгааг мэдэгдсэн юм. Тиймээс МАН-ын даргын хувьд МАНАН бүлэглэлийг төрөөс зайлуулж, хатуу тэмцэх болно гэдэг байр суурийг илэрхийлсэн нь одоо ч улс төрийн халуун сэдэв хэвээр байна.

-ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ АЛБАН БИЧИГТ НАМЫНХ НЬ 27 ГИШҮҮН ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ-


Улс төрийн хариуцлага хүлээж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Д.Хаянхярваа Засгийн газрыг унагахаар 27 гишүүний гарын үсгийг цуглуулж, УИХ-ын дарга М.Энхболдод өнгөрсөн даваа гарагт /2018.11.19/ өргөн барьсан нь онцлох үйл явдлын нэг байлаа. Албан тушаалаасаа огцорсон хариугаа Засгийн газрыг унагах албан бичгээр барьсан түүний саналыг сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлгийн есөн гишүүн дэмжихээ илэрхийлэв. Түүнчлэн парламентад МАХН-ыг төлөөлж суугаа ганц гишүүн болох О.Баасанхүү ч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах байр суурьтай байгаагаа мэдэгдсэн юм. /ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ/


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.