Хүмүүс: |
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгүүлчдийг тойруулан суулгаж байгаад улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ард түмэндээ дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн нь тэрбээр өөрийгөө ард түмний дунд байгаа гэдгээ харуулав. Нөгөө талаар түүнийг уухайлагчид нийгэмд чамгүй олон байгааг харж болно.
Харин Ерөнхий сайдын зориг шулуудсан энэ мэдэгдлийн шилийг даран УИХ-ын дарга М.Энхболд ч яаран сандран хэвлэлд хандлаа. Ингэхдээ тэрбээр сэтгүүлчдээс тавьсан асуултад бүдэрч шившгээ дэлгэхээс зайлсхийн ганцаараа сууж байгаад ярьчихлаа. Ийнхүү ганцаарчилсан тоглолт хийгээд ч цахим сүлжээг гацаахдаа тулж, ард түмэнд хараал зүхлийн үгээр булуулав. Улстөрд ганцаардаж, ард түмэндээ хэлэх үггүй болсон удирдагчийн төрх өөрийн эрхгүй тодорч байна лээ.
Төрийн эрх барих дээд байгууллагын дарга ард түмэндээ хандаж байгаа бол сэтгүүлчдээ тойруулж суулгаад ний нуугүй ярих ёстой байв. Гэтэл ноён М.Энхболд сүүлийн олон жил ард түмнээсээ тасарч, зөвхөн бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллажээ гэдгийг ч харж болно. Тийм дээ ч намынх нь рейтэнг өндөр авсан цагт Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг сөхөрч байгаа нь үүнийг гэрчилнэ. УИХ-ын даргын ганцаардсан байдал, ард түмний өмнө үгээ хэлэхээс зайлсхийж байгаа зэрэг нь айдсандаа “живж үхэхээс” наагуур байгааг харуулсан хэрэг.
Юуны өмнө тэрбээр “Би газар олгосон, зараагүй. У.Хүрэлсүхэд ч газар олгосон” гэх доройдуу үг өгүүлбэр ч яриан завсартаа хавчуулж байгаагаас харвал хатуу зарчим дээр нэгэнт гараад зогсчихсон Ерөнхий сайдыг ямар ч аргаар хамаагүй няцаах гэсэн арга ядсан зүйл.
Мөнхүү үеэр “Засгийн газар Эрдэнэт, Оюутолгой, Төмөр замын 700 тэрбум, АСЕМ, ЖДҮ-гийн асуудлыг шалгах ёстой ч чадахгүй байна, хийхгүй байна. Тиймээс УИХ ажлын хэсэг гаргаж шалгаж байна” хэмээн Монгол Улсад байгаа хууль бус бүх зүйлийн төлөөх “тэмцэгч”-ийн дүрд хувилж байгаа нь айдсаа өөр зүгт хандуулахыг хичээсэн хэрэг байх. Үүний зэрэгцээ ард түмний анхаарлыг ч өөр зүг рүү эргүүлэхийг оролдсон болов уу. Тэгэхээр ойрын түүх сөхөж, дээрх хууль зөрчсөн процесс хэрхэн хэзээ өрнөснийг аваад үзье.
С.Батболдод өвлүүлж өгсөн С.Баярын Засгийн газар буюу МАНАН бүлэглэл Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэн батлахад М.Энхболд УИХ-ын дэд дарга байв. Тухайн үед дэмжээд гаргаж байсан гэрээг өнөөдөр М.Энхболд тэргүүлэн шалгах гэж үү. Тэр тусмаа С.Баяр, М.Бадамжунай нарынхаа хийсэн гэмийг тэр илчлэх үү.
МАНАН бүлэглэлийн гол төлөөлөгч Ц.Элбэгдорж нар АСЕМ гээд мөнгө идэх схем зурж байхад тэр УИХ-ын дарга болчихсон байв. Түүний тэргүүлсэн парламент төсвийг батлаад гаргаж л байсан. Одоо тэгээд өөрийнхөө тэргүүлсэн парламент, МАНАН-гийн луйврыг өөрөө шалгах уу. Тэр тусмаа Ц.Элбэгдорж ба түүний нөхдийг шалгаж чадах уу.
“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын эзэмшилд байх 49 хувийг МАНАН бүлэглэл “гол” гаргаж байхад тэрбээр Засгийн газарт Шадар сайд, МАН-ын дарга, УИХ-ын гишүүнээр ажиллаж байв. Энэ асуудал нь хууль ёсоор тухайн үеийн Засгийн газар, парламентаар орж байж шийдэгдэх асуудал учраас аль аль талд нь байр сууриа илэрхийлэх эрх нь М.Энхболдод дүүрэн байсан ч тэр чимээгүй байсан. “Сахал” Д.Эрдэнэбилэг хэмээх халхавчаар МАНАН-гийн хувьдаа завшчихаад хэрүүл хийж байгаа “49 хувь”-ийг тэр шалгаж чадах уу.
Төмөр замтай холбогдох олон зуун тэрбум төгрөгийн асуудал ид дэгдэж байхад тэрбээр УИХ-ын бөгөөд МАН-ын дарга, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд явж байв. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас парламентийнх нь гишүүд мөнгө “гулгуулж” байхад УИХ-ын дарга өөрөө хаана байсан юм бэ. Гэтэл ийм олон хууль бус асуудал дэгдэж байхад байнга Төрийн өндөр дээд албан тушаал хашиж явсан өдгөөгийн УИХ-ын дарга маань загас мэт дуугүй байсан хэрнээ Ерөнхий сайдыг хариуцлага, шударга ёс яриад эхлэхээр гэнэт олон хууль бус үйлдлийг Засгийн газарт хамаатуулах гэсэн оролдлого хийв. Энэ бүгдийг шалгахдаа тулвал М.Энхболд өөрөө өөрийгөө шалгаж байж сая үнэн мөн нь тогтоогдох ийм л асуудал.
Ингэхдээ М.Энхболд “Өөрсдийг нь шалгах гэхээр шударга ёс хэмээн сүржин лоозогнож над руу бүх бурууг чихэж байна” хэмээн хэнэг ч үгүй залж байна. Харин ч шударга ёс тогтоох, төрд бугшсан хавдрыг анагаахаар зориг шулуудсан Ерөнхий сайдын эсрэг ажиллагааг индэр дээр гаргаж ирж байгаа нь энэ. Эцэст нь өөрсдийнхөө өдүүлсэн “60 тэрбум”-ын гэх хэргийг тагнуулаас сэргээн шалгаж байгаа, сайн шалгаад иргэдэд үнэн зөв мэдээллийг өг гэж хэлснээр ард түмний анхаарлыг өөр зүгт хандуулж, цаг хожих гэсэн ажиллагаагаа өндөрлөсөн. Түүний ярьсан бүхий л зүйлд тэр өөрөө ямар нэгэн сэжмээр холбогдох учраас өөрөө өөрийгөө шалгуулаад огцрох, гэмтэн болох тийм л гарц харагдаж байна.
С.Баяр