БАРИМТ: ЖДҮ-гийн автор нь Ж.Эрдэнэбат

2018/11/25
Share |
Хүмүүс:
БАРИМТ: ЖДҮ-гийн автор нь Ж.Эрдэнэбат

Олныг шуугиулаад, эрх мэдэлтнүүд хуваагаад “хусчихаад” байгаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан гээч анх 2009 онд байгуулагдаж байв. Анх байгуулагдахдаа энэ сангийн зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож байсан гэдэг. Гэтэл 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар “түр журам” гэгчийг баталснаар анх олгогдож байсан зээл огт өөр чиглэлээр явах эхлэлийг тавьсан нь баримтаар илрээд байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам гэгчийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 138 дугаар тогтоолоор баталжээ. Тухайн үед Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар П.Сэргэлэн ажиллаж байсан юм.

Өмнө нь банкаар дамждаг байсан бол түр журмын 1.5-д “Зээл олгохдоо банкаар дамжуулах, эсхүл сангаас шууд санхүүжүүлнэ” гэж нэмэн ЖДҮ-н луйврын үндсийг тавьжээ. Түүнчлэн нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээг хоёр тэрбум болгон өсгөсөн юм. Концессоос болж бүдэрсэн өмнөх засаг ЖДҮ-гийн луйврын үндсийг тавьсан нь ийнхүү тодорхой болов. Ж.Эрдэнэбат тэргүүтэй өмнөх засгийнхан жижиг, дундын зээл олгосон гишүүдэд хариуцлага тооцох, Засгийн газар үүргээ гүйцэтгэх чадаагүй гэж үзэн У.Хүрэлсүхийн засгийг тонгорохоор сүрт мэдэгдэл хийгээд удаагүй байна.

Одоогоор 21 аймгийн 500 гаруй бизнес эрхлэгч ЖДҮ-ийг хөгжүүлэх санд тус бүр 2-оос дээш удаа хандсан нь тодорхой болж төслийн шалгуур шаардлага хангасан тул холбогдох байгууллагуудад хандахаар болоод байгаа. Хэрэв хяналт шалгалтын ажиллагаагаар буруутай нь тогтоогдвол зээл авсан гишүүд, анх түр журам боловсруулсан П.Сэргэлэн, Ж.Эрдэнэбат нарт ч хариуцлага үүрүүлэх ёстой. Зээлийн шалгуурыг өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөн, арилжааны банкаар дамжуулах болгож өөрчилснийхөө төлөө тухайн үед Ерөнхий сайд, ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан хүмүүс ч тодорхой хариуцлага хүлээж ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Чухам ямар шалтгаанаар зүгээр олгогдож, хэвийн үргэлжилж байсан жижиг, дундын зээлд түр журам боловсруулахаар болов. Үүндээ тайлбар хийх ёстой. Хэрэв үнэхээр шударга бусыг жигшдэг, шударга ёсны төлөө ажиллаж байгаа бол Ж.Эрдэнэбат тэргүүтнүүд албан ёсны тайлбар гаргах ёстой.

Жижиг, дундын гэх тодотголтой сангийн эхлэл тэртээ 1992-1993 оноос эхлэлтэй. Тухайн үед АНУ-аас Монгол Улсад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний тусламж үзүүлэх хэлэлцээрийн дагуу тусламжийн шар тос, цөцгийн тосны борлуулалтын орлогоос жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлд зарцуулахаар Жижиг, дунд үйлдвэрийн хэлтэс гэгчийг Худалдаа үйлдвэрийн яамны дэргэд байгуулж байсан түүхтэй. Улмаар 2000 оны А/23 тоот тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг өөрийгөө санхүүжүүлж, бие даасан хэлбэрээр ажиллуулахаар шинэчлэн зохион байгуулсан байдаг. Үүүнээс хойш яг есөн жилийн дараа буюу 2009 оны нэг тоот тушаалаар “Хүнс, хөдөө ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны дэргэд “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдсан юм. Чиг үүргийн дагуу хэд, хэдэн яам дамжсан ч 2016 оноос эхлэн Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирсэн билээ.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох, туршлага солилцуулах, төрийн дэмжлэгтэйгээр ажлын байрыг би болгон, жижиг, дунд үйлдвэрийн зах зээлийг тэлэх гэсэн үндсэн гурван том зорилготойгоор энэ сан байгуулагдаж байж. Гэтэл үүнийг Ардын намын нэр төрөөрөө дэнчин тавин байж, монгол төрийн тогтвортой байдлыг алдагдуулан байж түр журам гарган өөрчилсөн нь хэний захиалга вэ? Чухамдаа үүнээс болж эрх баригч төдийгүй, парламентат ёс ганхах гэж үү?


ЖДҮ урьдаас бэлтгэсэн хавх байв уу?

ЖДҮ бол угтаа том улс төрчдийн тавьсан хавх байсан. Хэрэв уншигч та санаж байгаа бол УИХ-ын сонгуулийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын дарга З.Энхболд, Ардын намын дарга М.Энхболд нартай уулзсан. Чухамдаа сонгуулиар бодлого ярьж өрсөлд гэдгийг даалгасан боловч тоглоомын дүрэм, найруулгыг ярьсан гэж олон хүн харддаг. Хардах ч үндэстэй. Эрдэнэтийн 49 хувь, ЖДҮ-г өөрчилсөн түр журам, концесс гээд яг л өмнө нь тохирсон мэт өрнөсөн байдаг. Сонгуулийн сурталчилгаа, ялсан улстөрчдийг харсан ч найруулга нь тодорхой жүжиг мэт байсныг хэлэх нь илүүц биз. ЖДҮ гэх хавханд Ардын намын жижиг улс төрчид орсныг та бүхэн харж байгаа байх. Туг тахихад хотойх зүйлгүй, улстөрийн ямар нэгэн рейтинггүй нөхдүүд энэ дуулианд орооцолдож.

Хариуцлагыг зөвхөн зээл авсан улс төрчдөд үүрүүлээд зогсох бус, түр журмынхаа талаар нэгдсэн тайлбар хийж, өмнөх Засгийн газрын нэр бүхий сайд нар ч уучлал гуйх ёстой. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам гэгчийг нэн даруй цуцлах хэрэгтэй. Улс төрчдийн төлсөн зээлийг дахин хуваарилж, олон нийтэд нээлттэй, ил тод, шударга зарчмаар яг бизнес эрхэлж буй жирийн иргэдэд олгох ёстой. ЖДҮ-г хөгжүүлэх сангийн дэргэд олон нийтийн болон ёс зүйн дэд хороог байгуулан үйл ажиллагааны тайланг улирал тутам гаргаж, ЖДҮ-г хөгжүүлэх сангийн удирдлагуудыг ч ард түмэнд нээлттэйгээр сонгон шалгаруулах ёстой. Тэгж байж ЖДҮ сан яг байндаа тусч, Монгол төрийн өмнө үүсээд байгаа хямралыг гэтэлгэх нэг том үүсвэрийг тавина.

ЖДҮ бол Монголын улс төр ямархан хэмжээнд бохирдсоны тод илрэл. Засгийн газрын 27 сан ч мөн л ийм байгаа. Мөсөн уулын оройг ярихаас илүүтэй тээр доор бугшсан олон том систем хэргийг ил болгож, луйварчин улстөрчдөд хариуцлага тооцож байж эрх баригч нам, Монголын улс төр бүхэлдээ шинэчлэгдэнэ. У.Хүрэлсүхийн шударга ёсны сэлэм угтаа үүнд л чиглэх ёстой.


Э.Сүх


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Sain bnuu Sain shuugeed unen boo ter 2 too hatuu hariutslaga yrih heregtei,,
IP:49.0.218.164  2018-11-25 19:51:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.