Э.Энхболд: “O Couture” шоу сонгодог, гоёлын, гүнжийн даашинзны хэв маягийг тодорхойлно

2018/11/29
Share |
Хүмүүс:
Э.Энхболд: “O Couture” шоу сонгодог, гоёлын, гүнжийн даашинзны хэв маягийг тодорхойлно

“O Couture” брэндийн жил бүрийн уламжлалт загварын шоу “WONDERLAND FASHION SHOW-2019” нэртэйгээр арванхоёрдугаар сарын 1-ний өдөр таныг загварын ертөнцөд аялуулахаар бэлтгэж байна. Бид энэ талаарх мэдээллийг хүргэх зорилгоор “O Couture” брэндийн урланг зорьж, загвар өмсөгч Э.Энхболдтой ярилцлаа. Тэрээр “O Couture” брэндийнхээ зохион байгуулалт, маркетинг менежментийг хариуцдаг бол түүний гэргий, Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал брэндийнхээ үндсэн загвар, үйлдвэрлэлийг хариуцдаг.

 


МОНГОЛД ҮР АШИГ НЬ ҮЛДЭХ БИЗНЕС БОЛОН ХҮМҮҮСТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХЫГ ЗОРЬДОГ

-Тав дахь жилдээ тасралтгүй болж байгаа танай шоуны онцлог чухам юу байх бол гэдэг хүлээлт загварын хүрээнд хэдийнэ хүлээлт үүсгэжээ. Энэ жил ямар онцлогтой болох талаар эхлээд тодруулъя?

-Дизайнер Д.Отгонжаргалын төлөвлөснөөр эмэгтэй хүн бүрийн дотор хайр энхрийлэл хүссэн бяцхан охид оршиж байдаг, бяцхан охид бүрийн дотор гоо үзэсгэлэнтэй бүсгүй хүн оршиж байдаг гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьж байгаа. Товчхондоо бол хоёр ертөнцтэй бүсгүй гэсэн утга санааг илэрхийлнэ. Бүтээлийн хувьд сонгодог, гоёлын, гүнжийн даашинзуудаа сонирхуулна. "O COUTURE WONDERLAND FASHION SHOW-2019” гэж нэрлэгдсэн шоунд хүүхдүүдэд зориулсан хувцас бүтээл дэлгэгдэж байгаа нь энэ жилийн онцлог. Дуу алдам гайхамшигтай орчин, тайз засахаар бэлтгэж байна. Охид бүр бага байхдаа ээжийнхээ шүүгээнээс туфлийг нь гаргаж өмсөөд, гоёлын даашинзтайгаар өөрийгөө төсөөлдөг. Үзсэн хүүхэлдэйн киноноосоо тэр газарт очсон мэт сэтгэгдэлтэй үлддэг. Яг түүн шиг үлгэрийн орчин бүрдүүлнэ.   

-Загвар өмсөгчдөө сонгосон уу?

-Загвар өмсөгчдийн тухайд “O Couture” high fashion шоуны баримталдаг нэг зарчим байдаг. “Luxury high fashion” шоу гэдэг утгаараа Монголынхоохамгийн туршлагатай, чадвартай, топ гэсэн моделиудыг урьж, оролцуулдаг. Загвар өмсөгчдөө сонгосон байгаа. Хамгийн шилдгүүд оролцоно. Өмнөхийн адил.

-“Zaisan Hill”-д тайз засч, загварын шоуны орчин бүрдүүлэхэд хэр тохиромжтой санагдав?

-Бид ер нь монгол брэнд, монгол үйлдвэрлэгч, Монголд үр ашиг нь үлдэх бизнес болон хүмүүстэй хамтарч ажиллахыг зорьдог. Тэр ч утгаараа өмнө нь “Corporate”-д гурван жил дараалан шоугаа хийсэн. Жишээ нь, манай шоу хэзээ ч “Шангрилла”-д болж үзээгүй, үнэ өртгийг нь ч дийлэхгүй. Монголдоо мөнгө нь үлдэж, монгол хүнийг цалинжуулж байгаа байгууллагуудтай хамтарч ажиллая гэдэг үүднээсээ “Zaisan Hill”-ийг сонгосон. “Оюуны-Ундраа” группийн том бүтээн байгуулалт бидэнд маш их таалагдсан. Загварын шоу хийх бүх нөхцөл боломж тэнд бий.

 

 

-Энэ жил ямар байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа вэ?

-“Luxury event” шоу зохион байгуулахын тулд их хэмжээний зардал гардаг, тэр болгоныг жижиг, дунд үйлдвэрлэгчид, зохион байгуулагчид дангаараа хариуцна гэдэг одоогийн нөхцөл байдалд хүнд л дээ. Гэхдээ бид залуу хүмүүс  учир хүсэл мөрөөдөл, зорилго байна. Маш өндөр өртөг, мэргэжлийн зохион байгуулалт хийхийг шаардагддаг энэ нөхцөлд биднийг дэмжих, хамтран ажиллах хүсэлтэй олон байгууллага, брэндүүд, танил ах, эгч нар хамтран ажилладагт баярлаж явдаг. Тэдний хүчинд “O Couture” шоу жил ирэх тусам өргөжиж, дэвжин дээшилж байгаа гэдгийг ярилцлагаараа дамжуулан хэлж, хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлмээр байна. Platinium спонсороор тансаг зэрэглэлийн хотхон “Sky Garden Resedence” хамт олон, Golden спонсороор сайн сайхныг санхүүжүүлэгч “Голомт” банк, “APU” компани, мөн “Garden of eden” брэндүүд хоёр, гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. Silver спонсороор “Monnis Nissan”, Bronze спонсороор "LORIBLU Mongolian the daimond house", "Монос косметикс" ажиллан, дэмжлэг үзүүлж байна.  

Мөн  нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар, “Гэр” контент, EDUTV, Юнивишн, EON Club, Zindaa.mn сайтууд биднийг дэмжин, хамтран ажиллаж байна.

Ний нуугүй хэлэхэд, загварын шоу бол ашгийн бус арга хэмжээ. 100 хүрэхгүй тасалбар худалдаанд гарлаа гэхэд түүнээс цэвэр ашиг олно гэж хэзээ ч байхгүй. Ашиггүй хэрнээ ажиллаад байгаагийн гол шалтгаан нь бид нийгмийнхээ өмнө хүлээсэн хариуцлага гэж хардаг.

Загварын компанийн хувьд энэ нь бидний нэр хүндийн илэрхийлэл гэж үздэг.

 

 

“O COUTURE” FASHION ШОУГ “UNIVISION” ВИДЕО САНД БАЙРШУУЛНА

-Шоунд очихыг хүссэн хүмүүс хаанаас тасалбар авах вэ?

-100 хүрэхгүй тасалбар худалдаанд гарсан учраас нэлээн эрэлттэй байгаа. Манайх 99072244 утсаар захиалгаа авч, гэрт нь хүргэж өгч үйлчилж байна. Цөөхөн тасалбар учраас бид онлайнаар захиалга авах боломжгүй байсан.

-Үзэх хүсэлтэй ч тасалбар хүрэхгүй хүмүүсийн хувьд харамсалтай л юм?

-Тэр тухай санал, хүсэлт ирж байгаа учраас бид мэргэжлийн багт хандаж, “O Couture” fashion шоуг нэвтрүүлэг болгон бэлтгэж, “Univision” видео санд байршуулахаар болсон. Арванхоёрдугаар сарын 20-ноос үзэгчид үзэх боломжтой болно. Тэндээс загварт сонирхолтой охид, бүсгүйчүүд шоуг бүрэн эхээр нь үзэх боломжтой.

 

 

-Та загварын салоныхоо энэ их ажлын хажуугаар “Mongolian next top model” нэврүүлгийн шүүгчээр ажиллаж байгаа.  Шоунд оролцох нэг өөр шүүгчээр ажиллах бүр өөр байх л даа?

-Би өнгөрсөн хугацаанд гадаад, дотоодын олон  шоу, уралдаанд оролцжээ /инээв/.  Харин сүүлийн үед нэвтрүүлэг, шоунд оролцохоосоо илүүтэй шүүгчээр суудаг болжээ. MNTM шоу Монголд анх удаа зохион байгуулагдах гэж байхад “Боловсрол” суваг телевизээс шүүгчээр ажиллуулах урилга ирж байсан. Тухайн үед өөр ажил гарсан учраас хамтарч чадаагүй. Хоёр дахь дугаар дээр шүүгчээр ажиллах санал ирэхэд маш таатайгаар хүлээн авсан. Миний ажлын тохироо бүрдсэн гэх юм уу даа. Мөн “O Couture” брэнд гадны зах зээлээ анхаарч байсан үед “MNTM” шоуг гурван улсын хэмжээнд зохион байгуулна гэхэд миний хувьд, манай брэндийн хувьд таатай боломж гэж харсан.

Харамсалтай нь, саяхан “MNTM” шоуны шилдэг оролцогчдын нэг золгүйгээр хорвоогийн мөнх бусыг үзэж, бидэнд хүнд гарз тохиосон. Талийгаач зураг авалтын үеэр Өвөрмонголын загварын ертөнцөд үнэлэгдэж, ирээдүйтэй загвар өмсөгч гэж маш өндрөөр үнэлэгдэж, тэндхийн мэргэжлийн хүмүүс энэ талаар ярьж байсан.

Дэлхийн брэнд шоу MNTM үзэгчдэд загварын боловсрол олгож байгаа хамгийн том шоу гэж үздэг. Тиймээс хувь хүний хувьд шүүгчээр ажилласандаа маш их баяртай байгаа.

 

 

-“O Couture” брэнд Өвөрмонголын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн гэсэн. Энэ талаар та товч мэдээлэл өгөөч?

-2018 оны нэгдүгээр сард “O Couture” брэнд Хөх хотод “Cabi” брэндийнхээ нээлтийг хийж, загварын шоугаа зохион байгуулснаар тэндхийн зах зээлд албан ёсоор хөл тавьсан.  Арванхоёрдугаар сарын 1-нд “O Couture” шоугаа “Zaisan Hill”-д зохион  байгуулсныхаа дараа арванхоёрдугаар сарын 15-нд Хөх хотод “Чингис хаан” үзэсгэлэнгийн танхимд “O Couture”  шоугаа хоёр дахь жилдээ хийхээр төлөвлөж байгаа. Хөх хотод “Cabi” брэндийнхээ худалдааг маш амжилттай эхлүүлээд зогсохгүй 2019-2020 онд Хятадад брэнд дэлгүүрээ нээхээр төлөвлөсөн. Үндсэндээ загвараа гадны зах зээл рүү чиглүүлэхэд анхаарна.

“O Couture” шоу маань тав дахь жилдээ зохион байгуулагдаад түр завсарлаж байгаа. Энэ хугацаанд бид дараагийн жилүүдэд гадаадын зах зээл дээр high fashion шоугаа зохион байгуулахад илүү анхаарна. Хамгийн ойрын зорилго гэвэл Хятадын зах зээлд брэндээ таниулах ажил биднийг хүлээж байгаа.

 

Д.ЦЭЦЭГ



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bujin Amjilt
IP:94.239.109.128  2018-11-30 05:37:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.