Хүмүүс: |
Монгол улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 8 жил энэхүү суудалд тухласан нэгэн. Ардчилалын алтан хараацай хэмээх нэрийдлээр багагүй жиргэсэн тэрээр суудлаасаа буумагцаа энд тэндэхийн казино хэсэн зугаалж яваа нь олонд ил болоод буй. Харин тэрээр өнөөгийн төрийн тогтворгүй байдал юунаас болж буйг хамгийн ихээр гадарлаж буй нэгэн гэдгээ "Ам нээвэл" нэвтрүүлгийн үеэр бараг л хүлээн зөвшөөрөв. Хуулийн цоорхой ашиглан эрх мэдэлтнүүд өөрсдөдөө давуу тал олгон Монгол улсын баялгийг хувьдаа авч хуулийн байгууллагад хүртэл дарамт учруулдгийг тэрээр "Хулгайтайгаа хариуцлага тооцоод, тэрийгээ хуулиндаа оруулаад сургамж авсан бол ингээд явахгүй. Дээр нь манай том албан тушаалтан янз бүрийн хүмүүсийн араас хуулийнхан явахаар хонгил энэ тэр гэж ярьдаг байхгүй юу. Ер нь хуулийнхан том албан тушаалтны хойноос явна гэдэг яг хувь хүнийх нь үүднээс хуулийнханд ч халтай байхгүй юу. Хайрцаг дүүрэн нотлох баримтан дээрээ өөрөө чарлаад хэвтчихсэн өгөхгүй, хуулийнхныг ажил хийлгэхгүй ийм нөхцөл байдалд манай албан тушаалтнууд оруулдаг" хэмээн тайлбарлав.
Харин хуулийнхныг томилох асуудал дээр Ерөнхийлөгчийн нөлөө орж байсан эсэхийг лавлахад тэрээр "Хэрвээ тэр дээр буруу нөлөө орж байна гэж бодож байгаа бол хуулиа л өөрчилчих л дөө. Энэ тухай бид нар ярьдаггүй, хүмүүсийн хэрүүл болгоод байдаг учраас л тэнд нь хүмүүс автаад яг үндсэн асуудлаа бид нар хаяад байгаа байхгүй юу" хэмээсэн байна.
Монголын төрийн толгойд насаараа шахам суусан тэрээр албан тушаалтай байхдаа энэхүү жишгийг өөрчлөлгүй хэвээр нь үлдээж эрх мэдэлтнүүдэд ашигтай байдал бий болгосон нь Монголын өнөөгийн төрх бүрдэхэд томоохон нөлөө үзүүлсэн байж ч мэдэх юм.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn