УИХ-ын дарга М.Энхболдыг ОГЦРУУЛАХААР таван гишүүн суулт хийж эхэллээ

2018/12/06
Share |
Хүмүүс:
УИХ-ын дарга М.Энхболдыг ОГЦРУУЛАХААР таван гишүүн суулт хийж эхэллээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Б.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Л.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэжмэдэгдээд байна. Тэд Төрийн ордонд, УИХ-ын чуулганы танхимын үүдэнд суулт хийж, Үндсэн хууль зөрчсөн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардаж байна. Гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

-УИХ-ын таван гишүүн суулт эхлүүлж байна. Үндсэн хууль зөрчсөн тухайд УИХ-ын гишүүд бойкот хийх эрхтэй. Бид УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь, 26 гишүүн нэгдэж, ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан ч хуралдуулаагүй. Дээр нь 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол явуулаагүй. Түүхэндээ анх удаа УИХ-ын дарга өөрөө хуралдаанаа орхин гарсан. Чуулганыг өөрөө бойкотлосон. Тиймээс энэ хүн УИХ-ыг удирдах ёс зүйн чадамжгүй. Үндсэн хууль зөрчсөн. Бид огцортол нь чуулганы хуралдаанд суухгүй. Чуулганы танхимд ч тэмцлээ үргэлжлүүлнэ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Хуульд УИХ-ын даргыг хүндэтгэн үзэх шалтгаанаар албан үүргээ хүлээлгэж өгнө гэж тодорхой заасан байдаг. Хүндэтгэж үзэх шалтгаан нь иргэдийн шаардлага, хүсэлт юм. Аль ч сум, багт очсон хэлээд өгнө. Бид 14 хоног хүлээлээ, харлаа. Энэ хугацаанд тодорхой хэмжээнд төрийн ажил гацлаа. Өнөөдөр хүртэл ирээгүй гишүүдийн картыг хийж, чуулганы хуралдааныг эхлүүлсэн мэдээлэл байна. Энэ бол хуулийн том зөрчил. Энэ зөрчлийг таслан зогсоохыг шаардана. Хуульд заасан үндэслэлээр УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардаж байна. Өнөөдрөөс дараагийн арга хэмжээнд орж байна. 

 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-УИХ-д тааламжаараа оролцдог ганцхан хүн бий. Тэр бол Ерөнхийлөгч. УИХ-ын даргад чуулган болон байнгын хорооны хуралдааныг өөрийнхөө таатай цагт зохион байгуулдаг, тэгээгүй үедээ зугтах эрх байхгүй л дээ. Манай дарга бол өөртөө таалагдсан үедээ хуралдаанаа хийдэг, таалагдаагүй үедээ зугтаад алга болчихдог. Ийм л байгаа. Нийтийн сонсгол болон УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдааныг ард түмний өмнөөс шударга эрх ашгийн үүднээс хийе гэхээр хийлгэдэггүй даргатай болоод удлаа. Тиймээс энэ даргыг огцруулах тэмцлийг УИХ-ын гишүүд эхлүүлсэн. Энэ тэмцлээ МАНАН-гийн эсрэг гэж томьёолж байгаа гэж ойлгож болно.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Бид ганц л зүйлийг хэлж байгаа. Хуулийн байгууллагыг хэвийн үйл ажиллагаагаа явуулахыг хүсч байна. Хуулийн байгууллага улстөрчдийн гар хөлөөр хөдөлдөг баймааргүй байна. Сая болж өнгөрсөн хуралдаанаас харлаа. Хуулийн байгууллага Засгийн газрын асуудал босч ирэхээр гарч ирж, мэдээлэл хийж байна. Тэндээ шалгагдаж байгаа, шүүхээр шийдээгүй, мөрдөн байцаалтын шатанд яваа асуудлыг задалж байна. Ийм нөхцөл байдалд төрийн ажил гацах нь ойлгомжтой. Тиймээс УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байна.

 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

-УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн. Энэ үйлдэлдээ улс төрийн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой. Бид УИХ-ын даргыг албан тушаалаасаа буутал чуулганы хуралдаандаа суухгүй. Тэмцлээ үргэлжлүүлэх болно.

 

 

 

 

 


 

Б.ЭРХЭС



 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зз Батзандан Оюунэрдэнэ 2 бол жүжигчин гарууд ш дээ
IP:202.21.106.131  2018-12-06 18:50:45
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.