Хүмүүс: |
Монгол улсын төрийн тэргүүний албыг 8 жил хашсан хүний нэг бол Ц.Элбэгдорж. Тэрээр УИХ-ын дарга М.Энхболдтой, Ерөнхий сайд асан С.Баяр нартай нийлэн "МАНАН" хэмээх бүлэглэл үүсгэн өөрсөддөө ашигтай байдлыг бий болгон, эрх ашгаа хамгаалж буй нь өөрөө ёс зүйгүй үйлдэл гэдгийг өдгөө хэн хүнгүй мэдэх болсон. Энэ үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Гэтэл тэр яагаад тус суудалд сууж байх үедээ хариуцлага тооцдог хуулийн системийг бий болголгүй таг дараад явж одсон бэ?
Хууль хүчний байгууллагууд эрх мэдэлтнүүдэд захирагддаг гэдгийг тэрээр өөрийн яриагаараа нотлосон байдаг. Үүнийг тэрээр өөрөө бий болгосон. Харин тэрээр эдгээр байгууллагуудыг ашиглан ард түмэнд биш өөртөө хэрэгтэй зүйл хийснийхээ дараа суудлаасаа буусан бөгөөд өөрийнхөө хамгаалалтыг тийм ч амар сэтлэхийг хүссэнгүй бололтой. Суудлаасаа буусны дараагаар М.Энхболдыг Ерөнхийлөгчийн суудалд зүтгүүлж өөрийн хаанчлалыг үргэлжлүүлэхийг хүссэн тэрээр өдгөө гэнэт олон нийтийн өмнө гарч ирэн М.Энхболдыг цээжээрээ хамгаалан үхэн хатан тэмцэж эхэллээ.
Тэрээр хариуцлага тооцох хуулийн системийн тухай Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнөхөн хэлсэн байдаг бөгөөд түүний хэлснээр бол М.Энхболд ч тэр Ц.Элбэгдорж ч тэр Монголыг төрийн зүг дахин санаархах эрхгүй хүмүүс аж. Ингээд түүний 2017.07.06-ны өдөр хэлж байсан үгсийг сийрүүлье:
"Хамгийн түрүүнд л Хариуцлагын тухай хуулийг шахах хэрэгтэй. Ёс зүй, улстөрийн хариуцлага гэж байдаг. Улстөрд хүн алдаа хийсэн, тэр нь нотлогдсон, ард түмэн түүнийг нь ойлгосон байх юм бол тэр улстөрчийг улстөр рүү эргүүлж оруулж яах юм бэ. Бүх хуулинд, бүх журмандаа үүнийг оруулаад өгчих. Энэ бол хамгийн чухал сургамж юм. Ус руу нь битгий эргүүлж хий. Улстөрчийн хувьд улстөр нь ус нь юм. Алдаа хийсэн хүнийг тэр ус руу нь эргүүлж хийх хэрэггүй.Энэ юу гэсэн үг вэ гэхээр улстөрийн сонгуульд нэр дэвшихийг нь хориглочих. Улстөрийн албан тушаалд томилохоо хориглочих. Заримыг нь хуулиар хий. Заримыг нь намын дүрмээрээ зохицуул. Хариуцлагын асуудал ердөө л энэ.
Иргэний улстөрийн эрхийн тухай гээд хууль бас цаана нь байна. Энэ хуулийг заавал гаргах хэрэгтэй. Яг үнэндээ, таны, миний улстөрийн эрхийг улстөрийн намуудаар дамжуулаад булаагаад авчихсан. Чи улстөрийн намын гишүүн биш л бол улстөрийн эрх бараг байхгүйтэй адилхан. Сонгуульд оролцохоос өөр эрх байхгүй. Ингээд нам руу ороод ирэхээр намын эрх барьж байгаа цөөн хэд нь энэ эрхийг булаагаад авчихсан байх жишээтэй. Яг төрд гараад эрх баригч болоод ирэхээр эрх барьж байгаа цөөн хэсэг, фракц улстөрийн эрхийг булаагаад авчихсан байдаг. Үүнийг иргэний улстөрийн эрхтэй, ардчилалтай орон гэхгүй. Тэгэхээр тэр Иргэний улстөрийн эрхийн тухай хуулийг заавал батлуулах ёстой. Иргэд санал хураагаад тодорхой асуудлаар хууль санаачилдаг байж болно. Иргэд санал хураагаад тодорхой асуудлаар сумын засаг даргын шийдвэрийг өөрчилдөг эрхтэй байж болно. Ийм бүх боломжийг иргэддээ олгох хэрэгтэй. Тэгэхээр болохгүй байгаа зүйлийг л өөрчлөх гэж явах хэрэгтэй"
Ийнхүү тэрээр өөрийнхөө хэлсэн үгэнд өөрөө ороогдож эхэлсэн бөгөөд түүний хэлсэнчлэн Ц.Элбэгдорж ч тэр, М.Энхболд ч тэр Монголын төрлүү дахин санаархах эрхгүй хүмүүс аж. Шударга л бай л даа! Экс Ерөнхийлөгч өө.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn