Хүмүүс: |
Оны сүүлийн өдөр М.Энхболдод илтэд үйлчлэх болсон зарим мэдээллийн сайтуудад "МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх удаан хугацааны тэмцэлдээ цэг тавьж, УИХ-ын дарга М.Энхболдтой эвлэрсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар эвлэрэх санаачилгыг У.Хүрэлсүх намын даргын хувиар гаргаж, М.Энхболдод цагаан хадаг барьсан байж магад гэнэ. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нар Төрийн ордонд УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд 40 гаруй минут орчим ярилцсан байна" гэсэн мэдээ нийтлэгдэв.
Шударга ёсны төлөө тэмцсэн олон зуун мянган иргэд, тэр дундаа хасах 30 хэмийн хүйтэнд цугласан 30 мянган иргэний сэтгэл зүрх мохохоор, итгэл зүтгэл унтрахаар энэхүү мэдээллийг он солигдох мөч ойртох тусам сошл орчинд төлбөртэйгөөр маш хүчтэй түгээж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албанаас энэ талаар лавлахад "Ийм зүйл огтхон ч байхгүй. Илт ташаа мэдээллийг Ерөнхий сайдын нэрийг барин түгээсэн бололтой" гэсэн хариулт өглөө. МАН-ын хэвлэлийн албанаас лавлахад мөн л эрс үгүйсгэв.
УИХ-ын даргын нэрийн өмнөөс худал мэдээлэл цацав уу, эсвэл УИХ-ын дарга маань Ерөнхий сайдад хаягласан шинэ жилийн "мэндчилгээ" уламжлав уу гэдэг нь 2018 оны сүүлчийн таамаг болон үлдэж байна. Ямартай ч шударга ёсны төлөөх тэмцлээ эрчимтэй эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх ард түмнээсээ урваагүй, тэмцлээ үргэлжлүүлж байгаа гэдгийг албан ёсны эх сурвалжууд нотоллоо.
Д.Билгүүн