”МАНАН дэглэмийн эсрэг” жагсаал ӨЛСГӨЛӨН-гөөр үргэлжилнэ

2019/01/10
Share |
Хүмүүс:
”МАНАН дэглэмийн эсрэг” жагсаал ӨЛСГӨЛӨН-гөөр үргэлжилнэ

Өнөөдөр 12:00 цагт Д.Сүхбаатарын талбай дээр “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний сүрт жагсаал” болно. Төрийн түшээд нь түмэн олонтойгоо нэгдсэн энэ жагсаал амжилтад хүртлээ өндөрлөхгүй гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байгаа. Тэмцэгчид УИХ-ын дарга М.Энхболдыг МАНАН бүлэглэлийн сүүлчийн бөглөөс хэмээн нэрлэж, түүнийг огцрохыг шаардаж жагсаалаа суулт, өлсгөлөнгөөр үргэлжлүүлнэ гэсэн. Хэрэв УИХ-ын дарга огцрохгүй бол тэмцэгчид төв талбай дээр 100 цагаан гэр барьж, улс төрийн суулт цаашлаад өлсгөлөнгөөр тэмцлээ үргэлжлүүлэх юм. Тэмцлийн энэхүү хурц хэлбэрт шилжих хүсэлтээ илэрхийлээд байгаа 200 гаруй сайн дурын хүн байгаа юм билээ. Дээр нь УИХ-ын гишүүд ч өлсгөлөн зарлахад бэлэн байгаагаа зарлаад байна. Тэгэхээр өнөөдөр төв талбай дээр болох түмний сүрт жагсаалаас улс төрийн огцом эргэлтүүд гарч болзошгүй байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний сүрт жагсаал”-ыг зохион байгуулж байгаа. Тэд өнөөдөр төв талбай дээр 100 мянган хүн цуглуулаад зогсохгүй улс орны өнцөг булан бүрт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ удаагийн жагсаал өмнөх шигээ цуглараад өнгөрөх бус илүү өргөн хүрээтэй, шийдэмгий өргөх нь тодорхой байна. Ямартаа ч шаардах бичгээ өгөх гэж УИХ-ын даргын өрөөний хаалгыг нүдэж зогсохгүй нь ойлгомжтой боллоо.  

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэдтэйгээ хамт өлсгөлөн зарлана” гэж мэдэгдсэн. Тэрбээр “МАНАН дэглэм биднийг хэдий их доромжилно Монголын ард түмний тэмцэл төдий хэрээр эрчимжинэ. 2019.01.10-ны жагсаал шийдвэрлэх тэмцэл байх болно. Энэ жагсаал тарахгүй. Ялалтад хүртэл үргэлжлэх болно. Улс төрийн суулт болон өлсгөлөнгөөр үргэлжилнэ. Өнөөдөр олон зуун иргэн өлсгөлөнд оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Би УИХ-ын гишүүнийхээ хувьд иргэдтэйгээ хамт өлсгөлөн зарлана. Энэ улс орны төлөө хайран амь гэж байхгүй. Амиа өгөх ёстой бол өгнө” хэмээн хэлсэн. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “Бүх нийтийн жагсаал, цуглааны зорилго нь МАНАН дэглэмийн гол төлөөлөгч болсон УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа суудлаа чөлөөлөхийг шаардах явдал. Бид ялалтад хүргэх хүртэл тэмцэх болно. М.Энхболд огцрохгүй бол бид үргэлжлүүлээд хурц хэлбэрт шилжинэ. Бид М.Энхболд УИХ-ын удирдлагаас буулгаж,  шударга бусын хонгилыг нураана” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “2018.12.27-ны жагсаалаас өнгөрсөн 27 жилийн хугацаанд баялгийн тэгш бус байдалд итгэл алдарсан ард түмний хилэн хуралдсан болохыг ойлгосон. Тиймээс ард түмний хувьсгалын тохироо бий болсон байна. Өвөг дээдсээс өвлөсөн баялгаа хэдхэн гэр бүлд дахиж алдахыг ард түмэн хүсэхгүй байна” хэмээсэн. УИХ-ын гишүүдтэй ижил утгатай үгсийг өмнөх жагсаалын үеэр талбай дээр цугласан иргэний хөдөлгөөний төлөөлөгчид болон олны танил эрхмүүд, иргэд олон нийт хэлж байсан.

 

Тэгэхээр 2018.12.27-ны өдрийн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн жагсаалын хувьд үүргээ хангалттай биелүүлжээ. Энэ жагсаалаас олон нийт төд тайван замаар үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийн эрх чөлөөг мэдэрсэн гэхэд болно. Эсэргүүцлийн жагсаалд УИХ-ын гишүүд, улс төрийн нам, иргэний хөдөлгөөнүүд болон 100 гаруй төрийн бус байгууллага, 30 мянган иргэн оролцож, тэмцлээ тун зохион байгуулалттайгаар илэрхийлж чадсан. Өөрөөр хэлбэл, 30 мянган иргэн Төрийн ордон руу хандан “Энхболд зайл” хэмээн хашхирахдаа хэрэг зөрчил гаргаагүйгээр барахгүй, ширхэг тамхины иш хаяагүй юм даг.

 

Энэ удаад ч жагсагчид илүү зохион байгуулалттайгаар эсэргүүцлээ илэрхийлэх буй за. Урьдын адил хууль хяналтын байгууллагынхан жагсагчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, жагсаал болж буй хэсэг рүү металл илрүүлэгчээр иргэдийг шалган том цүнх, савтай хүн оруулахгүй байх, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж согтуу хүн нэвтрүүлэхгүй зэргээр ажиллах юм. Өмнөх жагсаалаар ингэж ажилласан нь тодорхой үр дүнгээ өгсөн шүү дээ. Харин өнөөдрийн жагсаалын хувьд илүү олон хүн тодруулбал 100 мянган хүн оролцох тооцоог зохион байгуулагчид хийгээд байгаа. Жагсаалд оролцохыг уриалсан олон янзын суртал ухуулга ч явах шиг боллоо. Иргэд ч илүү өргөн хүрээнд оролцохоо илэрхийлж байгаа харагдсан. Тиймээс л зохион байгуулагчид “МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний сүрт жагсаал”-аас 1990 оны хувьсгалтай дүйцэхүйц эсэргүүцлийн жагсаал болно хэмээсэн хэрэг. Харин 1990 оны жагсаал шиг үр дүнд хүрэх эсэхийг харах үлдлээ.

 

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.