Баривчилгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дайрах уу?

2019/01/17
Share |
Хүмүүс:
Баривчилгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дайрах уу?

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан 2009 оны намар засгийн өмнөөс голлох үүрэгтэй ажилласан гурван сайдын нэг бол С.Баярцогт. Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр 2018 онд яллагдагчаар татан, цагдан хорьж байв. Тэгвэл өчигдөр /2019.01.16/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтыг цагдан хорих тухай АТГ-аас прокурорт хүргүүлсэн саналыг хэлэлцээд, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргалаа.


С.Баярцогтод холбогдох хэргийг шалгах явцад хилийн чинадад үйлдэгдсэн байж болзошгүй шинэ баримт, нөхцөл байдал илэрсэн, энэ нь хувьцаатай холбоотой асуудал гэх албан бус мэдээлэл байгаа юм. 


2018 оны зургадугаар сард батлан даалтад гарсан түүнийг долоон сарын дараа дахин яллагдагчаар татаж, цагдан хорих болсон нь анхаарал татаж байна. Түүний араас Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарын асуудал ч босч ирэх үү гэдэг асуулт тавигдаж байгаа юм. С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулсан засгийг удирдаж байсан бол Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нар 2015 онд Дубайн төлөвлөгөөг баталсан албан тушаалтнууд. Тэднийг албан тушаалын давуу байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэсэн үндэслэлээр мөн шалгасан. Тэгэхээр өнгөрсөн хавар С.Баярцогтоор салхийг нь хагалж байсан Оюутолгойтой холбоотой баривчилгаа 2019 оны хавар давтагдах уу гэдэг асуулт энэ нөхцөлд эрхгүй дагалдаж байна.

 

 

  • Энэ удаагийн баривчилгаатай зэрэгцэн улс төр болоод эдийн засгийн ямар үйл явц өрнөж буйд анхаарал хандуулъя. Эрх баригчид талцсан энэ үед АТГ ээлжит улс төрийн чанартай акц эхлүүлэв үү гэх хардлага нэг талаас дагаж буй. Тэгвэл нөгөө талаас “Оюутолгой” компани дотоодоос эрчим хүчээ авах тохироонд хүрээд удаагүй байгаа энэ үед хөрөнгө оруулагч тал “Рио Тинто” Монголын улстөрчдөд нөлөөлж, гэрээ байгуулсан гэх агуулга дахин сэргэж байгаа нь анхаарал татаж байна.


Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Д.Тэрбишдагваар ахлуулсан Ажлын хэсэг шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн гэж Ажлын хэсгийн ахлагч өөрөө мэдэгдсэн.  Аудитын болон АТГ-ын дүгнэлт, санаа оноо хүлээгдээд байгааг мөн тэрбээр хэлж байсан. Аудитын байгууллага  гүний уурхайтай холбоотой тоо, дүгнэлт гаргаж өгөх ёстой бол АТГ хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хууль бус асуудлууд юу байгаа талаар холбогдох мэдээллийг Ажлын хэсэгт хүргүүлэх ёстой. Тэгвэл АТГ алхам хийж, прокурорт санал хүргүүлснээр, шүүх С.Баярцогтод холбогдох асуудлыг хэлэлцэн, хорих шийдвэр гаргалаа.


Дашрамд өгүүлэхэд, С.Баярцогтыг  өнгөрсөн жил АТГ-аас баривчилсны дараа гадны хэвлэлүүд, тухайлбал “Ройтерс” мэдээлэхдээ “Швейцарь Улсын Ерөнхий прокурорын газраас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд С.Баярцогтыг 2008 онд 10 сая ам.доллар шилжүүлэхэд ашигласан банкны дансыг битүүмжилсэн гэх мэдээлэл байна. С.Баярцогт 2009 онд Канадын Айванхое Майнз компанитай Монгол Улсын нэрийн өмнөөс томоохон уурхайг хөгжүүлэх гэрээ байгуулж, хувьцааны 66 хувийг нь энэ компанид олгожээ. Айванхое Майнз компани нэрээ Туркойз Хиллс Ресурс болгон өөрчилсөн бөгөөд түүнийг Англи-Австралийн уул уурхайн Рио Тинто эзэмшиж байгаа юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаагүй бөгөөд Дубай хотод 2015 онд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хиллс, Рио Тинтогийн хооронд байгуулсан далд уурхайн олборлолтын санхүүжилтийг мөн шалгаж байгаа юм байна... Оюутолгойн уул уурхайн төсөлтэй холбоотойгоор С.Баярцогт руу шилжүүлсэн байж болох сэжигтэй гүйлгээг шалгаж байгаа боловч уг асуудалд Рио Тинтог ямар нэгэн байдлаар буруутгаагүй гэж Швейцарийн Прокурорын газраас мэдээллээ” гэж байв.


Харин С.Баярцогт өөрөө хэвлэлийн хурал хийхдээ “АТГ, Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагатай хамтран над дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Би үүнд баяртай байгаа. Манайхан дотоодын шийдвэрт итгэдэггүй. Тиймээс гадны байгууллагатай хамтрах замаар асуудлыг нэг талд гаргана гэсэн хүлээлттэй байна” гэж байв.


Энэ удаа С.Баярцогтыг баривчилсан нь түүний ХҮЛЭЭЛТЭД өгсөн хариулт болж харагдаж байна. С.Баярцогтоор эхэлсэн баривчилгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дайраад өнгөрөх үү гэдэг нь шинэ ХҮЛЭЭЛТ үүсгээд байна.

 

 

 

 

 

 

 

Э.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Bayartsogt bol oilgomjtoi. Ebi ah oilgomjtoi. Bayar bol hamgiin turuund bas yavah yostoi hun.
IP:73.246.178.99  2019-01-18 22:34:25
Zochin Odoo er ni iim eree tseergui idej uusan, torgui met aashildagaa bolih heregtei. Toriin suld gedeg chini hatuu shuu, tegj hamaagui togloj, nulimj boldoggui um. Mash ih shutej, ariun bailgah yostoi zuil shuu dee.
IP:73.246.178.99  2019-01-18 22:36:44
Zochin Bayr zebvvn bolohooroo bvh notoloh barimtaa ustgasan bh. Bvh hamaatan sadaniig n hamruuladag huulia gargaval bugd shorond bhoo. Ugaasaa busad orond bas tiimerhuu huuliin zaalt zцndцц bdg ym bnlee. Abgai huuhedtei n zug horidog.
IP:95.90.244.213  2019-01-21 00:31:43
Z Ed nar bugdeeree US-d unetei duuregt House-buudtai. Huuhduud ni bugd aldaryai surguuliudad sursan baidag. Toriin albanii agiltnuud yamar mongooroo tiim unetei house-nuud avch, bas unetei tolbor toloh bilee. Bayar-n house-nuud, Bayartsogtiin house-nuud, Saihanbilegiin house-nuud bugd huuhduud bolon, hamaatnuudiinh nibner deer baigaa.
IP:98.169.35.210  2019-01-21 01:36:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.