ЭМГЭНЭЛ

2019/01/23
Share |
Хүмүүс:
ЭМГЭНЭЛ

 

ЦЭНДИЙН АДЪЯА /1921-2019/

Монгол Ардын Нам, Монгол төрийн нэрт зүтгэлтэн Цэндийн Адъяа 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр өвчний улмаас таалал төгссөнд  гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

      Цэндийн Адъяа нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг “Сүүл толгой” гэдэг газар 1921 оны гуравдугаар сарын 01-нд малчин ард Дамба, Цэнд нарын 10 дахь хүү болон мэндэлжээ. 1938 онд Улаанбаатар хотод сувилагчийн курс, 1949-1954 онд Намын шинэ хүчний сургууль, 1962-1965 онд Зөвлөлт Холбоот Казахстан улсын Намын дээд сургуулийг ХАА-н эдийн засагч мэргэжлээр төгссөн юм.   

          Тэрээр 1938-1941 онд Төв аймгийн Цогтчандмань, Баян-Овоо, Аргалант сумдын эмнэлэгт сувилагч, бага эмч, эрхлэгч, МХЗЭ-ийн үүрийн дарга, 1950-1958 онд Дундговь аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга,1958-1962 онд Архангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга, 1966-1971 онд Завхан аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1971-1981 онд Төв аймгийн Намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1981-1982 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, 1982-1985 онд БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 1985-1990 онд Хотын захиргааны харъяа өндөр настны үйлдвэрт даргаар тус тус ажиллаж байжээ.

          Ц.Адъяа нь 1941 онд Ардын хувьсгалд цэргийн албанд татагдаж, Цэргийн ерөнхий сургуулийн офицер, Хэнтий аймаг дахь зургаадугаар морин бригадад салаан захирагч, ротын даргаар ажиллаж, дэлхийн хоёрдугаар дайны үеэс эхлэн армид 9 жил алба хаажээ. Цэргийн алба хааж байх үедээ Хэнтийгээс Алтайн цаадах Үенч хүртэл морин маршад нэр төртэйгөөр оролцож байсан юм.

          Тэрбээр Ардын их хурлын депутатад таван удаа, Монгол Ардын Намын Их хуралд төлөөлөгчөөр 10 удаа, Намын төв хорооны бүгд хурлын гишүүнээр гурван удаа сонгогдож байв.

          Нам, төр засгаас түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хоёр удаа, Цэргийн гавъяаны одон, Алтангадас одон хоёр удаа болон бусад төрийн одон медалиар шагнаж байсан бөгөөд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин юм.

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Ардын Намын ахмад ажилтан Цэндийн Адъяагийн бүтээлч, оюунлаг, ажилч хичээнгүй зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд гэрэлтэн орших болно.

 

 

 


 


УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНХОНГОР СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.