Г.Занданшатар албан ёсоор УИХ-ын ДАРГА боллоо

2019/02/01
Share |
Хүмүүс:
Г.Занданшатар албан ёсоор УИХ-ын ДАРГА боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэн 95.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын даргаар сонголоо.


Г.Занданшатарыг өчигдөр /2019.01.31/ МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжиж, улмаар УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжээд байсан ба Төрийн байгуулалтын байнгын хорооноос мөн 100 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлсэн юм.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Г.Занданшатараас сонирхсон асуултдаа хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын шинэ дарга парламентын эв нэгдлийг хангах нь чухал болохыг сануулаад, “Эв нэгдлийг хангах чиглэлээр юу хийхээр төлөвлөсөн бэ” хэмээн асуухад УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Засаглалын бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт Үндсэн хуульд байдаг. Төрийн түшээд бид нийгмийн эрэлт хэрэгцээ, ард түмний дуу хоолойг илэрхийлэгч байх ёстой. Тиймээс өнөөгийн нийгэмд үүсээд байгаа шударга ёсыг хүсэмжилсэн эрэлхийлэлд тулгуурласан эв нэгдэл парламентад байх ёстой гэж үзэж байна. Нэгдүгээрт ард түмний эрх ашгийг тавьж, хоёрдугаарт улс төрийн эрх ашгийг тавьж ажиллана. Энэ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө бид нэгдэж ажиллах хэрэгтэй байна. Тиймээс парламентын хамгийн гол ажил Үндсэн хуулийн өөрчлөлт байх ёстой” гэсэн хариулт өглөө.


Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “УИХ-ын даргын асуудлаас үүдэн чуулган 40 хоног гацсан. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс чуулганы хугацааг сунгах санал гаргасан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?” хэмээн асуухад УИХ-ын даргад нэр дэвшиж буй Г.Занданшатар “УИХ-ын Тамгын газар, намын бүлгүүдийн саналыг харгалзан чуулганыг 14 хоног сунгах эсвэл ээлжит бус чуулган зарлах учиртай. Ер нь цаг үеийн тулгамдсан олон асуудлыг цэгцлэх учиртай. Тиймээс ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага гарч болзошгүй гэж үзэж байна” хэмээн хариуллаа.


Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Г.Занданшатарт нэг сайн чанар бий. 1970-аад онд төрсөн. Шинэ цагийн улстөрч гэдэг утгаар нь би дэмжинэ. Гэхдээ гурван сул тал бий. Уг нь сайн залуу. Гэхдээ Т.Бадамжунай, Б.Хурц хоёртой дэндүү ойр доо. Сонгогдсоныхоо дараа МАНАН бүлэглэлтэй нийлээд явчихвал Монгол чинь хохирно шүү. Би өөртэй чинь нөхрийн хувьд их ойрхон байдаг хүн. Сая Г.Занданшатар жагсагчдын аюулгүй байдлыг хангахад их тус болсонд талархаж байна. Иргэд олон нийт биднээс эрс өөрчлөлтийг хүсч байгаа. Бүх баялагаа хулгайд алдчихсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгайд алдчихсан. Би таныг Монголын түүхэнд сайн УИХ-ын дарга болох байх гэж итгэж байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг Төрийн ордны хажууд байгаа банк ашиглаж байгаа. Өчигдөр би Ерөнхий сайдтай уулзсан. Г.Занданшатарыгаа дэмжээд өгөөрэй гэж гуйж байна билээ. Би таныг зоригтой ажиллахыг шаардана. Томилогдсоныхоо маргааш авлигын хонгил бий болгосон нөхдүүдийг үтэр түргэн солихыг шаардана” хэмээн байр сууриа илэрхийлэв.


Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир "УИХ-ын дарга Ерөнхийлөгчид дөрлүүлж болохгүй" гэх утгатай зүйл хэллээ. Тэрбээр “Та УИХ-ын дарга болж, Үндсэний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн болно. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгч болчимгүй мэдэгдэл хийх боллоо. Цол дагаж бяр гэдэг. Гэтэл Ерөнхийлөгч маань хууль ямар хамаатай юм гэж ярьж байна. Та ийм хүнтэй хамтарч ажиллана. Ерөнхийлөгч бид хоёр нэг тойрогт өрсөлдсөн. Ор үндэслэлгүйгээр хүн гүтгэх юм. Ингэж болчимгүй гүжир гүтгэлэг хийдэг хүнтэй Та ажиллах боллоо. Та хатуу байр суурьтай байхгүй бол дөрлүүлээд явчих вий. Та Ерөнхийлөгчтэй нэг нутгийнх. Хоорондоо хуйвалдаж болохгүй. Баянхонгорчууд төрийн эрх мэдлийг барьж байхад улс орон уруудсан гэдэг үгийг монголчууд сонсохыг хүсэхгүй байгаа. Тэгэхээр ҮАБЗ-ийн гишүүний хувьд эрх мэдлийнхээ эрэмбийг зөв ойлгож, хэн нэгний нөлөөнд автахгүй ажиллах учиртай шүү” гэж захилаа.


УИХ-ын гишүүн М.Билэгт “Манай Баянхонгорынхны хувьд түүхэн мөчлөг тохиож байна. Төрийн гурван өндөрлөгийн хоёр нь Баянхонгорынх болж байна. Г.Занданшатар гишүүнд УИХ-ын даргын албыг хаших туршлага байгаа. Занданшатар гишүүний аав Гомбожав гуай 1950, 1960, 1970-аад онуудад сум нэгдлийн даргаар ажиллаж байсан юм. Гомбожав гуай одоо хүртэл ахмадуудын дунд үлгэр домог шиг дурсагдаж байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүн байв. Тиймээс эх орон ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг тогтоох тангарагтаа үнэнч байж ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм.


УИХ-ын гишүүн С.Жавхлан “УИХ-ын дарга хөтлөгч шиг зоригтой эрэмбэтэй байгаарай гэж хүсч байна. Та Монголын хүн боллоо. Монгол Улсад 650 гаруй багц хууль байна. Цааш нь задарвал хэдэн чингэлэг болно. Энэ хуулиудыг хүмүүсийн амьдралыг хохироодоггүй болгон цэгцэлж ажиллаарай” хэмээн захилаа.


 

ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР

Монгол Улсын Их Хурлын дарга

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

1987 онд       10 жилийн 77-р дунд сургууль

1992 онд       ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч

2012 онд       ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

 

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1992-1995 онд         Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш

1995-1998 онд         Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,

1998-2000 онд         Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн

2000-2003 онд         “ХААН” Банк Дэд захирал

2003-2004 онд         Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд

2004-2008 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008-2012 онд         Монгол Улсын Их Хурлын гишүүн

2009-2012 онд         Гадаад харилцааны сайд

2012-2013 онд         Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2013-2015 онд         АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач

2016 оноос   Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017-2019 онд         Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

2019 оноос   Монгол Улсын Их хурлын дарга

 

ШАГНАЛ

2004 онд       “Санхүү Банкны тэргүүний ажилтан”

2006 онд       “Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”

2009 онд       “Алтангадас” одон

2011 онд       “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”

 

ГАДААД ХЭЛ

Англи, Орос

 

 

 

 

М.Бүүвэй

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин ХА ха. АН-ынхан хөөрхий Занданшатарын гараар могой бариулахаар улайрчээ.
IP:66.181.183.29  2019-02-01 23:09:42
Bodonchir Gahain tooroi
IP:174.221.22.142  2019-02-03 10:38:56
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.