П.Анужин: Эхний бичлэг эцсийнх болох учиртай байж!

2019/02/11
Share |
Хүмүүс:
П.Анужин: Эхний бичлэг эцсийнх болох учиртай байж!

Өнөөдөр Монголын ард түмэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсантай салах ёс гүйцэтгэж байгаа билээ. Нэрт найрагчийг сүүлчийн замд үдэх ёслол Улсын драмын эрдмийн театрт болж өнгөрсөн бөгөөд түүнийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүлд нь нутаглуулах юм. 

Үүнтэй холбогдуулан "Монгол Тулгатны Зуун Эрхэм" төслийг санаачлагч П.Анужин түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн ийнхүү дурсамжаа сийрүүлэн бичжээ: 

Үүр цайхад Өнжүүлээ та минь зорино! Үргэлжид үүл адил хуруулах тамхины тань утаа хамарт цоргиж, түүх хөврөөж, би хөрвөөнө.

Учиргүй зүйл үгүй гэх, үнэхээр л тийм юм. Монгол Тулгатны хамгийн анхны зочин бол Буриадын алдарт уран барималч Даши Намдаков байсан билээ. Өөрөөр хэлбэл "Монгол Тулгатан" төслийн хамгийн анхны мотор түүний дугаарыг бүтээхийн төлөө асч байсан. Түүх сөхвөөс, кино үйлдвэрт сүндэрлүүлсэн сүрлэг тайз маань хараахан дуусаагүй, будаг шунх нь хатаагүй ханхалж байхад зочин маань Лондонгоос буучхаж байсан. Анхны зочноо авчрахад овоо хэмжээний зардал гарч, нэвтрүүлгийн санаачлагч, продюсерын хувьд бүгдийг шийдэж мотороо асааж, төслөө эхлүүлж байлаа.... Шинэхэн тайз, шинэ баг, шинэ камер, хамгийн гол нь цоо шинэ хоёр хөтлөгч. Бид хоёр хоёулаа телевизийн салбарын улс биш. "Мотор" гэх дохионоор Лхагва ах руу хартал хирийн сандардаггүй, хашир хүн нэлээд тэвдүү харагдсансан. Тэр өдөр бол, агуу найрагч хийгээд эрс өөр мэргэжилтэй энгийн нэгэн бидэн хоёрын " хөтлөгч" болсон өдөр билээ! Мартахын аргагүй.

Бид хоёр зочдоос юу асуухаа хоорондоо огт ярьдаггүй онцлогтой байсан, тэр л барилаараа олон дугаараа бүтээсэн. Өөр өөрийн өнгө намбаар, танхайдуухан туучаад гардаг байж.

Бидэн хоёрыг телевизийн хөтлөгч болгосон тэрхүү дугаар цаг хугацаанд бүтээгдсээр Лхагваа ахыг тэнгэрт халихын өмнө өдөр түмнээ цацагдаж, түүнийг минь үджээ! Эхний бичлэг эцсийнх болох учиртай байж! Дашийн дугаарт яриа дүрс минь баларсан ч болж өнгөрсөн түүх, яриа, дүрс, хөдөлмөр бүхэн минь та бидэн хоёрын сүнс, сэтгэлд оршин буй! Хийж туулсныг хэн ч үгүйсгэхгүй. Хэн юу гэх хамаагүй, хэн юуг хэрхэн үгүйсгэх ч хамаагүй! Та бидэн хоёр л үнэнээ мэдэж, үйл жаргалаа хувааж, түмэн үзэгчийн өмнө тэс өөр хоёр өнгө нэгэн цул болж очсон юм байна!

Өнжүүлийн талд шүлэг найргийг тань сонсож, Зоргол хайрханы өвөрт хүүрнэн суух эдгээр зураг ихийг өгүүлнэ...

Төөрөг тавиландаа Талархъя уу! 
Таныг нөмөрлөж түүх туурвисны учир! 
Тандаа ихээр Талархъя уу! 
Хат сууж, ухаан тэлээсний учир!

Өнжүүлээс урган өндийж Өнжүүлдээ уусав та минь! Уусч найрахын орчлонд бүтээхийн тэнгэр дор нэгдсэн та бидэн хоёрын түүх Гэгээн!

 

Image may contain: 1 person, smiling, outdoor

 

Image may contain: 1 person, mountain and nature

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.